2016 оны 06 сарын 23

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ЗӨВЛӨМЖ


2005 оны 04-р сарын 06-ны өдөр                            Дугаар 01                                             Улаанбаатар хот 


Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нар 2004 оны 11 дүгээр сарын 25-наас 2005 оны 3 дугаар сарын 01-ний хооронд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гараагүй Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргүүдийг хянав. 
Нийт шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхдээ дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй байгааг тэмдэглэн Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-д заасныг үндэслэн ЗӨВЛӨХ нь: 

НЭГ. Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах ажиллагааны талаар

    1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “хуульд тусгайлан заасан” гэдэг нь иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаагүйгээр нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргаж болохыг заажээ. Ингэж заасан 26 хууль /хавсралт ¹1/ байгаа ба тухайн хуульд маргаан бүхий захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэлээ гаргах хугацааг тусгайлан заагаагүй тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “…холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор… “ гэж ойлговол зохино. 
Энэ хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдвол мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хугацааны дотор шүүгч захирамж гаргаж нөхөн сэргээж болох юм. 

    2. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэдгийг тухайн хуульд гомдол хянан шийдвэрлэх тусгайлсан хугацаа тогтоогоогүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоног гэж ойлгоно. 
Хугацааг өөрөөр заасан хуулиуд байгааг анхаарах нь зүйтэй. Тухайлбал: Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сууц эзэмшигч нь сууц хувьчлахтай холбоотой гомдлыг орон сууц хувьчлах товчоонд гаргах ба уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ”; 2 дахь хэсэгт “сууц эзэмшигч орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн өмчийн хороонд гомдол гаргаж болно. Төрийн өмчийн хороо гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө”. Патентын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийхтэй холбогдон гарсан гомдлыг оюуны өмчийн газар 6 сарын дотор хянан шийдвэрлэж хариуг бичгээр мэдэгдэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч тал шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэсэн байна.
    
3. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын Захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэснийг анхны шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа явуулж байгаа газрын Захиргааны хэргийн шүүхэд гэж ойлговол зохино.
    Жишээ нь: Орхон аймгийн Газрын албаны эрхийн бүртгэгчийн хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргахаас биш уг бүртгэлийн талаарх иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хянан шийдвэрлэсэн улсын ерөнхий бүртгэгчийн ажилладаг буюу эрхийн улсын бүртгэлийн албаны оршин байгаа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргахгүй юм. 

    4. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг тухайн Захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авах бөгөөд хүлээн авсан тухайгаа баталгаажуулна. 
    Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвийн Зөвлөлийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Стандартын 2 дугаар хэсэг /Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага/-ийн 6.26-д заасны дагуу нэхэмжлэлийн эхний хуудасны ар талын зүүн доод буланд хүлээн авсан нэхэмжлэлийн бүртгэлийн дэс дугаар, түүнд хавсаргасан материалын хуудасны тоо, хүлээн авсан огноо, цаг, минутыг тэмдэглэж, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэнэ. Ингэж баталгаажуулах нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох, түүнийг тасалдсан эсэхийг тодорхойлох, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх болон уул хугацаанд хяналт тавихад ач холбогдолтой. Хянагдсан хэргүүдээс үзэхэд ихэнх шүүхүүд хуульд заасан энэ ажиллагааг гүйцэт хийгээгүй байна. 

    5. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 32.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэснийг нэхэмжлэлтэй танилцсан шүүгч нэхэмжлэлд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т тодорхойлон заасан зүйлүүдийг дутуу тусгасан байна гэж үзвэл бүрдүүлбэл зохих шаардлагуудыг нэхэмжлэл бүртгэх дэвтэрт тоочин бичиж, тогтоосон хугацаанд нэхэмжлэгч бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврыг нь тайлбарлаж, нэхэмжлэгчээр гарын үсгийг нь зуруулж байвал зохино. 
Тогтоосон хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй бол шүүгч хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар захирамж гаргаж нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаана. Энэ захирамжид хэргийн оролцогч хуулийн    90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй гэж ойлгоно.

