2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ
          2007 оны 7 дугаар сарын 05 өдөр                                                                                                                                                                 Улаанбаатар хот

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай
холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар

    Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж, үйл ажиллагаа явуулсан 2004 оны 6 дугаар сараас хойш анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр Төрийн албаны тухай хуулийг баримтлан шийдвэрлэгдсэн захиргааны хэргүүдтэй танилцаж, шүүхийн пактикийг судлаж үзлээ. 

    Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхүүд төрийн жинхэнэ, улс төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр огцруулсан, халсан, чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн, сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан, сонгон шалгаруулалтыг буруу явуулсан тухай маргаантай 148 хэргийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэжээ. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн нийт шийдвэлэсэн хэргийн 13.6 хувийг эзэлж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой маргаан цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. 

    Судалгаанаас үзэхэд шүүхийн харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэх, шүүх нотлох үүргээ бүрэн биелүүлэхгүй байх, хуулийг оновчтой зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн зэрэг шалтгаанаас шүүхийн шийдвэр өөрчлөгдөж, хүчингүй болжээ.

    Иймд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны хянан шийдвэрлэхдээ дараах зүйлийг анхаарах нь зүйлтэй гэж үзэж Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэлэн ЗӨВЛӨМЖЛӨХ нь:

    1. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн болон ерөнхий харьяаллын шүүх аль аль нь хянан шийдвэрлэж байгаа тул энэ төрлийн хэргийн шүүхийн харъяаллыг зөв тогтоох нь чухал юм.

    Үүний тулд ажил олгогч, /Төрийн болон захиргааны байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар/ ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ1  байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Нэг талаас ажил олгогч нөгөө талаас ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.

    Хөдөлмөрийн гэрээгүй, сонгууль, томилолт, эрх олгосноор ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байх нь зүйтэй. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6-д төрийн албан хаагчийн ангиллаас хамаарч тэдний эрх зүйн байдлыг зохицуулах хууль, тогтоомжийг ялгамжтайгаар заасныг анхаарч, хэрэглэх хуулиа оновчтой сонгох шаардлагатай юм. 

    Түүнчлэн Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон төрийн албан тушаалийн ангилал, төрлийг тогтоосон Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолуудыг сайтар судалж, шүүхийн харьяаллыг зөв тогтоож байвал зохино. 

    2. Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар төрийн албан хаагчийн маргааныг хянан шийдвэрлэснийхээ төлөө шүүхэд хариуцагч болохгүй. Гэтэл шүүх түүнийг хамтран хариуцагчаар өөрөө санаачлагаараа татаж байгаа буруу жишгийг таслан зогсоох шаардлагатай.
    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар төрийн албаны зөвлөл өөрөө бие даан гаргасан анхны шийдвэр болон төрийн албан хаагчдын эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар нийтээр дагаж мөрдөх заавар, журам гаргасныхаа төлөө захиргааны хэргийн шүүхэд шууд хариуцагч байж болно. 

    3. Захиргааны эрх зүйн харилцаанд орж байгаа нэхэмжлэгч, хариуцагчийг заавал “төрийн жинхэнэ албан хаагч” буюу төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагч байна гэж хязгаарлаж болохгүй. Үүнд: Төрийн улс төрийн албан хаагч мөн адил хамаарна. 

    4. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд албан тушаалаас нь чөлөөлөх, түр чөлөөлөх, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, 24 дүгээр зүйлд төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албанаас халах, 26 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл, журмыг тодорхой заажээ.

    А/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд: 

    -тухайн албан тушаалтны албан тушаал, ажлын байрны тодорхойлолт байгаа эсэх, түүнд талуудын эрх, үүргийг хэрхэн тодорхойлсныг;

    -уг ажлын байрны тодорхойлтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгааг, төрийн албанд баримтлах зарчмыг хэрэгжүүлээгүй, тогтоосон горим, журмыг зөрчсөн байх тохиолдлын шинж байдлыг харгалзан нотлож тогтоосон байх хэрэгтэй. 

    Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан үндэслэлээр арга хэмжээ авах гол шалгуур нь эрх бүхий этгээдээс авсан мэргэшлийн шалгалтын дүн, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ын дагууд хийсэн үнэлгээгээр албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон байх ёстой. 

    Б/ Хуулийн 24 дүгээр зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд гол нь тэтгэвэрт гарах насыг зөв тогтоох явдал юм. Үүний тулд иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримтыг  эсхүл архивын лавлагааг хэрэгт заавал хавсаргасан байх шаардлагатай. 

    Мөн зүйлийн 24.2-т зааснаар Төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэй гаргасан эсэх, түүнийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн, хариу өгсөн эсэхийг шүүх нотолсон байвал зохино. 

    Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах талаар хүсэлтээ албан ёсоор гаргаагүй нь захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл болно. 

    Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг  бусдын шахалт шаардлагаар  бус зөвхөн тухайн этгээд өөрийн санаачилгаар, бичгээр гаргасан байна. 

    Бичгээр гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авч үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв захиргааны байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдол, нэхэмжлэл гаргасан тохиолдолд уг асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэнэ. 

    В/ Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ын өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4, 15.4.13-д заасны дагуу ойлгож хэрэгжүүлнэ. 

    Төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлээр хориглосон үйлдэл, үйл ажиллагаа хамаарахгүй. Харин материаллаг хуульд зарим албан тушаал, түүнд хориглох үйл ажиллагааг нарийвчлан заасан эсэхийг анхаарах нь зүйтэй.

    Мөн хуулийн 26 дугаар зүйлийн “албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт төрийн албан хаагч албаны үүргийнхээ заримыг болон бүгдийг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн аль алийг нь хамааруулна. 

    “Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалтны албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй үйл ажиллагаа гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтоор хориглосон /Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн заалт үүнд хамаарагдахгүй/ үйл ажиллагаа явуулсан, эрх, албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн зэргээр албаны болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар ойлгох нь зүйтэй.

    Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэдгийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байхын дээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацаа, журмыг хатуу баримтлах хэрэгтэй. 

    5. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацаа, журмыг анхаарах нь чухал. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлүүдэд өөр өөрөөр зохицуулсан. 

    Тухайлбал мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “… сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг “мэдсэн”-ээс хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гомлоо гаргаж байхаар”, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “… ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзвэл гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор, уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд 15 хоногийн дотор тус тус гаргана” гэж заажээ. 

    Иймд Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд мөн зүйлийн 26.8-д заасан хугацаа, журмаар, харин хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эсхүл халагдсан тохиолдолд хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасан хугацаа, журмыг баримтласан эсэхийг анхаарах нь зүйтэй. 

    Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрийг “хүлээн авсан”-аар гомдол гаргах эрх үүсдэг бол төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг “мэдсэн” өдрөөс хойш 1 сарын дотор холбогдох этгээдэд гомдлоо гаргах эрхтэй. 

    “Мэдсэн” гэдгийг шийдвэрийг зохих албан тушаалтанд танилцуулсан буюу нэг хувийг нь өгсөн, ингэж албан ёсоор түүнд хандаагүй ч арга хэмжээ авагдсан гэдгээ уг албан хаагч бусдаас сонсох, өөр бусад байдлаар ч мэдсэн байж болно. Энэ талаар маргаан гарвал гарсан шийдвэрийг мэдсэн хугацааг шүүх нотлох үүргийнхээ дагуу шалгаж тогтоох боломжтой юм. 

    Харин дээрх хугацаа, журмыг өөр хуулиар тусгайлан заасан бол тухайн хуульд заасан хугацаа, журмыг баримтлана.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