2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр                Дугаар 18                             Улаанбаатар хот

Улсын Дээд шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн
08 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай

 

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу улс төрийн намыг бүртгэх Улсын Дээд шүүхийн ажиллагааны журам хуульчлагдаагүй тул Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.10-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1. Улсын Дээд шүүхийн хуралдааны дэг батлах тухай Улсын Дээд шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт оруулан,“Улс төрийн намыг бүртгэх журам” гэсэн нэр бүхий 9 дүгээр бүлгийг баталсугай.

2. Тогтоолд орсон нэмэлтийн дагуу улс төрийн намыг бүртгэх, урьд хийгдсэн бүртгэлийг шинэчлэн өөрчлөх ажлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Тамгын газарт үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  Д.БАТСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН О.ЗАНДРАА

 


 

Ес. Улс төрийн намыг бүртгэх журам

52 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар улс төрийн нам шинээр байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг (цаашид бүртгэлийн ажиллагаа гэх) Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим эрхлэн гүйцэтгэнэ.

53 дугаар зүйл. Бүртгэлийн асуудлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Шүүх хуралдааны товыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн эсхүл шүүгч тогтоож, хуралдаан болох газар, он, сар, өдөр, цаг, хэлэлцэх асуудал, илтгэгч болон оролцогчдыг тодорхойлно.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн болон хүсэлт гаргагчид гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, холбогдох баримтуудыг хүргүүлнэ.

54 дүгээр зүйл. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг хэлэлцэх ажиллагаа шүүгчийн илтгэлээс эхэлнэ.

Илтгэгч шүүгч Улсын Дээд шүүхэд ирүүлсэн баримт бичиг, шүүх хуралдааны бэлтгэл хангах хугацаанд явуулсан шалгалтын дүнг танилцуулна.

Улс төрийн намын бүртгэл хийлгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахыг хүссэн этгээд хүсэлтийн талаар тайлбарлана.

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж буй асуудлын талаар болон танин мэдэхүйн шинжтэй асуултыг хүсэлт гаргагчид тавих, түүнд хариулт авах эрхтэй.

Намыг бүртгэх эсэх, бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шүүх зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэн, шийдвэр гаргаж, хуралдаанд оролцогчдод агуулгыг нь танилцуулна.

55 дугаар зүйл. Нам нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас гадна Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан баримт бичгийг дараах байдлаар бүрдүүлнэ:

55.1.Энэ зүйлийн 9.3.1-д зааснаар намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд шүүхээс баталсан загварын дагуу гаргаж, намын дарга гарын үсэг зурсан байна.

55.2.Мөн зүйлийн 9.3.2-т заасан намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг өргөдөлд хавсаргасан байх ба тэдгээрийн утга учрыг тайлбарласан байвал зохино. Намын нэр товчлогдох эсэх, товчлогдвол ямар хэлбэр, бичвэртэй байхыг  тодорхой заана.

55.3.Уг зүйлийн 9.3.3, 9.3.4-т заасан намын дүрэм, хөтөлбөр нь энэ хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байна.

55.4.Энэ зүйлийн 9.3.5-д заасан хууль ёсны хаягийг намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа газрын хаягаар засаг захиргааны нэгж тодорхойлсон байвал зохино.

55.5.Мөн зүйлийн 9.3.7-д заасан 801-ээс доошгүй гишүүдээс бүрдсэн бүртгэлд намд элсэх өдөр хуанлийн тооллоор 18 насанд хүрсэн, өөр намын харъяалалгүй иргэд бүртгэгдсэн байх ба тэдгээрийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг зэрэг тусгагдсан байна.

55.6.Энэ зүйлийн 9.3.9-д заасан намын хөрөнгийн мэдээнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тус намын гишүүн, талархан дэмжигч иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын жагсаалт зэргийг тусгасан байна.

55.7.Намыг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө тухайн намыг үүсгэн байгуулж буй удирдах албан тушаалтны нэр дээр банкны байгууллага түр данс нээсэн бол түүнийг тусгана.

57 дугаар зүйл. Улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан байгуулах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасныг хэрэгжүүлэх зорилгоор улсын бүртгэлд ирүүлж буй дээрх баримт бичгийг хүсэлт гаргагч бичгээр болон цахим хэлбэрээр Улсын Дээд шүүхэд ирүүлэх бөгөөд шүүх бүртгэлийг бичгэн ба цахим хэлбэрээр хөтөлж, архивт хадгална.

58 дугаар зүйл. Бүртгэлийн баримт бичгийг хүлээж авсан шүүгчийн туслах бүрдлийг нь шалгаж, дутуу зүйлийг гүйцээж бүрдүүлэх талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. Хүсэлт гаргагч шаардлагыг биелүүлээгүй явдал хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах үндэслэл болохгүй

Бүртгэлийн ажиллагаа явуулахад хуульд зааснаас гадуур, нэмэлт баримт бүрдүүлэхийг шаардаж үл болно.

Харин баримт бичгийн үнэн зөв байдлыг тогтоох зорилгоор шүүгчийн даалгавраар явуулсан ажиллагааны талаар тайлбар гаргахыг хуульд заагдаагүй нэмэлт  шаардлага гэж үзэхгүй.

59 дүгээр зүйл. Улс төрийн нам бүртгэсэн, бүртгэлд өөрчлөлт оруулсан,  бүртгэхээс болон өөрчлөлт оруулахаас татгалзсан шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн вэб сайтад байршуулах ба бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

Улс төрийн намыг бүртгэхээс татгалзсан шүүхийн шийдвэр нь уг асуудлаар шүүхэд дахин хандах эрхийг хязгаарлахгүй.

60 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан нам тараах асуудлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.