2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 
ТАНХИМЫН ЗӨВЛӨМЖ

2007-06-20                   

Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцсэн хэргийн байдлыг сүүлийн          3 жилд шийдвэрлэсэн хэргийн дүн мэдээтэй харьцуулан дүгнэлт хийх, энэ төрлийн зарим хэргүүдийг Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх судалгааны төвтэй хамтран судалж үзсэний үндсэн дээр шүүхийн практикт гарч байгаа алдаа, зөрчлийг арилгах, хуулийн зохицуулалтыг нэг мөр зөв ойлгох, хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4 дэх заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас нийт шүүхүүдэд ЗӨВЛӨМЖ болгох нь: 

Нэг. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буй хэргийн талаар.

Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд шийдвэрлэсэн 75 251 иргэний хэргийн 13 678 хэрэг буюу 18.1 хувийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэжээ. 
Энэ төрлийн хэрэг нь 2005 онд өмнөх оноос 2635 хэрэг буюу 57.2 хувиар, 2006 онд мөн өмнөх оноос 6579 хэрэг буюу 48.1 хувиар тус тус өссөн, цаашид ч өсөх хандлагатай байна. 
Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буй хэргийн онцлог нь маргаан байдаггүй, зохих этгээдийн хүсэлтээр үйл явдлыг шүүх тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэдэг өвөрмөц ажиллагаа байдаг. Энэхүү ажиллагааны эцсийн дүнд бусад иргэний хэргийн нэгэн адил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гаргадаг учир уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэр нь нотлох баримтанд үндэслэгдэх зэрэг хууль ёсны нийтлэг шаардлага тавигддаг.
 
Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн 99.9 хувьд нь хэргийн оролцогч давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй байна. Энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангасан нөхцөлд тухайн шүүхийн шийдвэрт гомдол гаргадаггүйтэй холбоотой юм. Иймд давж заалдах болон хяналтын шатны шүүх тухайн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг хянах, алдаа зөрчлийг арилгаж, зөвтгөх эрх зүйн боломж харьцангуй бага учир анхан шатны шүүхээс гаргаж буй шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангах явдал чухлаар тавигдаж байна. Цаашид давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны чиглэлээр энэ төрлийн хэрэгт холбогдох судалгаа хийж, гарч буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэж байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан хэргийг дотор нь авч үзвэл эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх тухай / 133.1.6 / 1658 хэрэг буюу 12.1 хувь, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах тухай хэрэг  /133.1.9 / 2456 буюу 18 хувийг эзэлж байгаагийн гадна эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай асуудлыг шийдвэрлэсэн хэрэг / 133.1.1 / 8676 буюу 63.4 хувийг эзэлж байна. Үүнээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож буй хэргийг зохицуулалтын төрлөөр нь авч үзвэл иргэний нас тогтоох /135.2.13 / 615 хэрэг буюу 7.1  хувь, ажилласан жил тогтоох / 135.2.6 / 7177 буюу 82.7 хувь, садан төрлийн холбоо тогтоох тухай хэрэг / 135.2.1. / 339 буюу 3.9 хувийг тус тус эзэлж байна. (Хавсралт-1)

    Иргэдийн хүсэлтээр нас, ажилласан жил, садан төрлийн холбоотой болохыг, хамтын амьдралтай байсан зэргийг онцгой ажиллагааны журмаар тогтоож буй хэргүүдийн шийдвэр нь эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох нөхцлийг бүрдүүлдэг.
    Тухайлбал дээрх үйл явдлыг тогтоосноор өндөр насны тэтгэвэр болон тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор авах зэргээр нийгмийн халамжийн болон нийгмийн даатгал, төрийн сангаас тодорхой хөрөнгө гаргуулах үндэслэлийг бий болгодог учир энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хуулийг зөв тайлбарлан хэрэглэх талаар шүүгчид онцгой анхаарах шаардлагатай байна. 
    
Хоёр. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж 
буй зарим хэргүүдэд анхаарвал зохих асуудал.

