2016 оны 06 сарын 23


            МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ


2006 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр                                                                        Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ШИЙТГЭХ БА ЦАГААТГАХ ТОГТООЛ 
       БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

    
Шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолын бүтэц, агуулга, түүнд тавигдах шаардлага, тогтоол гаргахад баримтлах хуульд заасан журмыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, “Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, шүүхээс гарч буй эрхийн актуудын боловсруулалтыг сайжруулах зорилгоор Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хуульчдын сургалт ба давтан сургалт” төслийн шугамаар зохиогдсон “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал” сэдэвт сургалтын хөтөлбөрт тулгуурлан Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг удирдлага болгон 

                            ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:


1.Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүхээс гаргах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлд зааснаар шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна. Шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх “шийтгэх тогтоол”, гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх “цагаатгах тогтоол“ гаргана.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 294-р зүйлийн 294.2-т заасны дагуу шүүхийн тогтоол нь “удиртгал, тодорхойлох, тогтоох” хэсгүүдээс бүрдэх ба тогтоол боловсруулж гаргахад мөн хуулийн 284-р зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэл бүхий” байх, мөн Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-ын шаардлагууд нэгэн зэрэг тавигдана.  

Шүүхийн тогтоолыг /шийтгэх, цагаатгах/ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний эцэст гаргана. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 11,12 дугаар бүлэгт заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байвал зохино. 

Шүүхээс хэрэгт авагдаагүй нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргасан бол үүнийг шүүх хуралдааныг шууд явуулах тухай шүүн таслан ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөнд тооцох ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болно. 

Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 95-р зүйлийн 95.4-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй. 

Шүүх Эрүүгийн болон Эрүүгийн Байцаан Шийтгэх хууль хэрэглэхэд гарсан эргэлзээтэй асуудлыг, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт оролцсон хэмжээ, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар эргэлзээтэй асуудал гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. 
    
Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 286-р зүйлд заасан дарааллын дагуу асуудлыг хэлэлцэхээс гадна мөн хуулийн 246-р зүйлд заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн зарчмыг баримталж яллах дүгнэлтэнд тусгагдаагүй үйл баримтын талаар хэлэлцэх, түүнчлэн таамаглалд үндэслэн шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй.  

    Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоож, нотлогдсон тохиолдолд уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжид хамаарч байгаа эсэхийг шалгасны дараа хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй. Харин хэргийг зүйлчлэхэд Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно. 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид хуульд заасан ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхдээ ял шийтгэлийн хэмжээ, хорих ял эдлэх дэглэмийг зөв тогтооход нөлөөлөх хүчин зүйлсийг, тухайлбал: 

Эрүүгийн хуулийн 55, 56 дугаар зүйлүүдэд заасан ялыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зөв тогтоож, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн  аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэлийг сонгож авахын зэрэгцээ мөн  хуулийн 70 дугаар зүйлд заасан “Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 71 дүгээр зүйлд заасан “Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 72 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 73 дугаар зүйлд заасан “Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан “Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах”, 62 дугаар зүйлд заасан “Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”,  63 дугаар зүйлд заасан “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, 64 дугаар зүйлд заасан “Эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэл байгаа эсэхийг шалгасан байвал зохино. 

Тэрчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.7-д зааснаар “Иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд, ямар хэмжээгээр олгох, түүнчлэн иргэний нэхэмжлэл гараагүй бол эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ мөн  хуулийн 115-р зүйлийн 115.1 дэх хэсэг болон эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 19 тоот тогтоолд заасныг баримтлана.

Эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт авагдсан эд мөрийн баримт болон талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримт сэлт нь хэрэгт хамааралтай, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд дүгнэлт хийсэн байвал зохино. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 99, 100, 101 дүгээр зүйлд заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэн, хэдий хэмжээгээр хариуцан төлөхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлэхдээ төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн зардал болон хэргийн оролцогч нараас сайн дураараа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс зэрэг нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэдгийг анхаарч, хэрэв дээрх зардлыг нэхэмжилсэн тохиолдолд гэм буруутай эдгээдээс шүүхийн зардал гэсэн нэрээр гаргуулж үл болно. 

