2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр         Дугаар-04                   Улаанбаатар хот 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар намын дарга,  намын бага хурлын болон хяналтын хорооны гишүүд шинээр сонгогдсоныг, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт орсон, мөн намын лого өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар гаргасан Хөгжлийн хөтөлбөр намын хүсэлтийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч намыг төлөөлж намын дарга О.Заяа, дэд дарга Д.Мөнхбат, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хөгжлийн хөтөлбөр намын дүрмийн хоёрдугаар бүлгийн 10.1 “Д”, “Е” 12.3, 12.4, 12.5, 13.3, гуравдугаар бүлгийн 4 дахь заалт, 6 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 1 дахь заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж, Намын дүрмийн гуравдугаар бүлгийн 4 дахь заалтад намын бэлэгдэл нь намиран буй далбаан дээр эрэгтэй, эмэгтэй хүний өөд тэмүүлсэн дүрслэлээр нийгэм ба хүний хөгжлийг илэрхийлсэн байсныг, Дэлхийн бөмбөрцөгийн оройд голлон гал, нар, сар, түүний доор эх дэлхийн зураг дээр Монгол улсын газрын зургийн ногоон өнгөөр дүрсэлж түүнийг тойрч үр тариа байхаар дүрслэн өөрчлөлт оруулсан, Хөгжлийн хөтөлбөр намын бага хурлын гишүүдийг 35 хүнийг сонгож баталж шинэчлэгдсэн, намын хяналтын хорооны гишүүд шинэчлэгдсэн, намын даргыг 2015 оны 12 дугаар сарын 01 тоот тогтоолыг үндэслэн Хөгжлийн хөтөлбөр намын даргаар Очирбатын Заяаг сонгож намын дарга өөрчлөгдсөн гэжээ.

Иймд дүрмийн нэмэлт өөрчлөлт болон намын лого, намын дарга өөрчлөгдсөнийг бүртгэж өгнө үү гэжээ.

Хүсэлтэд Хөгжлийн хөтөлбөр намын ээлжит 2 дугаар их хурлын 2015 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, их хурлын тэмдэглэл, намын дүрэм,  дүрэмд оруулсан өөрчлөлт, намын билэг тэмдэг зэрэг баримтыг  ирүүлсэн байна.

Дээрх баримт болон хүсэлт гаргагч намын талаас шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг судлан хэлэлцэж ХЯНАВАЛ:

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, Хөгжлийн хөтөлбөр намын дүрмийн 9.1 а/-д зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхийг намын Их хуралд олгожээ.

Хөгжлийн хөтөлбөр нам Их хурлаа намын дүрмийн 9.3-д заасан журмын дагуу хуралдуулж, бүрэн эрхийн хүрээнд намын дүрэмд нэмэлт  өөрчлөлт оруулах, намын дарга, намын бага хурлын болон хяналтын хорооны гишүүд шинээр сонгох, намын бэлгэ тэмдгийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн Хөгжлийн хөтөлбөр намын дүрэм нь тус намын 2007 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хуралдсан Их хурлаар батлагдсан “Долоо” хэсэгтэй,  хэсэг бүр нь 1-16 зүйлтэй байна. Намын дүрэмд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар Их хурлаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон 65 төлөөлөгчийн 100 хувийн саналаар баталсан талаар тооллогын комисс болон хурлын тэмдэглэлд тусгагджээ.  Үүнд:

1.Дүрмийн Хоёрдугаар бүлгийн 10.1.”Д”-т “Их хурлын хооронд намын дарга өөрчлөгдөх буюу шинээр сонгох зайлшгүй шаардлага гарвал намын Бага хурал ээлжит бус Намын Их хурлыг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ”,

10.1.”Е”-т “намын ерөнхий нарийн бичгийн дарга, 3 хүртэлх дэд даргыг намын Бага хурал сонгоно”.

12.3. “намын удирдах зөвлөлийн гишүүд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргуудад сонгуулах хүмүүсийн талаар Бага хуралд намын дарга санал оруулна. Намын бага хурлын гишүүд нэмж нэр дэвшүүлж болно”.

12.4. “намын удирдах зөвлөл болон намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарын ажилд чиглэл өгч хяналт тавина”,

12.5. “бага хурал болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж удирдах зөвлөл болон бага хурлыг даргална”,

13.3. “намын бага хурлын бүрэлдэхүүнд багтаж намын даргын эзгүйд Удирдах зөвлөлийг толгойлно” гэж тус тус өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуульд харшлаагүй, уг өөрчлөлтийг намын дүрэмд бүртгэх боломжтой.   

Намын даргаар ажиллаж байсан Зууннаст өвчний улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй, намын даргаар О.Заяаг 100 хувийн саналаар нууц санал хураалтаар сонгосон нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

Хөгжлийн хөтөлбөр намын дүрмийн 9.1.в, 9.1.г.-д намын их хурал нь бага хурлын болон хяналтын хорооны гишүүдийг сонгох талаар заасан, Их хурлын төлөөлөгч нууц санал хураалт явуулж, намын бага хурлын болон хяналтын хорооны гишүүд шинээр сонгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хөгжлийн хөтөлбөр намын Их хурлаар намын дарга, намын бага хурлын болон хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох, мөн намын билэг тэмдгийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн, санал хураасан явц хууль болон намын дүрмийн зохицуулалтад нийцсэн байх тул шинээр сонгогдсон намын дарга, бага хурлын болон хяналтын хорооны гишүүд, мөн  намын билэг тэмдгийг намын бүртгэлд тусгах боломжтой гэж дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2007 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 05 дугаар тогтоолоор бүртгэгдсэн Хөгжлийн хөтөлбөр намын дүрмийн 10.1. “д”, 10.1 “е”, 12.3, 12.4, 12.5,13.3. дах заалтуудыг өөрчлөн найруулсан өөрчлөлт, намын даргаар О.Заяа сонгогдсон, намын бага хурлын болон хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгосон, намын бэлгэ тэмдгийг өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгэсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧИД                                        Г.ЦАГААНЦООЖ

                                                                        Д.ЦОЛМОН