2.1. Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах.  
/ 133.1.2. /

Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хүсэлтийг сонирхогч этгээд болох иргэн, хуулийн этгээд шүүхэд гаргана. Тухайн хүнийг сураггүй алга болсонд тооцуулах, нас барсан гэж зарлуулах болсон талаарх зорилгыг хүсэлтэд заавал тусгаж, нотлох баримтыг хавсаргана. Хүсэлтэд хавсаргах нотлох баримтанд харьяа цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн болон тухайн хүнийг эрэн сурвалжилсан байдлын талаарх тодруулгыг заавал авсан байх шаардлагатай. 
Энэ талаар хэрэгт баримтаар авагдсан цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үзэхэд “ …сураггүй алга болсон этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага зохион байгуулж байна” гэсэн тодорхой бус агуулгатай баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгодог дутагдал түгээмэл  байна. 
Тухайн этгээд орон гэрээсээ гараад алга болсон тухай хэн, хэзээ цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс эхлээд цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ямар ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг баримтаар тодорхой гаргасан байвал зохино. 
Судалгаанаас үзэхэд иргэнийг сураггүй алга болсонд шүүх тооцохдоо уг этгээдийн хуваарьт болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамгаалалт тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулах, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шүүх тухайн шийдвэрээр шууд тогтоож байгаа нь буруу юм. Эд хөрөнгийн өмчлөлийн асуудал нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.2, 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж ирснийг анхаарах нь зүйтэй.

Хүнийг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өгч чадах хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, зохих эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзсэн мэдээлэл, лавлагааг гаргуулах зэрэг ажиллагааг шүүх санаачлагаараа хийх эрхийг хуулиар олгосон байна /138.1. 134.1./. 

Иргэнийг сураггүй алга болсон эсхүл нас барсанд шүүх тооцохдоо Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хугацааг уг хүсэлтийг хангах, эсэх үндэслэлийн нэг шалгуур болгон авч үзнэ. 
Шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 23, 24 дүгээр зүйлийн зохих заалтыг аль тохирох хэсгийг зөв баримталж, хэргийг шийдвэрлэж байвал зохино. 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүхийн шийдвэрийн удирдлага болгох хэсэгт тусгах нь шаардлагатай.
Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсанд тооцсон шийдвэр гарсны дараа тухайн хүн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл уг шийдвэрийг гаргасан шүүх өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 140.2.-т заасан арга хэмжээг авна.   

2.2. Иргэний хязгаарлагдмал чадамжтай эсхүл 
эрх зүйн чадамжгүй гэж тооцох.  / 133.1.3. /

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д заасан этгээд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргана. 
    Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах хүсэлтэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байнга хэрэглэдэг эсхүл согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг болон эцэг, эх, гэр бүлийн гишүүд, бусад хүмүүстэй тухайн хүний харьцах зан харьцаа, асуудалд хандах хандлага, эд хөрөнгө эвдэж сүйтгэдэг байдал, бусдад сэтгэл санааны болон эд хөрөнгийн дарамтыг бий болгодог, эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, заналхийлэх зэрэг бодит үйлдлүүдийн талаар шүүхэд гаргасан хүсэлтдээ заавал тодорхой тусгасан байх шаардлагатай. 
    Эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.-д заасан этгээдийн хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.1.-д зааснаар  шинжээч томилж, дүгнэлт гаргуулна.   
    Харин шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар шүүх санаачлагаараа дахин шинжээч томилох эрхтэй болохыг анхаарвал зохино.
    Энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт гол нотлох баримтуудын нэг болох боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх учиртай.
 
