2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр           Дугаар 8                               Улаанбаатар хот 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хөдөлмөрийн үндэсний намын мөрийн хөтөлбөрт орсон өөрчлөлт болон шинэ намын даргыг бүртгэх талаарх Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч талыг төлөөлж “Хөдөлмөрийн үндэсний нам”-ын дарга С.Боргил, хуулийн зөвлөх Н.Наранбаяр, нарийн бичгийн даргаар И.Бямбасүрэн нар оролцов.

Хөдөлмөрийн үндэсний намаас шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Зоригтбаатарын гарын үсэг бүхий 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15/8 тоот хүсэлтэд: “Бид намын үнэт зүйл, үзэл баримтлалыг илэрхийлсэн “Монгол хүний төлөө” гэсэн уриатай бөгөөд уг уриа үгийг Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, 13903 дугаартай гэрчилгээ авсан. Иймд тус намын барааны тэмдэгтэй ижил нэр бүхий улс төрийн намыг шинээр бүртгэн авч олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байхыг хүсч байна”.

Удаах 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/09 тоот хүсэлтэд: “Хөдөлмөрийн үндэсний нам нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намын ээлжит бус их хурлыг хийсэн. Уг хуралдаанаар намын даргаар Сүрэнхүүгийн Боргилыг намын даргаар сонгосон тул намын даргыг бүртгэж, намын мөрийн хөтөлбөрт орсон өөрчлөлтийг тус намын улсын бүртгэлийн мэдээлэлд оруулж өгнө үү” гэжээ.

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15/8 тоот хүсэлтэд Монгол Улсын барааны тэмдгийн гэрчилгээ, түүний хавсралт зэрэг нийт 6 хуудас материал хавсаргажээ.

2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/09 тоот хүсэлтэд Хөдөлмөрийн үндэсний намын гишүүний анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, тус намын ээлжит бус их хурлын тогтоол, хурлын протокол, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нийт 13 хуудас материалыг хавсаргажээ.

Хүсэлтэд хавсаргасан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн Үндэсний нам нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намын ээлжит бус Их хурлаа хийж, уг хуралдаанаар С.Зоригтбаатарыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Боргилийг намын даргаар сонгосон, мөн намын мөрийн хөтөлбөрт заасан намын эрхэм зорилгыг илэрхийлсэн уриаг “Монгол хүний төлөө” гэж баталсан болох нь Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01, 02, 03 дугаар тогтоол, ээлжит бус Их хурлын протокол зэргээр тогтоогджээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус Их хуралд нийт 60 төлөөлөгч оролцож, намын даргын сонсголыг хэлэлцэж, намын даргыг чөлөөлөх, намын шинэ даргыг сонгох, намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байх ба ээлжит бус Их хурлаас гарсан шийдвэрүүд нь Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул намын мөрийн хөтөлбөрт орсон өөрчлөлтийг, мөн намын дарга шинээр сонгогдсон байдлыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой байна.

Харин намын барааны тэмдэгтэй ижил нэр бүхий улс төрийн намыг шинээр бүртгэхгүй байх хүсэлтийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Оюуны өмчийн Газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн Үндэсний намд “Монгол хүний төлөө” гэх урианд барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ. Энэхүү барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн дагуу намын барааны тэмдэгтэй ижил нэр бүхий улс төрийн намд нэрийн баталгаажуулалт хийхгүй байх талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6., 8 дугаар зүйлийн 8.1.1., 11 дүгээр зүйлийн 11.1.1., 11.1.11., 11.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн Үндэсний намын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус Их хурлаар намын даргаар Сүрэнхүүгийн Боргил \РД: ЖЯ73112011\ сонгогдсон болохыг, намын мөрийн хөтөлбөрт намын уриаг “Монгол хүний төлөө” болгон баталсныг тус тус улсын бүртгэлд бүртгэсүгэй.

2. “Монгол хүний төлөө” гэх урианд барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн талаар  Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандахыг Хөдөлмөрийн Үндэсний намд мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

              ШҮҮГЧ Б.УНДРАХ

  Ц.АМАРСАЙХАН