Шүүх цагаатгах тогтоол гаргасан тохиолдолд Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоно. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 294-р зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч тогтоолыг бичгээр үйлдэх ба дараа нь шүүх бүрэлдэхүүнд орсон бүх шүүгчид гарын үсэг зурна. Өөрөөр хэлбэл эсрэг саналтай шүүгч тусгай саналаа дугтуйнд хийж, хэрэгт хавсаргахаас гадна тогтоолд заавал гарын үсэг зурна. Тогтоол нь хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд алдаагүй бичигдсэн байна. 


2.Тогтоолын /шийтгэх ба цагаатгах/ удиртгал хэсэг 

Шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт тогтоолыг МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС хэзээ, хаана гаргасан болон Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 295-р зүйлийн 295.1.3-т заасны дагуу “тогтоол гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч, хэлмэрч”-ийг бичнэ. 
    
Удиртгал хэсэгт уг тогтоолыг хэзээ, хаана, ямар шүүх, шүүх бүрэлдэхүүн, шүүгч гаргасан болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүх хуралдааны бусад оролцогч нарыг бичихид тавигдах шаардлагууд нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай” зөвлөмжинд бичигдсэн шаардлагуудтай нэгэн адил гэдгийг анхаарвал зохино. 

Гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл байж болох нотлох баримтуудын нэг хэсэг тул гэрчийн нэрийг тогтоолын удиртгал хэсэгт дурьдахгүй байх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.4-рт  зааснаар “шүүгдэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээг” бичихээс гадна түүний холбогдсон хэргийн товч агуулга, уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт хамаарахыг  бичнэ. 

Тогтоолын удиртгал хэсгийг бичихдээ сунжирч үргэлжилсэн урт өгүүлбэр оруулахаас татгалзаж, эмх цэгцтэй хэлбэрийг баримжаа болгох нь зүйтэй. 


3. Тогтоолын /шийтгэх ба цагаатгах/ тодорхойлох хэсэг 

Хууль тогтоогч шүүхийн тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд харьцангуй богино хугацаанд бичгээр боловсруулах боломжтой гэж үзсэн, нөгөө талаас шүүхийн тогтоолыг боловсруулахаар зөвлөлдөх, бичгээр үйлдэх, уншиж сонсгох зэрэгт зарцуулах хугацааг хуулиар зохицуулж өгөөгүй тул  тогтоолд гэмт хэрэг гарсан үйл явц, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг маш дэлгэрэнгүй тусгах шаардлагагүй, харин шүүх хууль ёсны үндэслэл бүхий шударга шийдвэр гаргасан гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэхээр, энгийн бөгөөд ойлгомжтой, тодорхой үг хэллэгээр томьёолж бичих нь зүйтэй. 

Шүүхийн тогтоолын үндэслэл нь зөвхөн дээд шатны шүүхэд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэдэг итгэл үнэмшил төрүүлээд зогсохгүй хэргийн оролцогч нарт ойлгомжтой байх ёстой.

Эрүүгийн хэргийн талаар гаргасан шийтгэх болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд зааснаар дараах үндсэн хэсгүүдээс бүрдсэн байхыг шаардана. Үүнд: 

-    Удиртгал  
-    Нотлох баримт 
-    Эрх зүйн дүгнэлт

“Удиртгал”-д: шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад тухайн гэмт хэргийн талаар өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлогдож тогтоогдсон гэж үзсэн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бүх нөхцөл байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд товч тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар тодорхойлж бичнэ. Үүнд: ЭБШХ-ийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”-ийн талаар дурдана. 

Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийг үндэслэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох боломжтой байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинжүүдийг /обьектив болон субьектив/ орхигдуулахгүй бичих нь зүйтэй. 

Шүүх гэмт хэргийн талаар өөрийн олж тогтоосон үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл, түүний санаа зорилгыг тодорхойлсны дараа шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүгдэгч гэм буруугийн талаар ямар байр суурьтай байгааг бичнэ. 