    Тухайн этгээдийг иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж шүүх үзвэл Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу асран хамгаалалтыг заавал тогтооно.
    Хязгаарлагдмал чадамжтай эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй хүний эрүүл мэнд сайжирвал эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэнийг эрх зүйн бүрэн чадамжтай болсон талаар шүүх шийдвэр гаргана.  
    Харин эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах, сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хэвтүүлэх тухай хүсэлтийг иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтэд хамааруулж, хамтатган шийдвэрлэдэг нь буруу юм. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлүүлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар албадан эмчилгээнд хамруулахаас бусад тохиолдолд албадан эмнэлэгт хэвтүүлэх явдал шүүхийн харьяаллын асуудал биш тул энэ талаар шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
    Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн этгээд сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон гэж шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч болох бөгөөд энэ асуудлыг Эрүүгийн хуулийн 65, 66, 68, 69 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385, 386, 387 дугаар зүйлүүдийг баримтлан шийдвэрлэнэ.
    Дээрх 2 ойлголтын ялгааг нягтлан үзэлгүйгээр онцгой ажиллагааны журмаар иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцож шүүхийн шийдвэр гаргахдаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг давхар авч, эрүүгийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудлыг иргэний хэрэгтэй хамт шийдвэрлэдэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг ноцтой алдаа гаргаж байгааг анхаарвал зохино.  

2.3 Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай.  / 133.1.4. /

    Энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах гол асуудал нь хүүхэд үрчилсэн байдлыг хүчингүй болгох асуудал нь маргаангүй байх ёстой. 
    Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлд:
•    Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан.
•    Хүүхэдтэй хэрцгий хандсан.
•    Хуурамч бичиг баримт бүрдүүлж үрчлэн авах шийдвэр  гаргасан.
•    60-аас дээш настай этгээдэд үрчлүүлсэн.
•    Эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хасуулж байсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй.
•    Урьд нь хүүхэд үрчилж аваад өөрийн буруугаас хүүхдээ буцааж өгч байсан.
•    Иргэний эрх зүйн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэртэй.
•    Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй.
•    Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг.
•    Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдалууд хамаарна. 
Дээрх байдал нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэр гаргана.
    Судалгаанаас үзэхэд хүүхдээ хүнд үрчлүүлсний дараа 60 нас хүрсэн гэдэг үндэслэлээр үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хангаж хэргийг шийдвэрлэжээ.
Хүүхдийг бусдад үрчлүүлэх үед үрчлэгч 60 насанд хүрээгүй байсан бол  үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийг шүүх хангах нь буруу юм. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасны дагуу үрчлэлтийг хүчингүй болгосон тохиолдолд хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх заавал шийдвэрлэнэ.

2.4. Эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлснээс 
алдагдсан эрхийг сэргээх. / 133.1.6. /

Энэ төрлийн хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхэд анхаарах гол асуудал бол эрх олгосон баримт бичгийг эзэмшигч үрэгдүүлснээ баримтаар нотолсон байх шаардлагатай. 
Эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээн тогтоохын үр дагавар нь уг үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгох үүрэг эрх бүхий байгууллагад үүсдэгийг анхаарах нь чухал. Энэ утгаар шинэ баримт бичиг олгохыг эдгээр байгууллагад даалгасан заалтыг шүүхийн шийдвэрт заавал тусгана.  
Судалгаанаас үзвэл энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх зохих журмын дагуу явуулж ирсэн хэдий ч баримт бичгийг хаяж гээгдүүлсэн нөхцөлд цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, эрэн сурвалжлуулсан, үрэгдсэн баримт бичгийг хүчингүй болгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлуулсан зэрэг ажиллагааг хүсэлт гаргагч хийсэн гэх баримт дутуу бүрдсэн байх тохиолдол цөөнгүй байна.
Харин баримт бичиг бороо усанд норсон, галд шатсан гэх бусад ахуйн шалтгаанаар үрэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй болно. 

2.5. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 
хариуцагчийг эрэн сурвалжлах. /133.1.9. /

Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шүүх шийдвэрлэх тухай заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан шинэ зохицуулалт бөгөөд энэ нь хариуцагчийн оршин суугаа газар нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа нөхцөлд шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулж, нэхэмжлэл гаргах боломжоор хангагдах  зорилготой байдаг. 

