2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр            Дугаар  08                             Улаанбаатар хот

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга шинээр сонгогдох хүртэл Ц.Шинэбаяр намын даргын үүргийг гүйцэтгэх болсонг бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч талыг төлөөлж намын дарга Ц.Шинэбаяр, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Хамуг монголын хөдөлмөрийн намаас шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул намын дүрмийн 24.5.6 дахь заалтыг үндэслэн Цэцийн дарга Ц.Шинэбаяр нь намын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байна. Иймд намын даргыг намын Их хурлаар шинээр сонгогдох хүртэл Ц.Шинэбаярыг намын даргаар бүртгэж өгөхийг хүсэж байна гэжээ. 

Тус шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 28 дугаар хүсэлтэд   “...Хамуг монголын хөдөлмөрийн намын Цэцийн даргад өргөдөл гаргах учир нь ... 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... Миний бие 2011 оны 09 дүгээр сарын 23-нд Хамуг монголын хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсан цагаас өнөөг хүртэл тус намын даргаар ажиллаж ирлээ. Одоо хэд хэдэн Дээд сургуульд багшаар ажиллаж байгаа ба ном бичих ажлаа хийх шаардлагатай болж энэ 2016 оны сонгуульд оролцох боломжгүй тул намын ажил гүйцэтгэх хомс болсон тухай намын Цэцийн даргад тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Сонгуулийн жил нэгэнт гарч Улс төрийн намын тухай хууль батлагдах хугацаагүй болсон тул миний хүсэлтийг харгалзан үзэж намын дүрмийн 24.5.5-д заасны дагуу Хамуг монголын хөдөлмөрийн намын даргын ажлаас чөлөөлөгдөж Цэцийн даргад үүрэгт ажлаа шилжүүлж буйг хүлээн авна уу. С.Молор-Эрдэнэ...” гэсэн өргөдөл, намын бүртгэлийн хуудасны хуулбар, Ц.Шинэбаярын иргэний үнэмлэхний хуулбар, намын улсын бүртгэлийн 8082001018 дугаар гэрчилгээний хуулбар нийт 4 хуудас материал  хавсаргасан байна. Түүнчлэн, тус шүүхэд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр намын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн бага хурлын 24-36 дугаар тогтоолууд болон хурлын тэмдэглэл нийт 18 хуудас бүгд 22 хуудас материал ирүүлжээ. 

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж ХЯНАВАЛ :      

Хамуг монголын хөдөлмөрийн намын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Бага хурлаар Ц.Шинэбаярыг намын Их хурал хүртэл хугацаагаар намын даргаар сонгож, уг өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус шүүхэд ханджээ.   

Хамуг монголын хөдөлмөрийн намын, Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн 17.4.3, 20.1.7 дахь заалтаас үзвэл намын даргыг сонгох нь намын Их Хурлын бүрэн эрхэд, харин намын Их Хурлын чөлөөт цагт намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахаа боливол Намын даргыг нөхөн сонгохдоо Цэц санал болгож дараагийн Их хурал хүртэл Бага Хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох  нь намын Бага Хурлын бүрэн эрхэд тус тус хамаарч байна.         

Түүнчлэн намын дүрмийн 24.5.6-д “...намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгогдох хүртэл Цэцийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэнэ...” гэж тус тус заажээ. 

Улсын Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлт нь Улс төрийн намын тухай хууль, Хамуг монголын хөдөлмөрийн намын дүрмийг зөрчөөгүй байх тул намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7, 5.4.12, 6 дугаар зүйлийн 6.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хамуг монголын хөдөлмөрийн намын даргаар Цэнд овогтой Шинэбаяр сонгогдсонг улсын бүртгэлд бүртгэсүгэй.

2. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхдээ хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид 10.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

                    ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧ Б.УНДРАХ