Шүүх хуралдаанд оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, эд мөрийн баримтын гол агуулгыг бичиж болно. Тухайлбал:

•    Талийгаач Г.Эрдэнэбилэгийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 957 тоот акт.
Онош: 1.Үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг гэмтээж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх цусан бүлэнгээр дарагдсан, хурц цус алдалтаас үүссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зүрх - судасны хурц дутагдал, хүчтэй зэргийн согтолт. 

Дүгнэлт: 1.Г.Эрдэнэбилэгийн цогтост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурьдсан гэмтэл тогтоогдлоо. 2.Цээжний зүүн талын шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд зэргийн гэмтэл болно. 3.Г.Эрдэнэбилэг нь үнхэлцэг, зүрхний зүүн ховдолд нэвтэрсэн шархны улмаас зүрх цусан бүлэнгээр дарагдаж, хурц цус алдалт, амьсгал, зүрх - судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 4.Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 5. В III бүлгийн цустай байжээ. 6.Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. 7.Ноцолдож, тэмцэлдсэн ул мөр
илрээгүй болно. 8.Хутганы шархны байрлал, чиглэл, гүн зэргээс үзэхэд өөрийгөө хутгалах үед үүсэх боломж муутай гэж үзлээ.         Шинжээч эмч Г.Энхбаатар /хх-16/,

•    Шинжээч Г.Энхбаатарын 2006.1.2-нд өгсөн: Шархны байрлал нь зүүнээс баруун, доороос дээш чиглэлтэй, ташуу, гүнзгий нэвтэрсэн зэрэгт үндэслэн талийгаач нь өөрөө өөрийгөө хутгалах боломж муутай гэж дүгнэлт гаргасан талаарх мэдүүлэг /хх-21/,

•    Г.Эрдэнэбилэгийн цогцосноос ирүүлсэн био материалд шүүх химийн шинжилгээ хийсэн 2397 тоот шинжээчийн дүгнэлт: Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,9 хувийн этилийн спирт илрэв.                     Шинжээч Ж.Лхамцэнд /хх-19/,

•    2005.11.1-нд Ш.Баярсайханы биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5612 тоот акт /хх-24/,

Дүгнэлт: 1.Ш.Баярсайханы биед нүүр болон гаранд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. 6.Баярсайхан нь III бүлгийн цустай байна. /хх-23/

•    Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний  798 тоот акт. Дүгнэлт: 1.Ш.Баярсайхан нь хэрэг үйлдэхээс өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. 2.Ш.Баярсайхан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. 3.Ш.Баярсайхан нь хэрэг хариуцах чадвартай. 4.Ш.Баярсайхан үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 
Шинжээч Б.Аюушжав, Б.Жавзмаа, О.Баатаржав./хх-28/

•    Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2005.12.26-ны өдрийн 4314, 4475 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Хутга хувцасан дээр цус илэрсэн. Энэ нь В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.     Шинжээч О.Болдбаатар /хх-31/,

Гэрч 1973 онд төрсөн, Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 16-р гудамжны задгайд оршин суух, Л.Болдбаатарын 2005.11.01-нд өгсөн: манай дүү Энхчимэг орж ирээд гадаа зодолдоод байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Баярсайхан завилаад баруун хойшоо хараад суучихсан, талийгаачийн толгойг өвдөг дээрээ дэрлүүлээд дээшээ хараад хэвтүүлчихсэн сууж байсан. Яасан бэ гэхэд Баярсайхан “энэ өөрөө өөрийгөө хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь хутгыг нь булааж авах гэхэд надтай ноцолдоод байсан... гэх мэдүүлэг /хх-43/, 

•    Гэрч 1958 онд төрсөн, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16 дугаар гудамжны задгайд оршин суух Д.Норовсамбуугийн 2005.10.30-нд өгсөн: Тэр орой гаднаас манай хүү Нямжаргал орж ирээд Эрдэнэбилэг ахыг хутгалчихсан байна гэхийг нь сонсоод би гарсан. Гараад харахад талийгаач манайхаас баруун урд чигт газар хэвтчихсэн, Баярсайхан гэдэг залуу талийгаачийн толгой орчимд сууж байсан. Би шууд очоод пульсийг нь барьж үзэхэд цохихгүй байсан тул нас барсан байна гэж  хэлэх үед тэр Баярсайхан гэгч залуу “Эгчээ, өөрийгөө хутгалсан шүү, та хэлж өгөөрэй” гэсэн .. гэх мэдүүлэг /хх-48/ гэх мэт.


Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүхийн тогтоолд үгчлэн тусгах шаардлагагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд шүүхэд яагаад итгэл үнэмшил төрүүлсэн бэ гэдгийг тайлбарлаж  бичих хэрэгтэй. 

Нотлох баримтыг шинжлэн судлаад гарсан үр дүнг шүүх магадгүй үнэн зөв байх гэж үзэх нь хангалттай бус, ямар ч эргэлзээгүй буюу хуульд зааснаар нотлох гэж байгаа үйл баримт нь хөдлөшгүй “үнэн зөв” байх ёстой. 

Түүнчлэн нотлох баримтыг үнэлэх явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлын хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн бусад нөхцөл байдлыг үндэслэх шаардлагатай. 

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад олж тогтоосон бодит байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй харьцуулж, шинж чанарууд нь бүгд тохирч байгаа тохиолдолд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар “Эрх зүйн дүгнэлт” гэсэн хэсэгт бичнэ.  

Мөн Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасны дагуу хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал, хэргийн заримыг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэл, түүнчлэн урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл, шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шалтгааныг тодорхойлж бичнэ. 

Хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдлыг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.2, /Энэ хуулийн 55.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй/, мөн 56-р зүйлийн 56.2, /Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй/, мөн 56-р зүйлийн 56.3 /Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн 56.1-д зааснаас бусад байдлыг ялыг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй/ дахь заалтуудыг тус тус анхаарвал зохино. 

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 70-р зүйлд заасан “Үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 71 дүгээр зүйлд заасан “Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 72 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”,  73 дугаар зүйлд заасан “Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 61 дүгээр зүйлд заасан “Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах”, 62 дугаар зүйлд заасан “Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, 63 дугаар зүйлд заасан “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, 64 дугаар зүйлд заасан “Эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” нөхцөл байдлыг тогтоож, үндэслэлээ тодорхойлж бичих нь зүйтэй. 
         

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэдгийг үндэслэх шаардлагатай. 
    
Энэ хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг дурьдахдаа шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэл нь юу болох, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн цаг, газар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг товч ойлгомжтой, хуулийн хэллэгээр бичнэ. Ингэхдээ яллагдагчаар татах тогтоол буюу яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг мөн дурьдаж болно. Тухайлбал: гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс иш татах, эд мөрийн баримтын тухай тодорхой оруулах нь зүйтэй юм. 

Мөн хэсэгт шүүхээс хэргийн талаар тогтоосон байдлыг тусгана. Энэ хэсэгт яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурьдана. Үүнд: ял сонсгох үндэслэл болсон нотлох баримтыг өөрөөр тайлбарлах, улсын яллагч анхаарч үзэлгүй орхигдуулсан шинэ нотлох баримтыг гаргах, түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч оролцоогүй болохыг нотолсон шинэ нөхцөл байдлыг шүүх тогтоох зэрэг хамаарна. 

Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэмт буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 13-р зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэнэ. Ингэхдээ шүүх өөрийн эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. Эрүүгийн болон Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл дээрхи журмыг баримтална. 

Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Харин шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхино. 

4.Тогтоолын /шийтгэх ба цагаатгах/ тогтоох хэсгийн талаар:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тухай дүгнэлт, түүнд оногдуулсан ял болон хэргийн талаар шүүхээс гаргасан бусад шийдвэрүүдийг заана. Ийнхүү заахдаа Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 297-р зүйлийн 297.1-297.4-т заасан дарааллыг баримтална. 

Тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл юм. Тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдвөл тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ. 

Тогтоох хэсгийг шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар томьёолсон байх шаардлагатай. 

Мөн энэ хэсэгт гэмт хэрэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ, хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдийн жинхэнэ эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ял зэргийг тодорхой заасан байх шаардлагатай.  

Хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн тогтоолоор хорих ял шийтгүүлсэн этгээдийн жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэсний дараа түүний ял эдлэх дэглэмийг заана. 

Шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлөх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд шүүх хүрвэл тогтоох хэсэгт түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт заасан ял оногдуулсны дараа ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. 

Хорих ял тэнсэх тохиолдолд тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг баримтлан хэдий хэмжээний хорих ялыг тэнсэж, ямар хугацаагаар хянан харгалзсан, энэ хугацаанд түүнд хэн хяналт тавихыг тодорхой заана. Мөн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд ч дээрхи журмыг баримтална. 

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа шүүх тогтоох хэсэгт шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнийг бүгдийг буюу заримыг, эсхүл тодорхой эд зүйлийг хурааж буйгаа болон хураах эд зүйл, эд хөрөнгийг нэг бүрчлэн заасан байвал зохино. /Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол/

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ялыг сонсгосон бөгөөд шүүх тэдгээрийн заримыг хэрэгсэхгүй болгосон бол аль хэрэгт нь ял шийтгэж, аль хэрэгт нь цагаатгасныг тогтоох хэсэгт нэг бүрчлэн заана. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдож байсан бол түүний урьдчилан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцохоор шүүх шийдвэрлэнэ. 

    Эрүүгийн хуулийн 24-р зүйлийн 24.1.1-24.1.4-т заасан үндэслэл байвал шүүх шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, энэ тухай зааж өгнө.

Иргэний нэхэмжлэл буюу хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ тогтоох хэсгийг ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар томьёолон бичнэ. Ийнхүү бичихдээ төлбөр авагчийн оршин суугаа болон ажлын хаягыг тодорхой зааж, төлбөрийн хэмжээг /мөнгөний дүнг/ үсгээр бичвэл зохино. 

Мөн тогтоох хэсэгт байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах, эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 

Шүүх хорих болон баривчлах ял шийтгүүлсэн ялтны харж үзэх хүнгүй буюу эд хөрөнгийн талаар амьдрах бололцоогүй үлдсэн бага насны болон насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр төрөл садан буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад шилжүүлэн өгөх, тэдгээрийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалах арга хэмжээ авсан бол энэ тухай тогтоох хэсэгт дурьдана. 

    Түүнчлэн нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авсан эсэх, түүнийг хэн, ямар журмаар биелүүлэхийг заана. 

    Харин цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.1-297.6.3-т заасан дарааллыг баримтална.

    Шүүх гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шүүгчдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон  болох нь нотлогдоогүй зэрэг хуульд заасан аль үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгасан болохыг тодорхой заана.

    Түүнчлэн шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ болон иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтыг хэрхэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

    Шүүгчдэгчийг цагаатгасан үндэслэлээс хамаарч иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисны аль нь болохыг шүүх тогтоох хэсэгт тодорхой заах үүрэгтэй.

    Тогтоох хэсэгт тогтоол /шийтгэх ба цагаатгах/ уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардаж авсан буюу танилцуулснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг давж заалдах болон хяналтын шатны  шүүхэд гаргахыг заана. 

                ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

 

Цагаатгах тогтоолын загвар: 


 ЦАГААТГАХ ТОГТООЛ

2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр                Дугаар  73                                                  Улаанбаатар хот
 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.Н, Б.С нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

    Иргэдийн төлөөлөгч Б.А, Ц.Ч, Л.М 
    Нарийн бичгийн дарга И.С 
    Улсын яллагч Ж.Ч 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ө 
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох 20535933 тоот эрүүгийн хэргийг 2006 оны 2 дугаар сарын 25-нд хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1968 оны 6 дугаар сарын 1-нд Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9-р хороо, Ээж хайрханы 4-ийн задгайд оршин суух, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  8-р анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ-68060111, Х овогт Ш.Б нь 2005 оны 10-р сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 16-ийн задгайд иргэн Т.Э-г зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокуророос шүүгдэгч Ш.Б-г 2005 оны 10-р сарын 31-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 16-ийн задгайд согтуугаар иргэн Т.Э-тэй маргалдаж, улмаар түүний толгойд чулуугаар цохиж санаатай алсан болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 957 тоот акт /хх-16/, шинжээч Г.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-21/, мөн Ш.Б нь газраас чулуу аваад талийгаачийн толгойн тус газар цохисон талаар гэрч Л.Б-н өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ш.Б-г бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь талийгаач Т.Э нь Ш.Б-д дээрэлхүү хандаж, түүнийг урьд нь удаа дараа зодож байсан, тэрээр хэрэг гарах үед согтуу байсан ба Ш.Б-г ална гэж заналхийлэн, улмаар гэрээсээ хутга авч гаран довтлох үед Ш.Б нь газраас чулуу аваад түүний толгойн тус газар цохиж, улмаар хутгыг булааж авсан талаар гэрч Ц.Н, Ц.Э нарын өгсөн мэдүүлгүүдээр түүний үйлдэлд бусдыг санаатай алах гэсэн санаа зорилго үгүйсгэгдэж, харин аргагүй хамгаалалт хийсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүх Ш.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г-н нэхэмжилсэн оршуулгын ажилд гарсан 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

    Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                  
    
                    ТОГТООХ НЬ:
    
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш. Б-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Ш.Б-г цагаатгасугай.  

2.Шүүгдэгч Ш.Б-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г-н нэхэмжилсэн 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.  

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.Шүүгдэгч Ш.Б 60 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай. 

    6.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэлийн шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих, мөн анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Улсын дээд шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг заасугай.

 

                                                                                   ДАРГАЛАГЧ             Б.Б            
                                                                                       ШҮҮГЧИД             Б.Н
                                                                                                                     Б.С            

 


Шийтгэх тогтоолын загвар:

ШИЙТГЭХ ТОГТООЛ


2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр        Дугаар 73        Улаанбаатар хот


    Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч Н, С нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

    Иргэдийн төлөөлөгч Б. Ц.Ц.Л, Л. М 
    Нарийн бичгийн дарга И.С 
    Улсын яллагч Ж.Ч 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ө 
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
    
    Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох 20535933 тоот эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1968 оны 6 дугаар сарын 1-нд Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9-р хороо, Ээж хайрханы 4-ийн задгайд оршин суух, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  8-р анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  регистрийн дугаар ЛЮ-68060111, Х овогт Ш.Б 

Шүүгдэгч Ш.Б нь 2005 оны 10-р сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 16-ийн задгайд иргэн Т.Э-г зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 


                ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

•    Талийгаач Г.Э-ийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 957 тоот акт.

Дүгнэлт: 1.Г.Э-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурьдсан гэмтэл тогтоогдлоо. 2.Цээжний зүүн талын шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд зэргийн гэмтэл болно. 3.Г.Э нь үнхэлцэг, зүрхний зүүн ховдолд нэвтэрсэн шархны улмаас зүрх цусан бүлэнгээр дарагдаж, хурц цус алдалт, амьсгал, зүрх - судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 4.Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 5. В III бүлгийн цустай байжээ. 6.Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. 7.Ноцолдож, тэмцэлдсэн ул мөр илрээгүй болно. 8.Хутганы шархны байрлал, чиглэл, гүн зэргээс үзэхэд өөрийгөө хутгалах үед үүсэх боломж муутай гэж үзлээ.  /хх-16/,

•    Шинжээч Г.Э-ийн  мөрдөн байцаалтын явцад 2006.1.2-нд өгсөн мэдүүлэгт: Шархны байрлал нь зүүнээс баруун, доороос дээш чиглэлтэй, ташуу, гүнзгий нэвтэрсэн зэрэгт үндэслэн талийгаач нь өөрөө өөрийгөө хутгалах боломж муутай гэжээ.   /хх-21/,

•    Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”Би Т.Э-ийг алаагүй, тэр өөрийгөө хутгалсан” гэв. /хх-ийн 65/

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын явцад 2005.11.01-нд өгсөн мэдүүлэгт: манай дүү Э орж ирээд гадаа зодолдоод байх шиг байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал Б завилаад баруун хойшоо хараад суучихсан, талийгаачийн толгойг өвдөг дээрээ дэрлүүлээд дээшээ хараад хэвтүүлчихсэн сууж байсан. Яасан бэ гэхэд Б “энэ өөрөө өөрийгөө хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь хутгыг нь булааж авах гэхэд надтай ноцолдоод байсан... гэжээ. /хх-43/, 