Шүүхээс гаргаж буй шийдвэрт хариуцагч хаана оршин сууж, амьдарч байсан болон түүнийг эрэн сурвалжлах боломжийг аль болох дэлгэрэнгүй тусгасан байх шаардлагатай. 
Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчийн талаар тодорхой мэдээлэл тусгахын тулд хүсэлт гаргагч энэ талаар өөрт нь байгаа бүхий мэдээллийг шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. 
Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. 

Харин оршин суух тодорхой хаягтай иргэнд холбогдуулж иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч оршин суугаа хаягаа өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д заасан үүргээ биелүүлээгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг түдгэлзүүлж, шүүгчийн захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллагад даалгана.
 
Хариуцагчийг эрэн сурвалжлах дээрх ажиллагаа нь: 
•    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтээр эрэн сурвалжлах /80.1.6./
•    Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар  шүүхэд хүсэлт гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэх /155/ гэдгээр ялгагдана.
  

Гурав. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай 
хүсэлттэй хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал / 135 /
    
    Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн дотор эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан  үйл явдал хамаарах бөгөөд мөн зүйлийн 135.2.14-т “тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” хамаарахаар зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэйгээр зохицуулагджээ.  
    Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрх бүхий субъект нь иргэн, хуулийн этгээд байхын зэрэгцээ зохицуулагдаж буй харилцаа нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа байна. 
    Шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир энэ төрлийн хэргүүдийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практикт цаашид анхаарвал зохих зарим асуудлыг авч үзье. 

