2016 оны 06 сарын 23

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний
 хэргийн танхимын зөвлөмж

2006 оны 5  сарын 1-ний өдөр                                                                                                                Улаанбаатар хот


Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн
зарим зүйл заалтын талаарх зохицуулалтыг
шүүхийн практикт зөв хэрэглэх тухай


    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Хуулийн этгээд нь хуульд заасан баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг татан буулгах эсэх асуудлыг бүртгэх эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ гэж Улсын Дээд шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тогтоолоор тайлбарласныг үндэслэн 

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг баримтлан Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас нийт шүүхүүдэд ЗӨВЛӨМЖЛӨХ нь:

    Нэг. Бүртгэх байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргах талаар.
    
    1.1. Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг татан буулгах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар хүсэлт гаргагчийн оршин байгаа газрын шүүхэд гаргана.
    
1.2.Нэхэмжлэлд дараах нотлох баримтыг хавсарган ирүүлбэл зохино.
    
а. Хуулийн этгээдийг байгуулах тухай Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байгаа, хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, хэрэв тухайн шийдвэрт өөрчлөлт орж байсан бол холбогдох баримт.
    б. Хуулийн этгээдийн дүрэм.
    в. Бүртгэх байгууллагаас татан буулгах комиссын бүрэлдэхүүнд орох хүмүүсийн  нэр, албан тушаалын жагсаалт.
    г. Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийг томилсон шийдвэр буюу эрх бүхий этгээдийн итгэмжлэл.
    
    Хоёр. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудал.

    2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заан тодорхойлсон хугацаанд бүртгэх байгууллагад хуульд заасан баримт бичгийг ирүүлээгүй хуулийн этгээдийг татан буулгах тухай бүртгэх байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ.

    2.2.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч оролцохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар мэтгэлцэх зарчим энэ ажиллагаанд хамаарахгүй тул хариуцагчид нэхэмжлэл гардуулах, тайлбар авах ажиллагаа хийгдэхгүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацааны дотор хэргийг түргэн шуурхай шийдвэрлэвэл зохино. 
    2.3. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
    2.4. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгах комиссыг томилж заана. Ингэхдээ бүртгэх байгууллагаас санал болгосон этгээдийн овог нэр, ажил, албан тушаалыг тодорхой заах нь зүйтэй.

    Гурав. Бүртгэх байгууллагаас анхаарвал зохих зүйлийн талаар.

    3.1. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хуулийн этгээдийг татан буугдсан тухай өдөр тутмын сонин, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Ингэхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасан нэхэмжлэгчдээс өргөдөл гаргах хугацааг тодорхой зааж зарлана.
    
3.2. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацааг хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш зарласан хугацааны дотор татан буулгах комисс холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авна.
    
3.3. Татан буулгах комисс нэхэмжлэгчдээс  өргөдөл ирсэн тохиолдолд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-32.10-т заасан шаардлагыг хангана. 
    
3.4. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш татан буулгах комиссоос тогтоосон хугацаанд өргөдөл ирүүлсэн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 32.5-32.10-т заасан арга хэмжээг авч дууссаны дараа бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хасч, энэ тухай өдөр тутмын сонин, радио, телевиз зэрэг хэвлэл  мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

Иргэний хэргийн танхим