    6. Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/, 34.1.2 / тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/, 34.1.8 /захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын маргаан бол/, 34.1.9 /захиргааны  акт нь эрүүгийн эрх зүйн маргаан бол/, 34.1.10 /захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан бол/-т заасан тохиолдлуудад шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд буюу Үндсэн хуулийн Цэц, прокурорт тус тус шилжүүлэхээр заажээ. Нэгэнт шүүгч захиргааны хэрэг үүсгээгүй учраас тухайн нэхэмжлэлийг шүүхийн тогтоолоор татгалзаж шилжүүлэх боломжгүй юм. 
Харин хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан шүүхийн тогтоолыг шүүх нэхэмжлэлийг харьяаллын журмаар хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.2-т зааснаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд гаргана. 
    Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д “нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь гармагц хүчин төгөлдөр болно” гэснийг анхаарах нь зүйтэй. 
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй захирамжид хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хэргийн оролцогчоос гомдол гаргаж болохгүй байх тул гармагц хүчин төгөлдөр болох захирамж гэж ойлговол зохино. 
Харин хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хойшлуулах, түдгэлзүүлэх талаар гарсан Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй тул эдгээр захирамж гармагц хүчин төгөлдөр болохгүй гэж ойлгоно.

    7. Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжид ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтанд холбогдуулж, хэний ямар шаардлагын агуулгад хэрэг үүсгэж байгаа тухайгаа тодорхой бичсэн байвал зохино. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч нар, хэрэг үүсгэсэн захирамждаа хэргийн хариуцагч нь чухам хэн болохыг заагаагүй, “нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж буруу томьёолж бичсэн байв. 
Шүүхүүд, тэр тусмаа тодорхой нэг шүүхийн шүүгч нарын бичсэн захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийн агуулга, бүтэц, баримталсан хуулийн зүйл, хэсэг өөр өөр байна. Зарим захирамж нь “хянах, захирамжлах” хэсэгтэй байхад зарим нь “тодорхойлох, үндэслэх, захирамжлах” хэсгээс бүрдсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 79 дүгээр зүйлүүдийг баримталсан байна. 
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүгчээс гарах захирамж /хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас бусад/-ийн бүтцийн талаар тодорхойлоогүй боловч хэрэг үүсгэсэн захирамж нь “удиртгал, хянах, захирамжлах” хэсгээс бүрдэж, “удиртгал” хэсэгт ямар шүүхийн хэн гэдэг шүүгч, хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох ямар шаардлага бүхий нэхэмжлэлийг хэзээ хүлээж авсныг бичиж, “хянах” хэсэгт тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүйг тодорхойлж, “захирамжлах” хэсэгт удиртгал болгосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг бичиж байвал зохино. Хэрэг үүсгэсэн захирамжид хариуцагчийг зөв тодорхойлох шаардлагатай юм.
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан албан тушаалтны гаргасан захиргааны актад гомдол гаргасан байхад түүний ажилладаг захиргааны байгууллагыг хариуцагчаар татсан, шүүгч тухайн албан тушаалтанд холбогдуулан хэрэг үүсгэж, захирамж гаргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага нь хариуцагч болж өөрчлөгдсөн зөрчлүүд гарч байна. 
Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндэслэл тогтоогдвол шүүгч захирамж гарган хариуцагчийг солих бөгөөд нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй бол хамтран хариуцагчаар татан оролцуулах юм. 
Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийн нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг учраас шүүгч хэрэг үүсгэсэн захирамждаа тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нотлох баримтыг цуглуулах тухайгаа тодорхойлон бичиж байх нь зүйтэй байна. 