3.1. Садан төрлийн холбоо тогтоож байгаа талаар / 135.2.1 /

    Садан төрлийн холбоотой болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хүсэлт нь   ихэвчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор авах эрх бүхий субъект болохыг тогтоолгох зорилгыг агуулдаг нь судалгаа хийсэн хэргүүдээс тодорхой байна. 
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдийг тодорхойлон заажээ. Энэ хуулийн дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй болохоо нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасны дагуу хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг шүүхээр урьдчилан тогтоолгох шаардлагатай.
    Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-3.1.6 дахь заалт болон “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоолын 6-8 дахь заалт, “Улсын Дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ 2002 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолд садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох эрх бүхий этгээдийн талаар тодорхойлсныг анхаарвал зохино.
    Монгол Улсад хүн амын тооллогыг 1918, 1924-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 онуудад явуулсан албан ёсны бүртгэлүүд Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа тул тухайн онуудын хүн амын тооллогын бүртгэлд хэлмэгдэгч болон хүсэлт гаргагчийн талаарх мэдээлэл байгаа эсэхийг шүүх шалгах нь энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болно.
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч нь лам байсан буюу тухайн үеийн нөхцөл байдлаас шүүхэд хүсэлт гаргагч садан төрөл гэх хүмүүстэй нэг ам бүлд бүртгэгдээгүй эсхүл ам бүл нь тодорхойгүй байх тохиолдол байх боловч Үндэсний төв архивын лавлагаанд тодорхойлсон баримтаар тэдний овог, нэр тохирч байгаа эсэх, насны харьцаа, аймаг, сум, нутаг орны нэр зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох  баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлж байвал зохино. 
    Жишээ нь: Хэлмэгдэгчийн овог тохирсон гэсэн үндэслэлийг шүүх гол нотлох баримт болгон, шүүхэд хүсэлт гаргагчийн төрсөн ахыг хэлмэгдэгч “Л” мөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоожээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан архивын лавлагаагаар хүн амын тооллогын бүртгэлд төрсөн ах, дүү гэх хоёрын нас нь 44 жилээр зөрүүтэй байна. Төрүүлсэн эхийг нь 18 настайдаа хэлмэгдэгч “Л”-ийг төрүүлжээ гэж үзвэл эх нь дүү болох хүсэлт гаргагчийг 62 настайдаа төрүүлсэн байх тооцоо гарч буй нь хүсэлт гаргагч хэлмэгдэгчийн төрсөн дүү нь байх боломжгүйг харуулж байна. Үүнээс үзвэл энэхүү шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэхэд эргэлзээтэй байна. 
    Хүсэлт гаргагч хэлмэгдэгчийн төрөл садан болохоо зөвхөн гэрчийн мэдүүлгээр нотолж байгаа бол тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлэхэд шүүх онцгой анхаарах учиртай. Тухайлбал, энэхүү гэрч нь тухайн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх, түүний мэдүүлэгт байгаа мэдээллээ өөр бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэх, гэрч тухайн үйл баримтын талаар бодит мэдээлэлтэй болох нь нотлогдож байгаа эсэхийг давхар үнэлэх нь чухал.
    Хүсэлт гаргасан этгээдээс шүүхэд гаргасан нотлох баримтыг гэрч давхар нотолж байгаа эсэхийг ч анхаарах шаардлагатай. Гэрч тухайн үйл явдлыг хэрхэн мэдэж байгаа болон мэдэх боломжтой байсан эсэхийг шүүх нягтлан үзвэл зохино.  Жишээ: нь хэлмэгдэгч 1938 онд хэлмэгдсэн гэж үзэхэд тухайн хэлмэгдүүлэлтийг гэрчилж буй гэрч нь 1939 онд төрсөн атлаа хэлмэгдэлтийн үйл явдлыг өөрөө харсан мэтээр гэрчилснийг шүүх садан төрлийн холбоотойг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь учир дутагдалтай юм.  
    Иймд гэрчийн мэдүүлэг нь үйл баримтыг хэрхэн гэрчилж буйг тухайн үеийн нөхцөл байдал, гэрчийн нас, үйл явдлыг харсан, дам сонссон зэргийг шүүх нягтлан үзэж, харьцуулан үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай юм. Энэхүү асуудал нь зөвхөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор авах эрх бүхий этгээдтэй садан төрлийн холбоотой эсэхийг тогтоох тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай төдийгүй бусад бүх төрлийн хэргийн гэрчийн мэдүүлэгт мөн хамааралтай болно. 
    Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх дүгнэхдээ уг нотлох баримт шүүхэд хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг хангах эсхүл үгүйсгэх нотлох баримт болж байгаа талаар ялган зааглаж, дүгнэлт хийх шаардлагатай.
    Судалгаанд хамрагдсан хэргээс үзэхэд Үндэсний төв архивын лавлагаагаар “хэлмэгдэгч болон түүнтэй холбоотой талаарх баримт байхгүй” гэж тодорхойлсныг  шүүх үнэлэхдээ “…хүсэлтийг хангах үндэстэй нь архивын лавлагаагаар нотлогдсон” гэж эсрэг дүгнэлтийг хийсэн ноцтой алдаа гаргажээ.
Садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлтэд энэ үйл явдлыг тогтоолгох болсон зорилгыг заасан байвал зохино. Гэхдээ нөхөх олговор авах зорилготой гэж заасан хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, хүсэлт гаргагч нөхөх олговор авах эрх бүхий субъект биш байсан ч хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой бол ямар холбоотой болохыг нь тогтоох шаардлагатай.
Жишээ нь: хүсэлт гаргагч А хэлмэгдэгчийн зээнцэр болох нь тогтоогдож байхад тэрээр нөхөх олговор авах эрх бүхий субъект биш гэж үзэж, садан төрлийн холбоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.
    
    Хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болох үйл явдлыг шүүх  тогтоохдоо хүсэлт гаргагч хэлмэгдэгчтэй ямар холбоотой болохыг нотлох  баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой заах шаардлагатай. 

