2016 оны 06 сарын 23


МОНГОЛ  УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ
ХЭРГИЙН ТАНХИМЫН ЗӨВЛӨМЖ

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79, 90 дүгээр
   зүйлийг хэрэглэж буй шүүхийн практикийн тухай


2006 оны 4-р сарын 25-ны өдөр                                                                                                                            Улаанбаатар хот 


Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2004 оны 6-н сараас  2006 оны 1, 2 дугаар сард Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 90 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянагдсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол /цаашид захирамж, тогтоол гэх/ болон дээрх хугацаанд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолуудыг /давж заалдах шатны журмаар хянагдаагүй/ хянаж, шүүхийн практикийг судлав. 

Судалгаанаас үзвэл хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхээр хянагдсан 14 шүүгчийн захирамжаас 8 нь хүчингүй болж, 2 шүүхийн тогтоол  хянагдсанаас 1 нь хүчингүй болжээ.  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
Нийт шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргахад дараах зүйлийг анхаарах нь зүйтэй байгааг тэмдэглэж Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3; 15.4-т заасныг үндэслэн ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ: 

1. Захирамж, тогтоол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   шүүхээс гаргах шийдвэрийн нэг төрөл тул шийдвэрлэж буй асуудлын зорилгод нийцүүлж, хуулийн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэн, цугларсан баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийх нь зүйтэй ба тэдгээрт хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нэгэн адил тавигдана. 

Захирамж, тогтоол гаргах үндэслэлийг хуулийн 79 дүгээр зүйлээр тодорхой зохицуулжээ. 

Гэтэл аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчид захирамж,  тогтоол гаргахдаа хуулийн заалтыг өөр өөрөөр хэрэглэж байгаагаас үзвэл энэ талаар нэгдсэн практик тогтоогүй байна. 
 
Тухайлбал: зарим шүүгчид ямар ч төрлийн захирамж гаргасан зөвхөн хуулийн 79 дүгээр зүйлийг дангаар нь, зарим нь 79 дүгээр зүйлийг тухайн төрлийн захирамж гаргахад холбогдох өөр зүйлтэй давхар хэрэглэж байхад нөгөө хэсэг нь 79 дүгээр зүйлийг огт хэрэглэхгүйгээр зөвхөн тухайн асуудлаар гаргах захирамжтай холбоотой зүйл заалтыг баримталжээ. 

Иймд цаашид захирамж,  тогтоол гаргахдаа  хуулийн 79 дүгээр зүйлийг удирдлага болгож, захирамжлах, тогтоох хэсэгт тухайн асуудлаар захирамж, тогтоол гаргахаар тусгайлан заасан хуулийн зүйл, хэсгийг баримталж байвал зохино. 
 Жишээ нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1; 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ /хэрэв тогтоол бол ТОГТООХ НЬ/ 
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг баримтлан … нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилсугай” гэх мэт. 

 Мөн зарим шүүгчид хуулийн 45 дугаар зүйлд зааснаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 158 дугаар зүйлийг давхар баримталж байгаа нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд тухайн шийдвэрлэж буй асуудлыг зөвхөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлан шийдвэрлэж байх нь зүйтэй.  

Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн гаргасан захирамжаас үзвэл тэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэсэн атлаа” Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримталж , мөн зүйлийн 44.1-д заасныг зөрчжээ. Энэ мэт хууль буруу хэрэглэж байгаа алдааг дахин давтахгүй байвал зохино. 

2. Захирамж, тогтоолд шийдвэрлэж буй асуудлыг аль болох товч, тодорхой,  хуулийн үг хэллэгээр хэргийн оролцогчдод ойлгомжтой байхаар тусгах ёстойгоос гадна үг, найруулгын алдааг сайтар хянаж, захирамж, тогтоолын ард боловсруулж, хянасан шүүгч гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай.  

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан захирамжид нэхэмжлэлийг хүлээн авсан оныг 2006 гэхийг 2005 он гэж буруу тэмдэглэснээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш бүтэн 1 жилийн дараа түүнийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргасан гэж  ойлгогдохоор болжээ. 

Захиргааны хэрэг үүсгэх захирамжид ихэнх шүүгчид “…нэхэмжлэлд холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсүгэй” , зарим нь “…-ны нэхэмжлэлтэй …-д холбогдох хэрэгт /хэрэг үүсгээгүй байхад/ захиргааны хэрэг үүсгэсүгэй”, “…-ний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсүгэй”  гэх мэтээр оновчтой бус томьёолсон байгааг анхаарч, цаашид “…-ний нэхэмжлэлээр ….-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсүгэй” гэж томьёолох нь зүйтэй.  

3. “Шүүхийн тогтоол” гэдэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагааны талаар шүүх бүрэлдэхүүнээс гаргасан шийдвэр юм.  

 “Шүүх бүрэлдэхүүн” гэдэгт хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаас үзвэл 3 шүүгч /анхан шатны шүүхийн хувьд/ байх ёстой тул шүүхийн тогтоолыг ямар ч тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргах ёстой. 
Харин шүүх бүрэлдэхүүнд орж байгаа шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг хэлэлцээд гаргасан шүүхийн тогтоол үүнд  хамаарагдахгүй.   / хуулийн 65 дугаар зүйл/

Гэтэл Нийслэл, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч “өвчтэй, гадаадад явсан, Улаанбаатар хотод сургалтад оролцож байгаа” гэх мэт үндэслэлээр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийн тогтоолыг 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргаж хууль буруу хэрэглэжээ. 

Түүнчлэн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд хэргийн оролцогчид оролцож байгаа  тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэлийг зайлшгүй хөтөлнө.   

4. Хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ”...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” 
79.3-т “Хуульд тусгайлан заасан бол захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг тэмдэглэлд тусгах замаар “амаар” гаргаж болно.” гэж зааснаас үзвэл  “ам захирамж, тогтоол” гаргахад 3 шаардлага  тавигдаж байна. Үүнд: 
а) тухайн асуудлын талаар хуульд  тусгайлан заасан байх;
б) Шүүх хуралдааны тэмдэглэлд заавал тусгах;
в) “ам захирамж, тогтоол”-ыг зөвхөн шүүх хуралдааны явцад гаргах зэрэг болно. 
Тухайлбал, хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна” гэж заасан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн эсхүл шүүх хуралдаан даргалагч хуулийн уг заалтыг хэрэгжүүлэхдээ “ам захирамж, тогтоол” гаргаж болох юм.   

 5. Шүүх ямар тохиолдолд “хэргийг хэрэгсэхгүй болгох”, ямар тохиолдолд “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” талаар шүүгчид нэгдсэн ойлголтгүй байгаа нь судалгаанаас тодорхой ажиглагдаж  байна. 

“Нэхэмжлэл үндэслэлгүй” гэж үзвэл “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй” болгох нь зүйтэй бөгөөд үүнийг гагцхүү шүүх хуралдаанаас “шийдвэрээр”, харин шүүх хуралдааны үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл, мөн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал  тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж ойлговол зохино.  

Үр дагаврын хувьд “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй” болгосон тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болдог бол харин хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөлд тухайн этгээдийн уг асуудлаар шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй юм. 

Хуулийн 74 дүгээр зүйлд шүүх хуралдааны үед мөн хуулийн 41-43 дугаар зүйлд заасан нөхцөл байдал илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тодорхой заажээ.  Иймд энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн 74 дүгээр зүйлийг удирдлага болгож,  мөн хуулийн 41-43 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримталж  байх нь зүйтэй.  

Харин шүүх хуралдааны үед  “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл” тогтоогдвол шүүх ямар хуулиар шийдвэрлэх асуудлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй байхад энэ тохиолдолд шүүгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь буруу юм.  

Иймд цаашид дээрх нөхцөл байдал шүүх хуралдааны үед үүсвэл хуульд нэмэлт, өөрчлөлт ортол хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгож, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлан, “хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”  байвал зохино. 

6. Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хойшлуулах, түдгэлзүүлэх талаар гарсан захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоног дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ямар төрлийн захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй талаар хуульд тодорхой заагаагүй байгаа боловч үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй бүх захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй гэж ойлгож болохгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд энэ талаар тодорхой тусгасан болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хойшлуулах асуудлын хувьд тодорхой бол “явуулах” гэдэгт хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсний дараа шүүгчээс явуулах үйл ажиллагаатай  холбогдон гаргасан захирамж, тогтоол  гэж ойлгох нь зүйтэй. 

“Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжид гомдол гаргаж болно” гэж практикт ойлгож буй нь буруу юм. Хэрэг үүсгэх захирамж нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж буй явдал бөгөөд цаашид үргэлжлүүлэн явуулах үндэс суурь нь болдог. Өөрөөр хэлбэл зөвхөн дотоод харилцаанд хамааралтай, уг захирамжийн талаар оролцогчдод заавал мэдэгдэх шаардлагагүй ба уг захирамжид  гомдол гаргахгүй. Иймд захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид “гомдол гаргах эрхтэй” гэж зааж болохгүй.  

Цаашид шүүхээс гаргаж байгаа аливаа захирамж, тогтоолд аль шүүхэд, ямар хугацаанд гомдол гаргах эрхтэйг эсхүл гомдол гаргах эрхгүй талаар заавал зааж, энэ тухай хэргийн оролцогчдод танилцуулж байх нь зүйтэй. 
 
7. Хуулийн заалтаас үзэхэд захирамж, тогтоолын талаарх гомдлыг зөвхөн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргах нь тодорхой байна.  

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хуульд заагаагүй үндэслэлээр тухайлбал “хамтран хариуцагчаар татах”, “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, “хялбаршуулсан журмаар шийдвэрлэж гаргасан шүүгчийн захирамж” зэрэг захирамж, тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг үндэслэн өөрөө хянаж, хууль зөрчиж байгааг тэмдэглэж байна.  

8. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталбал зохино.   

Хүсэлтийг тухайн хэргийг хамгийн сүүлд хянан шийдвэрлэсэн шүүхийн харьяаллаар хүлээн авна гэж ойлгох нь зүйтэй ба шүүх шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хянан шийдвэрлэнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн  181.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянахад анхны шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг оролцуулахгүйгээр өөр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх бөгөөд уг шүүхийн тогтоол нь эцсийн байх  тул түүнд гомдол гаргахгүй. 
 
9. Шүүх хуралдааны үед оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, тогтоолд гомдол гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь буруу юм. 
Хуулийн 47 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байвал, шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн хугацааг мөн зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан журмын дагуу сунгаж байх нь зүйтэй. 

10. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийг буцаах,  хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  52-60 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна. 
Уг асуудлыг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2003 оны 11  дүгээр сард гаргасан зөвлөмжийг /Монгол Улсын Дээд шүүхийн мэдээлэл 2003 он, дугаар 4/  дахин сайтар судлан үзвэл зохино.  
Түүнчлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захирамж,  тогтоол нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа эрхийн акт тул шийдвэрийн  дугаар авч байх нь зүйтэй. 
 Цаашид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоол, шүүгчээс захирамж гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, уг хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоол,  Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2005 онд гаргасан зөвлөмжийг анхааралтай судалж, хуулийг зөв хэрэглэж ажиллахыг зөвлөж байна.                

  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