    8. Хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан “…Хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах” гэснийг шүүгч амаар тайлбарлахаас гадна холбогдох зүйл, заалтуудыг тоочин бичсэн баримт бичиг ашиглаж болохыг ойлгоно. Гагцхүү эрх, үүргийг нь тайлбарласан тухайгаа баримт үйлдэж, хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргах шаардлагатай. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор хуульд заасныг анхаарвал зохино.

    9. Хуулийн 41, 42, 43 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн тохиолдолд шүүгч эдгээр хүсэл зоригийг баталгаажуулж дурьдан хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах бөгөөд энэ захирамжийг хэргийн оролцогч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтооно. 

    10. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөлийн талаар хуулийн 46 дугаар зүйлд тоочин зааснаас гадна өөр хуулиар хориглосон заалт байгааг анхаарах. Тухайлбал: Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Тухайн банкны хувь нийлүүлэгч онцгой дэглэм тогтоох тухай Монгол банкны шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасан нь онцгой дэглэм тогтоох шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй” гэж заажээ. 

ХОЁР. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаар

    1. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тухайн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоол гаргаж, сунгах ёстой. Тогтоолд зөвлөлгөөнд оролцсон захиргааны хэргийн шүүгчид гарын үсэг зурна. Нийслэл, Завхан, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэсэн зарим хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг Ерөнхий шүүгчийн захирамжаар сунгасан тохиолдол гарсан нь хуульд нийцээгүй байна. 

 
ГУРАВ. Хэргийн оролцогчийн талаар

1.    Хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг зөвхөн бие даасан шаардлагатайгаас гадна маргаан бүхий захиргааны актын талаар шүүхээс гарах шийдвэр нь бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг өөрийнх нь эсхүл шүүхийн санаачилгаар болон оролцогчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж ойлговол зохино. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн талд оролцож буй тохиолдол бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээд зөвхөн бие даасан шаардлагатайгаар оролцоно. 

2. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-27.2.8-д дурьдсан төлөөлөгчийн эрхийг түүнд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд заавал заасан тохиолдолд эдэлнэ гэж ойлгоно.

    3. Иргэдийн төлөөлөгч хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.4-т заасан “нэмэлт нотлох баримт цуглуулах талаар гаргах хүсэлт” нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхийн өмнөх буюу шүүгч хэргийн талаар танилцуулахын өмнөх үе шатанд хэрэгжинэ. Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд          3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулахаар заасан бөгөөд энэ нь 1, 2, 3 байж болно. Харин оролцсон төлөөлөгч нар хэргийн үйл баримт, оролцогчийн гэм буруугийн талаар өөр өөр саналтай байгаа тохиолдолд дүгнэлтээ тус тусдаа гаргана. 

ДӨРӨВ. Шүүх хуралдааны тэмдэглэл

    1. Хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулгыг бичих ёстой байтал зарим тэмдэглэлд шийдвэрийн “тогтоох” хэсгийг тэр чигт нь хуулан бичиж тэмдэглэлийг захиран тушаах хэлбэртэй болгосон нь буруу байна. 
Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга нар хэргийн оролцогчийн нэр, зарим үгийг хэтэрхий товчилж “нэх Б”, “хар Ц”, “гур.төл А” гэх зэргээр бичсэн нь ойлгомжгүй болжээ. 

    2. Хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасан “тэмдэглэлтэй холбогдон гарсан саналын талаар шүүгч захирамж гаргана” гэснийг шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний гаргасан саналыг шүүх хэрхэх талаар захирамж гаргах бөгөөд саналыг хүлээн авсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасны дагуу тэмдэглэлд засвар хийж баталгаажуулна. Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар тухайн хэргийг нотлох баримт болдгийг анхаарч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан шаардлагыг биелүүлж үйлдэж байх нь зүйтэй. 

ТАВ. Шүүх хуралдааны дэг

    1. Хэргийн зарим оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлын талаар хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 69.3-т заасан журмаар зохицуулахаар заажээ. Хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-100.4-т заасан журмыг хэрэглэхээр заасан зохицуулалт нь хэргийн зарим оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол ирсэн талын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг оролцогчийн эзгүйд хийж болох зохицуулалт юм. Харин хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3-т заасан тохиолдолд зөвхөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй үед шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулна гэж ойлговол зохино.

