2016 оны 06 сарын 23

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний
 хэргийн танхимын зөвлөмж

 

2006 оны 5  сарын 3-ны өдөр                                                                                                                                        Улаанбаатар хот


Улсын тэмдэгтийн хураамжийн талаарх 
хуулийн зохицуулалтыг шүүхийн 
практикт зөв хэрэглэх тухай
        
        Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2005 онд 607, 2006 оны нэгдүгээр улиралд 189, бүгд 796 иргэний хэргийг зохигчдоос гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.
        Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг судлан үзвэл Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг шүүгчид нэг мөр ойлгож, зөв  хэрэглэж ирсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтладаггүй, тэмдэгтийн хураамжийг шүүх хуваарилахдаа энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийг  хэрэглэдэггүй, тэмдэгтийн хураамжийг буруу тооцдог, хэргийн зохигч сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг төлүүлэх ажиллагааг орхигдуулдаг, бичмэл нотлох баримтгүйгээр тэмдэгтийн хураамжаас чөлөөдөг зэрэг алдаа, зөрчлийг гаргасаар байна. Иймд улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгох, уг асуудлыг зөв шийдвэрлэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15.3., 15.4.-т заасныг баримтлан Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ нь:

            Нэг: Улсын тэмдэгтийн хураамжийн талаарх 
            эрх зүйн харилцааг зохицуулж буй ойлголтууд

        1.1.Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: Эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг үзүүлсэний төлөө хуулиар тусгайлан заасан хэмжээгээр зохигчдоос улсад төлж байгаа мөнгөн төлбөр юм.
Шүүхийн зардлын салшгүй нэг хэсэг болох улсын тэмдэгтийн хураамж нь улсын төсөвт төвлөрсний үндсэн дээр шүүхийн төсвөөр дамжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах зардалд зарцуулагдаж байдаг.

        1.2.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх гэдэг нь нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар эсхүл нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлж буй үйл ажиллагаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хэргийн зохигчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  шүүх чөлөөлж болно.

        1.3.Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх гэдэг нь Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, хуулиар урьдчилан тогтоосон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнээс дутуу төлсөн бол төлбөл зохих хэмжээнд нийцүүлэн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулж буй үйл ажиллагаа болно.

        1.4.Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хэмжээг багасгах гэдэг нь хэргийн зохигчийн эд хөрөнгийн болон төлбөрийн чадварын байдлыг харгалзан хуулиар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүхээс багасган тогтоож буй ажиллагаа юм. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөл зохих хэмжээг шүүх багасган шийдвэрлэхдээ зохигчийн хүсэлт, түүнд холбогдох нотлох баримтыг үндэслэн, хэргийн үйл баримтанд тулгуурлана.

        1.5.Улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлэх гэдэг нь хэргийн зохигчоос хуульд зааснаар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг тодорхой  хугацаагаар хойшлуулан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж буй шүүхийн ажиллагааг хэлнэ.

        1.6.Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах гэдэг нь  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөр хуулиар тогтоосон үүргийг тодорхой хугацаагаар хойшлуулж буй ажиллагаа  юм. Энэ нөхцөлд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хэдий хүртэл хойшлуулсан талаар шүүгчийн захирамжинд тодорхой зааж байх шаардлагатай.
         Улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлэх, хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэх үндэслэл нь улсын тэмдэгтийн хураамжийг багасгах (1.4) ажиллагаанд баримтлах зарчимтай адил байна. 
        Дээр дурдсан бүх асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

                Хоёр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 
                        анхаарах асуудлын талаар

        2.1.Нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсаргасан эсэхийг нягтлан үзвэл зохино. Зарим тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт эргэлзээ төрүүлэхүйц байвал Төрийн санд тухайн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр орсон эсэхийг нягтлан шалгаж болно.
        Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх талаар хүсэлт гаргавал түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд өгөх учиртай бөгөөд шүүх уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байвал зохино.
        
        2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д нэхэмжлэлийн үнийг тодорхойлох талаар заасан шаардлагыг  шүүх хэрэгжүүлбэл зохино. Тухайлбал, мөн зүйлийн 63.1.4.-д ”гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр “, 63.1.5.-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр”, 63.1.7-д “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр” тус тус тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр заасан байх тул эдгээрийг Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд 250 төгрөг” төлүүлэх тухай заалтад хамааруулан ойлгодог зөрчил, дутагдлыг таслан зогсоох шаардлагатай гэж үзнэ.

        2.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлбэл тухайн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөхийг шүүх шаардана. Уг шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж шүүх үзэхгүй бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байвал зохино.

        2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигч сөрөг нэхэмжлэл гаргавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3. дах хэсэгт заасан “сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн нэг адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн” байх шаардлагыг хангасан эсэхийг анхаарвал зохино.

        
        2.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ:
        -Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

        -Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагчаас  нэхэмжлэгчид олгуулахаар гаргуулна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрвэл энэ тухай эвлэрлийн гэрээг бичгээр хийнэ. Энэхүү гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид хуульд зааснаас өөр нөхцлөөр тохирч болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах талаар зохигчид тохироогүй бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  төлбөрийн 50 хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэнэ.

        2.6.Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох үндэслэл нь:

    -шүүх нэхэмжлэл  хүлээн авахаас татгалзвал;

    -Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан этгээд гомдлоосоо шүүх хуралдааны өмнө татгалзвал;
        
-Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй болох талаар шүүхээс хийсэн дүгнэлт зэрэг болно.  
 
        2.7.Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байх үндэслэл нь:
        
        -Нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд;

        -Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал;

        -Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тохиолдлууд байна.

        2.8.Хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан журмаар улсын тэмдэгтийн хураамж төлнө. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргагч нь нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжтай адил хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлсөн байх шаардлагатай. Хэргийн хэд хэдэн зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргавал зохигч тус бүр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна.

        2.9.Тэмдэгтийн хураамжийн хуульд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хэргийн зохигчдоос төлөх тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тодорхойлон заажээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-дэх хэсгийг, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн  аль тохирохтой нь давхар баримтлаж байх нь зүйтэй.

        2.10.Төсвийн байгууллагаас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас өмнө нь гаргасан зөвлөмжийг дахин сайтар судлан үзвэл зохино.  

 

Иргэний хэргийн танхим