2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр               Дугаар   01                          Улаанбаатар хот 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, “Монгол Ардын Нам” –ын намын даргын нэр, намын хаягийг болон намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагчийн төлөөлөгчөөр УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, намын удирдах зөвлөлийн ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Б.Баярбаатар нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Хажидмаа оролцов.

Монгол Ардын Намын дарга М.Энхболдын гарын үсэг бүхий Улсын Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Монгол Ардын нам 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намын 27 дугаар Их хурлаа Улаанбаатар хотноо хуралдуулан Монгол Ардын Намын даргаар Миеэгомбын Энхболдыг сонгосон билээ. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй Улсын төрийн намуудын жагсаалтад Монгол Ардын Намын даргын нэр болон албан ёсны хаяг зөрүүтэй байгаатай холбогдуулж намын дарга, хаягийг бүртгэлд бүртгэж өгнө үү.

Мөн Улаанбаатар хотноо 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Ардын Намын III Бага хурлын хуралдаан хуралдаж, уг хуралдаанаар ээлжит 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд бэлтгэх зорилгоор, орон нутгийн намын байгууллагуудын удирдлага, намын гишүүдээс ирүүлсэн хүсэлт болон Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоол зэргийг үндэслэн Монгол Ардын Намын дүрэмд дараах зүйл, заалтад нэмэлт өөрчлөлтийг оруулан хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1  дүгээр зүйл. МАН-ын дүрэмд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмэх

1.1. 9.3 дахь хэсэг "9.3. Сум, дүүргийн намын хороо холбогдох хөтөлбөр, удирдамжийн дагуу тогтмол хугацаанд сургалт, судалгааг байнга явуулж, намын бусад байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллана"

1.2. 24.2.5 дахь заалт "24.2.5. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон бол намын Удирдах Зөвлөлийн хуралдааныг Намын дарга удирдах."

1.3. 24.4 дахь хэсэг "24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.

2   дугаар   зүйл.   МАН-ын   дүрмийн   9   дүгээр   зүйлийн   9.1.4   дэх   хэсэгт "захиалах" гэсний дараа хүргэх, түгээх" гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг "намын" гэсний дараа "дарга, эсхүл" гэж, 28.3 дахь хэсэгт "хуралдааныг" гэсний дараа "Намын дарга удирдахаас бусад үед" гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Нам" гэсний дараа "хараат бус, бие даасан" гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "явуулах" гэсний дараа "намын гишүүд болон гишүүн бус иргэдийн өргөн оролцоотой чөлөөт, ардчилсан, шударга өрсөлдөөнт" гэж, наймдугаар бүлгийн гарчигт "хэвлэл" гэсний дараа "мэдээлэл" гэж тус тус нэмэлт оруулах,

3 дугаар зүйл. МАН-ын дүрэмд дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулах.

3.1.  33.4 дахь хэсэг "33.4. "Хяналтын Ерөнхий Хорооны болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга, дэд даргыг гишүүд дотроосоо сонгоно. Хяналтын Ерөнхий Хорооны дарга болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга нар бүтэн орон тоогоор ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны дарга намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн хуралдаанд; аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны хуралдаанд тус тус зөвлөх эрхтэй оролцоно."

3.2.  33.5 дахь хэсэг "33.5. Намын Их хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын чөлөөт цагт Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн орон гарвал Хяналтын Ерөнхий Хороо намын даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн хяналтын хороо Хяналтын Ерөнхий Хороотой, дүүргийн хяналтын хороо нийслэлийн хяналтын хороотой тус тус зөвшилцөн нөхөн сонгоно."

3.3. 33.6 дахь хэсэг "33.6. Намын хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг тухайн шатны байгууллага хариуцан ажиллана. Хяналтын Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо жилийн төсвөө боловсруулан баталж, намын Удирдах Зөвлөл болон тухайн шатны намын хорооны төсөвт тусгана."

3.4. 33.7 дахь хэсэг "33.7.Намын Хяналтын Ерөнхий Хороо, Аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо нь тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавина."

3.5. дахь хэсэг 37.2. "Энэ дүрмийн 37.1-д заасан хэлэлцүүлгээр тодорсон хоёр хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзсэн мандатын тоотой тэнцүү гишүүд, дэмжигчдийн талаар намын Бага хурал хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах бөгөөд нэр дэвшигчдийн сонгуулийн холбогдох байгууллагад бүртгүүлэх ажлыг Удирдах Зөвлөл зохион байгуулна."

3.6 дахь хэсэг "39.1. "УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ Намын Их хуралд тавина. Шинээр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийг сонгох хүртэл намын дүрмээр хүлээсэн эрх, үүргээ өмнөх намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл хэрэгжүүлнэ. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн Удирдах Зөвлөлийн гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй."

3.7 дахь хэсэг "45.2. Гишүүний татварыг намын үүр, анхан шатны хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулна."

3.8 дахь хэсэг "46.1.Намын сонгуульт гишүүн намын санхүүжилтын журмын дагуу намд сонгуульт гишүүний татвар төлөх бөгөөд энэ нь түүнийг гишүүний татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй."

