2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр             Дугаар 13                           Улаанбаатар хот 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хөдөлмөрийн үндэсний намын шинэчлэн баталсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэх талаарх Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч талыг төлөөлж “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын дарга С.Боргил, хуулийн зөвлөх Н.Наранбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Хөдөлмөрийн үндэсний намаас шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилын гарын үсэг бүхий 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/36 тоот хүсэлтэд: “Хөдөлмөрийн үндэсний нам нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан тул зохих журмын дагуу бүртгэж өгнө үү” гэжээ. 

Хүсэлтэд намын ээлжит бус их хурлын тогтоол, хурлын протокол, төлөөлөгчдийн нэрсийн бүртгэл, намын мөрийн хөтөлбөр болон дүрэм зэрэг нийт 30 хуудас материалыг хавсаргасан байна.  

Хүсэлтэд хавсаргасан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн Үндэсний нам нь 2015 оны 09 дугээр сарын 25-ны өдөр намын ээлжит бус Их хурлаа хийж, уг хуралдаанаар намын дүрэм болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан болох нь Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хурлын 2015 оны 09 дугээр сарын 25-ны өдрийн 01 дугээр тогтоол, ээлжит бус Их хурлын протокол зэргээр тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2015 оны 09 дугээр сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хуралд нийт 50 төлөөлөгч оролцож, намын мөрийн хөтөлбөр болон дүрмийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж, баталсан байх ба ээлжит бус Их хурлаас гарсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул намын мөрийн хөтөлбөр болон дүрмийг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3., 11 дүгээр зүйлийн 11.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн Үндэсний намын 2015 оны 09 дугээр сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар шинэчлэн батлагдсан намын мөрийн хөтөлбөр болон дүрмийг улсын бүртгэлд бүртгэсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД

                                                                                                  Ц.АМАРСАЙХАН