3.2. Бусдын асрамжид байгаа эсэхийг тогтоож 
байгаа талаар /135.2.2 /

    Бусдын асрамжид байгаа гэдэг ойлголтод нэг иргэн нөгөөдөө амьдралын эх үүсвэр болон амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн эдийн болон эдийн бус амины харилцаатай холбоотой тусламжийг байнга үзүүлж буй үйл ажиллагааг хамааруулан ойлгоно. Зарим судлаачид асрамж нь эдийн холбоотой гэж үздэг боловч тухайн харилцаанаас гадна эдийн бус амины харилцаа хамаарагддаг болохыг анхаарах шаардлагатай. Энэ талаарх нотлох баримт нь бусдын асрамжид байсан эсэхийг тогтоох үндэслэл болдог. Үүнд гэр бүлийн гишүүнээр хамтран амьдрах, асрамжлах, өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой бүх харилцаа хамаарагдана.
 
    Бусдын асрамжид байсныг тогтоосон шүүхийн шийдвэр өвлөх, тэтгэмж, тэтгэлэг авах зэрэг эрх, үүргийн харилцааг үүсгэдэг. 
    Бусдын асрамжид байсныг тогтоох шаардлага ихэвчлэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдрагч нарын нэг нь нас барсан тохиолдолд тэдний дундаас төрсөн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбогдон гардаг боловч гэр бүлийн болон садан төрлийн холбоогүй, түүнчлэн хамтран амьдардаггүй хүмүүсийн харилцаанаас ч үүссэн байх боломжтой юм.
    Бусдын асрамжид байсныг шүүх тогтоохын тулд хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт өгөх, тухайн этгээдийн асрамжид хэдийнээс хэдий хүртэл хугацаанд байсан зэргийг тогтоох шаардлагатай. 
    Бусдын асрамжид байсан хугацааны асуудлыг шүүх тодруулахгүйгээр хүсэлтийг хангахдаа асрамжид байсан хугацааг огт заалгүй зөвхөн асрамжид байсан болохыг тогтоож  байгаа нь учир дутагдалтай юм.

    Жишээ нь: Иргэн “Д” талийгаач “Н”-тэй гэр бүл болон амьдарч байгаад 1992 онд гэрлэлтээ шүүхийн шийдвэрээр цуцлуулжээ. Тэдний дундаас төрсөн 2 хүүхэд нь тухайн шийдвэрээр эхийн асрамжид үлджээ. Талийгаач “Н” нь 2006 онд нас баржээ. Иргэн “Д” шүүхэд хүсэлт гаргаж, 2 хүүхдээ талийгаачийн асрамжид байсныг тогтоолгохыг шүүхээс хүсчээ. Шүүх уг хүсэлтийг хангаж, 2 хүүхдийг нь эцэг “Н”-ийн асрамжид байсныг тогтоосон байна. Энэ байдлаас үзэхэд 2 хүүхэд эцгийн асрамжид 1992 оноос хойш байгаагүй, эхийн асрамжид байхыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг шүүх анхаараагүй байна.
Үүнд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүүхдийн эрх талийгаачийн асрамжид байсан тохиолдолд л хэрэгжинэ гэсэн өрөөсгөл ойлголт нөлөөлдөг болохыг анхаарах нь зүйтэй.  

3.3. Үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоох тухай.  / 135.2.3 /

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдлыг шүүх тогтоохоор заажээ.
    Дээрхээс үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоох тухай зохицуулалтыг хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох асуудалтай хольж хутгадаг  дутагдал шүүхийн практикт гарч байна.
    Иймд үрчлэлтийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4., Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх шийдвэрлэдэг болохыг анхаарвал зохино. 

    Дараах хоёр шаардлагыг үндэслэж үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг шүүх тогтооно. Үүнд: 
•    Үрчлэлтийн бүртгэлийн талаарх баримт зохих эрх бүхий байгууллагад байхгүй;
•    Эрх бүхий байгууллага бүртгэлийг сэргээн тогтоохоос татгалзсан;

Дээрх хоёр үндэслэлийг нотолсон баримтыг хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн бол бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, шүүх хүсэлтийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах боломжтой юм.     