3.9 дэх хэсэг "47.3. Намын байгууллага татварын орлого, зарцуулалтын тайланг дараа оны эхний сарын 15-ны дотор гаргаж намын дээд шатны байгууллага, тухайн шатны намын хяналтын байгууллагад хүргүүлнэ. Намын Бага хурлын гишүүдийн татварын тайланг жилийн тайлан тэнцлийн хамт гаргаж, намын Удирдах Зөвлөлөөр батлуулан Хяналтын Ерөнхий Хороонд танилцуулж Бага хуралд оруулан хэлэлцүүлнэ"

4 дүгээр зүйл. МАН-ын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн "7-9" гэснийг "9-11" гэж, "5-7" гэснийг" 7-9" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "7-13" гэснийг "13-17" гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн "нийслэлийн" гэснийг "нийслэл, дүүргийн" гэж,  46  дугаар   зүйлийн     "сонгуульт   гишүүний   хураамж"   гэснийг  "сонгуульт гишүүний татвар" гэж, 46.2 дахь хэсгийн "хураамж" гэснийг "татвар" гэж,  46.3, 47.1 дэх   хэсгийн "хураамжийн"   гэснийг   "татварын"  гэж,   47   дугаар   зүйлийн " Хураамжийн" гэснийг "Татварын" гэж, 47.2, 47.4 дэх хэсгийн  "хураамжаа" гэснийг "татвараа" гэж тус тус өөрчлөх

5 дугаар зүйл. 33 дугаар зүйлийн 33.8 дах хэсгийг хүчингүй болгох.

6  дугаар зүйл. 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "Хороо болон Ёс зүйн" гэснийг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн "хураамж," гэснийг тус тус хасах гэжээ.

Хүсэлтэд Монгол Ардын Намын 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн III  дугаар бага хурлын 09 дүгээр тогтоол,  Монгол Ардын Намын бага хурлын III дугаар хуралдааны тэмдэглэл 01, 02,  2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Ардын Намын 27 дугаар хурлын 14 дүгээр тогтоол, тус хурлын тооллогын комиссын тогтоол, итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нийт 53 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж

ХЯНАВАЛ

1. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Ардын Намын 27 дугаар Их хурлаар Монгол Ардын Намын даргаар Миеэгомбын Энхболдыг сонгосон байна. Монгол Ардын Намын даргыг сонгох ажиллагааг явуулахдаа тус намын дүрмийн заалтын дагуу нэр дэвшигч нарын талаар нууцаар санал хурааж, уг санал хураалтын дүнгээр төлөөлөгчдийн 91.65 хувийн саналыг М.Энхболд авч, намын даргаар сонгогдсон болох нь хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн тооллогын комиссын 02 дугаар тогтоолоор тогтоогджээ.

Монгол Ардын Намын 27 дугаар Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцсэн болон санал хураасан үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, тус намын дүрмийн 17 дугаар зүйлийн 17.4.3 дахь зохицуулалтад нийцсэн байх тул намын даргыг  бүртгэлд өөрчилж бүртгэх  үндэслэлтэй гэж үзэв.

Мөн Монгол Ардын Нам нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 14200, Б.Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордноор хаягаа бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн 000233487 дугаар гэрчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авчээ. Иймд, намын хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байна.

2. Монгол Ардын Намын Бага хурлын 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн III  дугаар  хуралдааны 09 дүгээр тогтоолоор тус намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Намын их хурлаас батлагдсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрт  нэмэлт,  өөрчлөлт оруулах...асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэж болно” гэж заасан байна.

Монгол Ардын Намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Монгол улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилго агуулаагүй тул улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Ардын Намын 27 дугаар Их хурлын 14 дүгээр тогтоолоор Монгол Ардын Намын даргаар Миеэгомбын Энхболд сонгогдсоныг  намын бүртгэлд бүртгэж, өөрчлөлт оруулсугай.

2. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 14200, Б.Алтангэрэлийн гудамж-3, Тусгаар тогтнолын ордон гэх хаягийг Монгол Ардын Намын албан ёсны хаягаар бүртгэсүгэй.

3. Монгол Ардын Намын Бага хурлын 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн III  дугаар хуралдааны  09 дүгээр тогтоолд тусгаснаар Монгол Ардын Намын дүрэмд 9.3, 24.2.5, 24.4 гэсэн зүйл, хэсэг, заалт нэмснийг, 

дүрмийн   9.1.4, 28.1,  28.3, 32.1, 37.1-дэх хэсэгт болон  наймдугаар бүлгийн гарчигт тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг,

дүрмийн 33.4, 33.5, 33.6, 33.7, 37.2, 39.1, 45.2, 46.1, 47.3-дахь хэсэг болон  8.5, 14.1.5, 33.2, 46 дугаар зүйл, 46.2, 46.3, 47 дугаар зүйл, 47.1, 47.2, 47.4-дэх хэсгийг өөрчлөн найруулсныг,

дүрмийн 33 дугаар зүйлийн 33.8-дах хэсгийг хүчингүй болгосныг,

дүрмийн 41.3-дахь хэсгийн “Хороо болон ёс зүйн” гэснийг, 43.1-дэх хэсгийн “хураамж” гэснийг  хассан өөрчлөлтүүдийг  улсын бүртгэлд тус тус бүртгэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

  Г.АЛТАНЧИМЭГ