2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр              Дугаар 09                                Улаанбаатар хот

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан Монгол Консерватив намын хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч намыг төлөөлж намын дарга Н.Дашдаваа, салбарын дарга П.Бадрал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваагийн гарын үсэг бүхий хүсэлтэд “Монгол Консерватив намын Үндсэн дүрмийн 6.4.3., 6.4.9.7. дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ээлжит бус Бага хуралдайн 9 дүгээр бага хурлаар үндсэн дүрмийн 2.2.-т нэмэлт өөрчлөлт оруулсан тул намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэж өгөхийг хүсье” гэжээ.

Хүсэлтэд ээлжит бус 9 дүгээр бага хурлын баримт бичиг болох нийт 42 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Монгол Консерватив нам ээлжит бус Бага хуралдайн 9 дүгээр бага хурлыг намын дүрмийн 6.4.-т заасан журмын дагуу хуралдуулж, бүрэн эрхийнхээ хүрээнд намын бэлэгдэл, далбааны хэв маяг, дүрслэл, агуулгын тайлбарыг тусгасан намын дүрмийн 2.2.-т өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Намын дүрмийн 2.2.-т “Өүлэн эхийн багц таван сумаар” гэснийг “Алунгоо эхийн багц таван сумаар” гэж, “Дэлхийг гийгүүлэгч нар, саран дүрслэлийг оруулсан” гэснийг “Дэлхийг гийгүүлэгч нар, саран, гал дүрслэлийг оруулсан” гэж, “Эдгээр нь Мөнх тэнгэрийг илэрхийлсэн цэнхэр өнгөөр илэрхийлэгдсэн ба Монгол хүний төрөлхийн чанар болох аагыг илэрхийлж, шонхор шувууны хошуу, багц таван сумыг улаан өнгөөр тодотгон өгсөн. Монгол Консерватив намын нэр хөх өнгөөр бичигдэнэ” гэснийг “Эдгээр нь Мөнх тэнгэрийг илэрхийлсэн цэнхэр өнгөөр илэрхийлэгдсэн. Монгол гэдэг үг улаанаар Консерватив нам гэдэг үг хөх өнгөөр бичигдэнэ” гэж тус тус өөрчилжээ.

Хүсэлтэд намын дүрмийн хуучин болон шинэ хувилбар, намын бэлэгдэл, далбааны дүрс зураг хавсаргагдсан байна.

Монгол Консерватив намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн болон санал хураасан явц хууль болон намын дүрмийн зохицуулалтад нийцсэн байх тул намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., 11 дүгээр зүйлийн 11.3., 23 дугаар зүйлийн 23.1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Консерватив намын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ээлжит бус Бага хуралдайн 9 дүгээр бага хурлаар намын дүрмийн 2.2.-т оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд  бүртгэсүгэй.

2.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхдээ хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид 10.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Ц.АМАРСАЙХАН