2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН
ЗӨВЛӨМЖ 

                 2007.06.20                                                                                                                                                                                              Улаанбаатар хот.

 ГОМДЛООР АВЧ ХЭЛЭЛЦЭХ ХЭРГИЙГ ХЯНАН 
ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

            Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156-180 дугаар зүйлийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт нэг мөр, зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас нийт шүүхүүдэд ЗӨВЛӨМЖ болгох нь: 

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдлыг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн болон бусдын нэрийн өмнөөс гаргана. Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар шийдвэр, үйл ажиллагаа зөрчиж байгааг тодорхой дурдаж, уг шийдвэр, үйл ажиллагаа нь ямар хууль тогтоомжид харшилж байгаа,  тэдгээрийг хууль бус гэж үзэж буй үндэслэл, нотолгоог заана. 
    
              Хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын ерөнхий харьяаллын шүүхэд /иргэний хэрэг хянан шийдвэрлэх/ гомдлыг гаргана.
             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд төрийн захиргаа болон аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд /үйлдэл, эс үйлдэлд/ хуульд заасны дагуу гаргасан гомдлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ. 
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаархи иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авна.  
  
               Мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт “хуулиар өөр харьяалал тогтоогоогүй“ бол гэж заасан нь хэргийн харьяалал бус харин шүүхийн харьяаллыг зохицуулсан тул энэ хууль болон бусад хуульд өөр харьяалал тогтоогоогүй бол гомдлыг шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяаллаар шүүхэд гаргана.

            Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. 
 
             Энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3 дахь хэсэгт заасан “шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бусад гомдол” гэдэгт Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахаас бусад гомдол гэж ойлгох нь зүйтэй юм.  
    
             Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан энэ хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “гомдол“ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гаргасан гомдол юм.  

             Аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтан явуулбал зохих тодорхой үйл ажиллагааг явуулахгүй байгаа нь /эс үйлдхүй/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах  үндэслэл болно.     
          
           2. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг Тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй. Хуульд заасан зохицуулалт байгаа тул хураамжаас чөлөөлөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргахгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгч захирамж гаргах шаардлагагүй гэж үзнэ.
       
            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр, хангасан бол хариуцагчаар, зарим хэсгийг хангасан бол хариуцагч буюу нэхэмжлэгчид хариуцуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 56 дугаар зүйлийн заалт нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарна.  

          Жишээ нь: ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахдаа шүүх улсын тэмдэгтийн хураамжийг олговрын мөнгөний дүнгээр тооцож хариуцагчаас гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэнэ. Харин нэхэмжлэгч нь “ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг” ажил олгогчоос нэхэмжлээгүй зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг шүүх хангасан бол хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийг Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тооцно. 
         Аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгоход улсын тэмдэгтийн хураамжийг дээр дурдсаны нэгэн адил хуваарилна.  

              Харин гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь гомдол гаргагчийг “нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас” чөлөөлөх үндэслэл  болохгүй гэдгийг шүүх анхаарах шаардлагатай. Гомдлоор авч хэлэлцэх хэрэгт шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.    

            3. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хуульд тусгайлан заасан бол  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд эхлээд гаргаж, тэдгээрийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхээр шийдвэрлүүлнэ.    

        Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр журмыг хуульд заасан бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авахаас татгалзана. 
Харин шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хуульд заагаагүй, түүнчлэн гомдол гаргах сонголттой журам тогтоосон, мөн урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй болсон тохиолдолд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.   
           Шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гаргасан гомдолд холбогдох байгууллага албан тушаалтан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь шүүхэд гомдол гаргахад саад болохгүй юм. Харин энэ хуульд заасан хариу өгөх хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

             Жишээ нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэж тогтоол гаргана. Энэ тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээдэд шүүхэд гомдол гаргах эрх үүснэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч тэрээр хариу өгөөгүй буюу тогтоол гаргаагүй нь гомдлоо шүүхэд гаргахад саад болохгүй юм. Энэ тохиолдолд гомдол гаргагч нь шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг баримталсан байна гэж үзнэ.  

           Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг “давж заалдах”-аар заасан боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах гомдолтой адилтгаж үзэхгүй бөгөөд уг гомдлыг анхан шатны шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. Өөр бусад хуульд “давж заалдах гомдол гаргана” гэж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журамтай холбоотой гомдлын талаар тусгасан бол энэ журам адил үйлчилнэ.

           Шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гаргасан гомдолд холбогдох байгууллага, албан тушаалтны өгсөн хариуг гомдол гаргагч зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг баримтална.  
            Жишээ нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3. дахь хэсэгт “шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно“ гэснээр гомдлыг хүлээн авсан дээд шатны албан тушаалтан гомдолд хариу өгсөн бол шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй  бол дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргана.

          Гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт эрх нь эдийн бус баялагт хамаарахаар заасан тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй”, 74.3 дахь хэсэгт “хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэсэн зохицуулалтуудыг анхаарах нь зүйтэй.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн XIV дүгээр бүлэгт өөрөөр заагаагүй бол шүүх гомдлоор авч хэлэлцэх хэргийг ерөнхий журмын дагуу хянан шийдвэрлэнэ .

              Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх журмыг өөрөөр заасан зохицуулалт XIV дүгээр бүлэгт үндсэндээ байхгүй тул шүүх энэ төрлийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ерөнхий журмын дагуу явуулна.

            Тухайлбал, гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх хүлээн авч хуульд заасан журам,  хугацаанд иргэний хэрэг үүсгэж, гомдлын хувийг хариуцагчид гардуулах, эрх, үүргийг нь зохигчдод танилцуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаан явуулах зэрэг ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ерөнхий журмыг баримтална. 

               Гомдлыг хүлээн авч тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл нотолгоог гомдол гаргагчаас шаардахдаа шүүх мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь чухал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байна” гэдгийг нотлох баримтыг гомдолд хавсаргаж, шүүхэд ирүүлнэ гэсэн агуулгаар ойлгох  нь буруу юм. 
     
             Гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь  энэ хуульд харшлахгүй гэж үзнэ. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан захирамжийг тухайн шатны шүүхэд хянуулах боломжгүй, мөн давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхгүй байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод  Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгөхдөө  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үр дагавар, тухайлбал, 74 дүгээр зүйлийн 74.4, 170 дугаар зүйлийн 170.3 дахь хэсэгт заасан үр дагаврыг танилцуулна.   
 
            Шүүх энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын тэгш байдлын зарчмыг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг онцгой анхаарвал зохино. Тухайлбал, гомдлоор шийдвэрлэгдэж байгаа маргаантай харилцаанд талууд эрх тэгш байдаггүй, нотлох баримт бүрдүүлэх боломж харилцан адил байдаггүйг анхаарч нотлох баримт шүүхээр бүрдүүлэх хэргийн оролцогчийн боломж, эрхийг бүрэн эдлүүлэх, мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг нь хангахыг чухалчлах нь зүйтэй.    

            Зохигч, оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулах боловч зарим ялгаа байна. Тухайлбал, шүүх хуралдаанд гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх гомдлыг буцаахдаа хариуцагчийн хүсэлтийн авах шаардлагагүй юм. Мөн шүүх хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй  нь ямар ч шалтгаантай байсан шүүх гомдлыг хуралдаанаар хэлэлцэх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн хүсэлт шаардлагагүй юм.      
 
             Шүүх гомдлыг ерөнхий журмын дагуу хэлэлцэж хэрэгсэхгүй болгох эсвэл аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах буюу зогсоохыг үүрэг болгох, учирсан хохирлыг нөхөн олгох шийдвэр гаргана. Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг ”өөрчлөх” тухай заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйл байхгүй гэдгийг анхаарах шаардлагатай юм.
Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийн бүтэц, агуулга нь мөн хуулийн 118 дугаар зүйлд тусгагдсан үндсэн зарчимтай ижил байх бөгөөд шүүхийн шийдвэрт тавигдах бүхий л шаардлага хамаарна.      
              Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрийн “тогтоох“ хэсгийн агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн шаардлагад нийцүүлэн, ойлгомжтой, тодорхой зааж, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журам хугацааг зааж болно.     

              Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гомдол гаргагчийн хүсэлтээр шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг шүүх гаргах бөгөөд  шийдвэрийн “тогтоох” хэсэгт заасан арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана.    


ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