2016 оны 06 сарын 23


 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ 
ХЭРГИЙН ТАНХИМЫН ЗӨВЛӨМЖ    
    
2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр                                                                                                            Улаанбаатар хот


 Газрын тухай хуулийг шүүхийн практикт
 нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай

     Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхүүд 2004, 2005 онд газрын талаарх маргаантай хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шүүхийн практикийг нэгтгэн судалж үзлээ. 
      Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Газрын тухай хуулиар 2004 онд 20, 2005 онд 73 хэрэг тус тус хянан шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн 531 хэргийн 17,5 хувийг эзэлж байгаагаас үзэхэд энэ төрлийн хэрэг цаашид өсөх хандлагатай байна. 
Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан материаллаг хуулийн заалтуудыг шүүхүүд үндсэнд нь зөв тайлбарлан  хэрэглэж байна. 
Нийт шүүх, шүүгчид Газрын тухай хуулийг хэрэглэхдээ дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй гэж үзэж Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг үндэслэн ЗӨВЛӨМЖЛӨХ нь: 

1.Гомдол гаргах харъяалал. Газрын тухай хуулийн /Цаашид “хуулийн” гэх/ 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан маргааныг дээд шатны Засаг дарга, 60.1.3-т заасан маргааныг мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан /Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч/ албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга заавал урьдчилан шийдвэрлэнэ. Харин мөн хуулийн 60.2 дах хэсэгт зааснаас үзэхэд гомдол гаргагч этгээд нь маргааныг дахин урьдчилан шийдвэрлүүлэх эсхүл шүүхэд шууд хандах эрхээ сонгох эрхтэй байна. Иймд урьд нь маргааныг нэг удаа урьдчилан шийдвэрлүүлсний дараа шүүхэд гомдлоо гаргасан тохиолдолд шүүх түүнийг нь хүлээн авахаас татгалзаж болохгүй.
 Мөн зүйлийн 60.1.1, 60.1.3-д заасан маргааны хувьд анхдагч актыг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргасан эсхүл урьдчилан шийдвэрлэх журмаар доод шатны Засаг даргын шийдвэрийг хянаад гаргасан шийдвэрт гомдол гаргаж байгаа бол Захиргааны хэргийн шүүх шууд хүлээн авч шийдвэрлэж байх нь зүйтэй. 
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг зөвшөөрөөгүй эрхийн гэрчилгээ эзэмшигчийн гаргасан гомдлыг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэнэ. 
Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-63.1.15–д заасан зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн байгаль орчны улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдол нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэгдсэн байвал зохино.                         
Харин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон аливаа маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй.
 
2. Газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавигдах шаардлага. Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтан нь анх газар эзэмших, ашиглах эрх олгохдоо хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасныг голлон анхаарвал зохино. Эрх олгогдсоны дараа тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлэхээр нь оршин суугчид болон сонирхогч бусад этгээдүүд үндэслэл муутай нэхэмжлэл, гомдол гаргах, элдэв шахалт, шаардлага тавьдаг явдал олонтоо ажиглагдсаныг тэмдэглэж байна.
 Газрын талаарх маргаантай хэрэг бүрт Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хуваарь/ зэргийг бүгдийг нь нотлох баримт болгон авч хэрэгт хавсаргах боломж муутай байдаг. Энэ тохиолдолд тухайн орон нутагт үйлчилдэг төлөвлөгөө, төсөл, хуваарийн эх хувийг /Нийтэд илэрхий үйл, баримттай адилтган үзэх/ аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн ажлын хэрэгцээнд авах шаардлагатай бөгөөд маргаан бүхий газар нь төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй гэсэн тодорхой маргаантай хэрэгт дээрх баримтуудад үзлэг хийж, холбогдох заалт, хэсгийг нотлох баримт болгон хавсаргаж байх нь зүйтэй.         

3. Шугам сүлжээ бүхий болон нийтийн эдэлбэрийн газар. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3.2 дах хэсгийг адил утгаар буюу аймгийн төв, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зөвхөн аймаг, нийслэлийн Засаг шийдвэрлэнэ гэж ойлгох нь зүйтэй бөгөөд бусад газарт иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг мөн зүйлийн 21.4.3, 21.5.3-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ. 
Инженерийн шугам сүлжээ бүхий болон нийтийн эдэлбэрийн газар болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр баталгаажсан, зураглал, төлөвлөгөө, түүний техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төсөл, газрын кадастрын зураглалд тусгагдсан эсэхийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй бөгөөд ийм баримт үгүй бол тодорхой байгууламж баригдаж, зориулалтаараа ашиглагдаж байгаа эсэхийг үзлэг хийж тодруулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах  зэргээр тодорхой ажиллагаа хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэж байвал зохино.

 4. Газар эзэмших гэрээ, гэрчилгээ. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын алба /даамал/-тай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа юм. Иймд захирамж гаргах, гэрээ байгуулж ёсчлох, гэрчилгээ олгох ажиллагаа нь хуулийн хүрээнд хэрхэн зөв явагдсан нь газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавигдах шаардлагатайгаа хэр нийцэж байгааг шүүх нотлох баримтанд тулгуурлан тогтоох үүрэгтэй.    
Захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ аваагүй /олгоогүй/ явдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан талаар маргаан гардаг. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус зааснаар бол Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэхээр байгаа хэдий ч захиргааны байгууллага, албан тушаалтан гэрээ байгуулахгүйгээр шууд гэрчилгээ олгох явдал гарах хандлагатай байна. 
Ийм тохиолдолд гэрээ хийгдээгүй байна гэдгээр хүсэлт гаргагчийг буруутгах биш харин тэрээр зохих үүргээ биелүүлсээр байтал захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар дүгнэлт хийвэл зохино.

5. Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох. Хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны Засаг даргад гаргасан бол Засаг дарга, мөн зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Хуулийн дээрх заалтыг эзэмшигч зөрчвөл эрх дуусгавар болох, Засаг дарга зөрчвөл эрх хүчин төгөлдөр байх нөхцлийг тус тус бүрэлдүүлнэ. Хуулийн энэхүү зорицуулалт туйлын тодорхой боловч энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх тухайн тохиодолд хүндэтгэн үзвэл зохих нөхцөл, шалтгаан байсан эсэхийг л шалгаж, нотлох баримтаар тогтоосон байвал зохино. 
Харин гэрээнд сунгуулах хүсэлтийн талаар тусгайлан хугацаа зааж зохицуулсан тохиолдолд хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй бол өмнөх гэрээнд заасан хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох нь зүйтэй. 
Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “…эзэмшигч сунгуулах эрхтэй” гэж заасан нь заавал сунгах ёстой гэсэн санааг агуулаагүй болох нь хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1,  37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт тодорхой байгаа болно. 
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг … зөрчсөн” гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд “Удаа дараа” “Ноцтой” зөрчсөн гэдгийг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэж байгаа практиктай адилаар ойлгох нь зүйтэй.
 Зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж  Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой. 
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтийг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.
Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино. 
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт “...мэдэгдэнэ” гэж заасан нь мөн зүйлийн 40.3 дах хэсэгт “...шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсэнтэй зөрчилддөг. Энэ тохиолдолд мэдэгдсэн ч, мэдэгдээгүй ч шийдвэр гарснаас хойш 10 өдөр өнгөрсөн бол гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж болохгүй. Уг асуудалд эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаас нь хандаж гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдсэн эсэхийг шалгаж, мэдсэн өдрөөс хойш 10 өдөр өнгөрсөн /хөөн хэлэлцэх хугацааг/ эсэхийг тоолох нь зүйтэй. 
“Мэдэгдсэн” гэдгийг гардуулан өгсөн гэдгээс өргөн утгаар ойлгож захирамжийг эсвэл түүний утгыг илэрхийлсэн мэдэгдлийг тухайн этгээдэд гардуулан өгөх, хаягаар болон бусад аргаар хүргүүлэх, факс, И-мэйл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, зарлах зэргээр сонирхогч этгээдийг тодорхой ойлголттой болгосон байхыг хэлнэ. Гэхдээ ийм ажиллагаа хийгдсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байвал зохино.

6. Газар ашиглах. Хуулийн 44 дугаар зүйлийн 44.8 дах хэсэг нь Монгол Улсын иргэн, манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг заалт юм.
 Эрх бүхий байгууллага, албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барих, хайгуул хийх, ашигт малтмал олборлох, хадлан бэлчээрийн зэрэг зориулалтаар хууль бусаар газар ашиглах явдал түгээмэл байгаа бөгөөд Засаг дарга энэ үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор газар чөлөөлүүлэх мэдэгдэл, байгаль орчны улсын байцаагч хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-д зааснаар хариуцлага хүлээлгэж акт гаргана. 
Судалгаанаас үзвэл зөрчил гаргагч этгээд ихэнх тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхтэй байдаг бөгөөд түүнийхээ зориулалт, хэмжээ, байршлыг зөрчсөнөөс маргаан гардаг тул зөвшөөрөгдсөн эрхтэй газар, зөвшөөрөлгүй ашигласан гэх газар нь хаана байрлалтай болохыг  шүүх зөв тогтоох учиртай.
 Ямарч зөвшөөрөлгүйгээр газар ашигласан талаарх маргааны хувьд газар ашигласан, ашиглаагүйг л тогтооход хангалттай.

7. Нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйлийг тодорхойлдог. Газрын талаарх маргаан хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг судлаж үзэхэд талуудын гаргасан хүсэлт, гомдолд дурьдсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шалгаж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлээр шийдвэрлэх явдал олонтаа ажиглагдаж байгааг зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзнэ.

 


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