3.4. Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох тухай .  /135.2.6/

Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэдэг нь иргэн нь ажил олгогчтой  хөдөлмөрийн харилцаа үүсгэн тодорхой хугацаагаар хөдөлмөрлөж байсан байдлыг шүүхээр тогтоолгож буй ажиллагаа юм. 
Судалгаанаас үзэхэд:
•    Тодорхой албан тушаалд ажиллаж байсныг;
•    Ажиллаж байсан хугацааг оноор;
•    Ажиллаж байсан хугацааг он, сар, өдрөөр нь;
•    Ажиллаж байсан хугацааны дотор хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсныг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Хүсэлт гаргагч ямар хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүх тухайн хүний ажиллаж байсан байгууллага, албан тушаал, он, сар, өдөр, зэргийг заавал тодруулах  шаардлагатай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой байгаа эсэхийг шүүх анхаарвал зохино. 
Хүний ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох ихэнх тохиолдолд хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэр тогтоолгож, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар иргэний эрх зүйн чадвар дуусгавар болтол нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нээгддэг байна. 
Судалгаанаас үзэхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох талаар шийдвэрлэсэн хэргийн дийлэнх хувийг хүний ажилласан хугацааг тогтоох хүсэлт эзэлж байх тул дараах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. 

Үүнд: 1. Хэрэгт цугларсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шүүх анхаарвал зохино.
Шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгахгүй байна. Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримт бичилтийн хувьд засвартай байх, гэрч хүсэлт гаргагчийн ажилласан хугацааны талаар тодорхой мэдүүлээгүй байхад гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг шүүх зөрчих, хүсэлт гаргагч ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон боловч хөдөлмөрийн гэрээг хэдийд цуцалсан нь тогтоогдоогүй нөхцөлд хүсэлтийн хэмжээнд ажилласан хугацааг тогтоосон байна.

2. Ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтийг шүүх хангахдаа түүний ажилласан  байдлыг албан тушаалаар, ажилд томилогдсон болон хөдөлмөрийн гэрээг цуцалсан  он, сар, өдрөөр нь тогтоож байвал зохино.

3. Ажилласан хугацааны дотор хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ тухайн хүний ажилд авсан, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрт тусгагдсан албан тушаалыг үндэслэнэ. 
Ажил олгогч байгууллагын тушаал, шийдвэрт тусгагдсан албан тушаалыг  хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаалын ажил мөн эсэхийг шүүх тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн асуудал нь мэргэжлийн байгууллагын эрх хэмжээний асуудал болохыг анхаарвал зохино.

4. Ажилласан жилийг тогтоох хугацаанд сонгуульт болон сайн дурын үндсэн дээр гүйцэтгэж байсан аливаа ажил, үүрэг хамаарахгүй бөгөөд тухайн ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.  

5. Ажилласан жилийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хүлээн авахдаа тухайн үйл явдлыг зайлшгүй шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай эсэхийг  анхаарах нь зүйтэй байна. Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт архивт хадгалагдаж байгаа нөхцөлд хүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийх, зөвтгөх, засвар оруулах эрх, үүргийг тухайн байгууллага хүлээнэ. Харин байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн иргэн захиргааны хэргийн болон ерөнхий харьяаллын шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юм.

3.5. Хүүхдийн эцэг, эхийг тогтоох тухай. / 135.2.7. /

    Онцгой ажиллагааны журмаар эцэг, эхийг тогтоох ажиллагаа тухайн асуудал нь маргаангүй байх нөхцөлд явагдана.

    Хүүхдийн эцэг, эхийг тогтоох хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, сонирхогч этгээд, иргэн болон хуулийн этгээд, 14 насанд хүрсэн хүүхэд шүүхэд гаргана.

    Хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай бол ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргадгаараа онцгой ажиллагааны журмаар хүүхдийн эцэг, эхийг тогтоож буй ажиллагаанаас ялгагдана.
 