•    Гэрч 1958 онд төрсөн Д.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой гаднаас манай хүү Н орж ирээд Э ахыг хутгалчихсан байна гэхийг нь сонсоод би гарсан. Гараад харахад талийгаач манайхаас баруун урд чигт газар хэвтчихсэн, Б гэдэг залуу талийгаачийн толгой орчимд сууж байсан. Би шууд очоод пульсийг нь барьж үзэхэд цохихгүй байсан тул нас барсан байна гэж  хэлэх үед тэр Б гэгч залуу “Эгчээ, өөрийгөө хутгалсан шүү, та хэлж өгөөрэй” гэсэн .. гэжээ. /хх-48/,

•    Шүүгдэгч Ш.Б-г 2005.11.-нд сэжигтнээр /хх-33/, 2005.11.13-нд /хх-36/ яллагдагчаар тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

•    Шүүгдэгч Ш.Б-г урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-84/ зэрэг болно.


Шүүгдэгч Ш.Б нь 2005 оны 10-р сарын 31-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 16-ийн задгайд согтуугаар иргэн Т.Э-тэй маргалдаж, улмаар түүний зүрхэн тус газар хутгалж санаатай алсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд: талийгаач нь үнхэлцэг, зүрхний зүүн ховдолд нэвтэрсэн шархны улмаас нас барсан талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 957 тоот акт /хх-16/, хутганы шархны байрлал нь зүүнээс баруун, доороос дээш чиглэлтэй, ташуу, гүнзгий нэвтэрсэн зэргээс үндэслэн талийгаач нь өөрийгөө хутгалах боломж муутай гэж дүгнэсэн талаар шинжээч Г.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-21/, мөн хэрэг үйлдсэн даруйд Ш.Б-ны гарт хутга байхыг хараад түүний гараас хутгыг булааж авсан талаар гэрч Л.Б, Ц.Н, Ц.Э нарын өгсөн мэдүүлгүүд, мөн тэр өдөр Ш.Б нь нүүр болон гарандаа ир үзүүртэй зүйлээр зүсэгдсэн шархтай, согтуу ирээд Т.Э-тэй маргалдаж байсан талаар, түүнчлэн түүний хувийн зан чанар болон талийгаачид дээрэлхүү ханддаг байсан талаар мөрдөн байцаалтанд гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд зэрэг болно.Ш.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад “ хохирогч өөрийгөө хутгалсан” хэмээн мэдүүлж байгаа боловч  энэ нь шинжээчийн “ хутганы шархны байрлал нь зүүнээс баруун, доороос дээш чиглэлтэй, ташуу, гүнзгий нэвтэрсэн зэргээс үндэслэн талийгаач өөрийгөө хутгалах боломж муутай “ гэсэн мэдүүлгээр няцаагдаж байгаа ба уг мэдүүллэгийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч-эмч өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзнэ. Ш.Б-д холбогдох  хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Ш.Б согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56-р зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Т.Г нь оршуулгын ажилд гарсан 500.000 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай төмөр хутгыг устгаж, шүүгдэгчийн өмсөж явсан гутал, куртик, өмд зэргийг өөрт нь буцаан олгохоор тогтов. 

    Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283,286,294,297,298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    
    
                    ТОГТООХ НЬ:
 
    1.Шүүгдэгч Ш. Б-г бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.Шүүгдэгч Ш.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 15 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
4.Шүүгдэгч Ш.Б 2005.11.1-нээс 2006.3.14-н хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт  заасныг баримтлан түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 
    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай төмөр хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ш.Б-ны өмсөж явсан гутал, куртик, өмд зэргийг өөрт нь буцаан олгосугай. 
    6.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-аас 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Г-д олгосугай.
    7.Энэ тогтоол нь уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан Ш.Б-ын эдлэх ялыг 2006 оны 3-р сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай. 
    8.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэлийн шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих, мөн анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Улсын дээд шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Давах заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Б-г  цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                                                                                 ДАРГАЛАГЧ                 Б.Б            
                                                                                                     ШҮҮГЧИД                 Б.Н
                                                                                                                                       Б.С