ЗУРГАА. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн талаар

    1. Хуулийн 9 дүгээр зүйлд заасан тохиолдлуудад шүүх мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т зааснаар тухайн захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. 

    2. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т заасан “Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлнэ” гэснийг шүүх мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д зааснаар шийдвэр гаргах үед хохирлын хэмжээний талаар маргаан гарсан тохиолдолд гэж ойлгоно. Энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргаж хэргийг иргэний хэргийн шүүхэд шилжүүлнэ. 

    3. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга ямар байх талаар хуулийн 72 дугаар зүйлд заажээ. Шүүхийн шийдвэр бүрэн ойлгомжтой, логик уялдаа холбоотой, эрх зүйн сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн байх ёстой. “Шүүхийн шийдвэр бүрэн байна” гэдэг нь шийдвэрт хэргийн оролцогчдын тайлбар, шаардлага, татгалзал, хэлэлцсэн баримтыг бүрэн тусгахыг ойлгох бөгөөд түүнийг хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байдлаас ялгаж ойлгох нь зүйтэй. Шийдвэрт нэмэлт тайлбар шаардагдахгүй бүх нийтэд тодорхой бөгөөд ойлгомжтой нэр, томьёо үг хэллэг хэрэглэсэн, тодорхой бус томьёолол, албан баримт бичиг үйлдэхэд хэрэглэгддэг үг, товчлол ашиглаагүй, хэрэгт ач холбогдолгүй үйл явдлыг бичээгүй байвал зохино. Хянагдсан шийдвэрүүдээс үзэхэд ялангуяа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж буй шийдвэрүүд нь хэтэрхий нуршуу, олон урт өгүүлбэртэй, ойлгомж муутай, хууль зүйн нэр томьёо, утга, найрлагын хувьд оновчтой биш бичигдсэн байсныг анхаарах нь зүйтэй. 
    
4. Хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасан бөгөөд энэ шаардлага нь шийдвэрт тавигдах үндсэн шаардлага юм. “Шийдвэр хуульд үндэслэгдсэн байна” гэдэг нь шүүх, хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөв хэрэглэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргахыг ойлгоно.
    
5. Хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан тохиолдолд шүүхийн шийдвэрт засвар оруулахыг заажээ. Гэтэл Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамждаа засвар оруулсан нь буруу байна. Хавтаст хэрэгт анхны гаргасан шийдвэр болон нэмэлт оруулсан шийдвэрийг засвар оруулсан тухай шүүх бүрэлдэхүүний тогтоол, шүүгчийн захирамжийн хамт үдэж байвал зохино. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр шийдвэртэй хэрэгт засвар оруулсан анхны шийдвэрийг үдэж хавсаргаагүй нь буруу байв. 
Түүнчлэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, уг хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолыг сайтар судалж, баримталж ажиллах шаардлагатай байна. 

 

                                                                   ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН 
                                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              О.ЗАНДРАА

 

 

 

 

 

 

 

 


2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 
01 дүгээр зөвлөмжийн хавсралт ¹1


1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль
2. Ард нийтийн санал асуулгын тухай хууль
3. Байгууллагын нууцын тухай хууль
4. Векселийн тухай хууль
5.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль
7. Зар сурталчилгааны тухай хууль
8. Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль
9. Иргэний бүртгэлийн тухай хууль
10. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хууль
11. Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль
2. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль
13. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль
14. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль
15. Технологи дамжуулах тухай хууль
16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль
17. Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль
18. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль
19. Тэмдэгтийн хураамжийн хууль
20. Харьяатын тухай хууль
21. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль
22. Хувь хүний нууцын тухай хууль
23. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль
24. Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль
25 Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль
26. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль