2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр       Дугаар 18                   Улаанбаатар хот 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын даргын бүртгэлээс хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах талаар Улсын Дээд шүүхэд гаргасан Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч намыг төлөөлж Иргэний Зориг Ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх, хэрэг эрхлэх газрын дарга О.Мөнх-эрдэнэ, намын даргаар ажиллаж байсан С.Дэмбэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Иргэний Зориг Ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: тус намын дарга С.Дэмбэрэлийн тус намын гишүүнээс гарах өргөдлийг хүлээн авч, намын гишүүнээс хассан болно. Иймд С.Дэмбэрэлийг Иргэний Зориг Ногоон намын даргын бүртгэлээс хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хүсэлтэд намын даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж байгааг мэдэгдсэн С.Дэмбэрэлийн өргөдлийг  хавсаргаж ирүүлсэн байна.

Хүсэлт, хавсаргасан баримт болон шүүх хуралдаанд хүсэлт гаргагч талын гаргасан тайлбарыг судлан хэлэлцээд ХЯНАВАЛ:

Иргэний Зориг Ногоон намын дүрмийн 7.1.6-т зааснаар намын гишүүн нь бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураар гарах эрхтэй бөгөөд намын даргаар ажиллаж байсан С.Дэмбэрэл  тус намаас сайн дураар гарсан нь  тогтоогдож байна.

Иймд С.Дэмбэрэлийг намын даргын бүртгэлээс хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний Зориг Ногоон намын даргаар С.Оюун, Ц.Ганхуяг нарыг бүртгэж, С.Дэмбэрэлийг намын даргаас хассан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсүгэй.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                              Г.ЦАГААНЦООЖ