2016 оны 06 сарын 23


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                                                                Улаанбаатар хот

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд үндэслэн 2005 он, 2006 оны эхний 5 сарын байдлаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгосон захиргааны акттай холбогдох маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийг судлав.

Судалгаанаас үзэхэд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зэрэг аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрөл олгохтой холбогдсон маргаан нилээн хувийг эзэлж байна. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн заалтаас үзэхэд Төрийн захиргааны төв байгууллага болон хуулиар эрх олгосон байгууллагаас 90 орчим, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 10 орчим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл тус тус олгохоор хуульчлагджээ.

Шүүхүүд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан бусад хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ дараах зүйлүүдийг анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэн Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-д заасныг үндэслэн ЗӨВЛӨМЖЛӨХ нь: 

1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа”-нд энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан аж ахуйн үйл ажиллагааны төрлүүд хамаарах ба уг зүйлд заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл заавал авсан байхыг шүүх анхаарвал зохино. 

2.Бусад хуулиудад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн  талаар заагаагүй буюу нэмэлт шаардлага тавиагүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлснээр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.

3.Захиргааны байгууллага албан тушаалтнаас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг ямар хугацаагаар олгосон нь тодорхойгүй болон бусад хуульд тусгай зөвшөөрлийн хугацааны доод хязгаарыг заагаагүй зэргээс маргаан гарч байгаа тул анх удаа тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар олгоно гэж ойлгох ба “…тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэсэн хуулийн энэ шаардлага зөрчигдсөн тохиолдолд захиргааны акт хүчингүй болох нөхцөл болохыг анхаарвал зохино. 

Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тогтоосон энэ хугацаа нь газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдон олгох зөвшөөрөлд хамаарахгүй болохыг анхаарах нь зүйтэй. 

4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Төрийн Захиргааны төв байгууллага, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон зохицуулах хороо, зөвлөл, Мэргэжлийн хяналтын байгууллага, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох эрхтэй боловч эдгээр субьектүүд өөрт хамаарахгүй аж ахуйн үйл ажиллагааны төрлөөр тусгай зөвшөөрөл олгосон маргаан гарсан байна.

Энэ зөрчил нь захиргааны акт хүчингүй болох үндэслэл тул шүүх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэхдээ дээрх байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд аж ахуйн үйл ажиллагааны тухайн төрлийн тусгай зөвшөөрөл олгох асуудал хамаарч байгаа эсэх, уг зөвшөөрөлийг олгох эрх бүхий захиргааны байгууллага албан тушаалтан нь мөн эсэхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэх явцдаа анхаарч шалгаж байх нь зүйтэй. 

5.Захиргааны албан тушаалтан “Хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл бүхий захиргааны шийдвэр /тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, захирамж, тушаал гэх мэт/-ийн хуулбарыг шүүхэд ирүүлэхдээ захиргааны актыг засварласан зөрчил гарч байгааг анхаарч бичмэл нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг заавал хангуулж байвал зохино. 

Мөн шүүхэд ирүүлсэн баримт бичгийн хуулбар нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад байгаа захиргааны актын эх хувьтай тохирч буй эсэхэд хуульд заасан журмын дагуу үзлэг хийн баталгаажуулж байх нь зүйтэй. 

6.Захиргааны байгууллага албан үүргийн хувьд тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон асуудлыг хариуцдаг ажилтныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байгаагаас шалтгаалан хэргийн оролцогчдоос түүний үйл ажиллагаатай холбогдсон гомдол гаргасан тохиолдолд уг томилогдсон этгээдийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг анхаарч, энэ талаар төлөөлүүлэгчид мэдэгдэж байх шаардлагатай. 

7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргахаар заасан тул нарийвчилсан зохицуулалттай бусад хуульд үүнээс өөрөөр заагаагүй бол энэ талаар гаргасан гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заавал хангуулах ба дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаатай адил болохыг анхаарвал зохино.   

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