Хүүхдийн эцэг, эхийг тогтооход талууд маргаангүй бол өөрсдөө өргөдөл гаргаж, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг, эхийг тогтоолгодог. Харин захиргааны журмаар эцэг, эх болохыг тогтоолгоогүй бөгөөд шүүхийн журмаар тогтоолгохоор сонирхогч этгээд хүсэлт гаргасныг эцэг, эх байх этгээд зөвшөөрсөн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар биш харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр уг үйл явдлыг тогтоосноор эрх, үүрэг болон түүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул эцэг, эх байх этгээд хүсэлтийг зөвшөөрсөн ч шүүх шийдвэр гаргах учиртай. Энэ зарчим хүүхдээ тэжээн тэтгэх асуудлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхэд ч үйлчилнэ.
   
    Хүүхдийн эцэг, эхийг тогтоохыг хүссэн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шүүх шийдвэрлэхдээ захиргааны журмаар урьдчилан эцэг, эхийг тогтоосон эсэхийг  нягтлан үзвэл зохино.
    Хүүхдийн төрсний гэрчилгээнд эцэг, эхийн нэр бичигдсэн бол захиргааны журмаар эцэг, эхийг тогтоосон гэж үзэж, шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно.
        
3.6. Нас тогтоох тухай. /135.2.13 /

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар иргэний насыг тогтооно. 
Хүсэлт гаргах шүүхийн харьяалал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2, 136.6, 136.9 дэх заалтуудаар  тодорхойлогдоно. 
Хүсэлт гаргагчийн төрсөн оныг тогтоохын тулд Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хүн амын тооллогын бүртгэлд тусгагдсан байдал гол нотлох баримт болохоос гадна шаардлагатай зарим тохиолдолд шинжээчийн  дүгнэлт шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болж болно. Гэхдээ аливаа нотлох баримт бусад баримтаар давхар нотлогдож байгаа эсэх, өөр баримтаар үгүйсгэгдэж байгаа эсэхийг шүүх ямагт нягтлан үзэж байвал зохино.
    Хүний насыг тогтоохдоо Иргэний хуулийн 71 дүгээр зүйл, 72 дугаар зүйлийн 72.6. дугаар заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийг үндэслэнэ.
    Судалгаанаас үзвэл төрсөн он, сар, өдрийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргахдаа ихэвчлэн төрсөн оныг тогтооход ач холбогдол бүхий баримтыг гаргадаг байна. Энэ нь төрсөн оныг тогтооход ач холбогдолтой болохоос төрсөн сар, өдрийг тогтооход ач холбогдол бүхий баримт болдоггүй. Энэ байдалд шүүх анхааралтай хандаж тухайн хүсэлтийг шүүх бүрэн хангах эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгөх шаардлагатай.
    Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хүн амын тооллогын бүртгэл болон шинжээчийн дүгнэлт нь зөвхөн төрсөн оныг тодорхойлдог тул хүсэлт гаргагчийн төрсөн сар, өдрийг шүүхээр тогтоолгохын тулд нотлох баримт зайлшгүй шаардлагатай юм. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаар тухайн этгээдийн төрсөн он, сар, өдөр нь нотлогдсон гэж шүүх үзвэл хүсэлтийг хангах, төрсөн сар, өдөр нь нотлогдоогүй бол төрсөн оныг нь тогтоож, харин төрсөн сар, өдрийг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож байвал зохино. Төрсөн сар, өдрийг шууд нотлох баримт олдохгүй байгаа тохиолдолд шууд бус нотолгоонуудыг шүүх анхааран үнэлж, төрсөн сарыг тогтоох боломжтой юм. Түүнчлэн 1951 оноос иргэний гэр бүлийн байдлын улсын бүртгэл хийгдэх болсон тул энэ үеэс өмнө төрсөн хүмүүсийн төрсөн сар, өдрийг тухайн жилийн 1 дүгээр сарын 1, 7 дугаар сарын 1-ний өдрөөр бүртгэдэг байсан практикийг анхаарах боломжтой юм. 
         
    Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2002 онд гаргасан “Иргэдийн насыг тогтоож байгаа шүүхийн практикийн тухай зөвлөмж”-ийг судалж, энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ анхаарвал зохино.


Иргэний хэргийн танхим