2016 оны 04 сарын 01

suld

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2016 оны 02 дугаар сарын 01ий өдөр       Дугаар 1            Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг

тодорхойлоход анхаарах зарим асуудал.

 

 

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл нь шүүхийн шийдвэр болдог.

 

Шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан байна.

 

Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх  явдал юм.

 

Нэхэмжлэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь “...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэл бөгөөд өөрчлөх боломжгүй тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаадаг.

 

Судалгаанаас үзвэл, 2011-2015 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нийт 4394 иргэний хэргээс 1065 хэргийн шийдвэр, магадлал хүчингүй болж, үүнээс 109 буюу 10.2 хувь нь “...нэхэмжлэл тодорхой бус ...” гэсэн үндэслэлээр хүчингүй болж, тоон үзүүлэлт буурахгүй байгаа учир Улсын Дээд шүүхээс энэ асуудалд анхаарал хандуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор энэхүү тоймыг хүргэж байна.

 

НЭГ :Хуулийн зохицуулалтын талаар

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  зааснаар хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаардаг.

            Нэхэмжлэгч, хариуцагчтай эрх зүйн хувьд ижил, эрх үүрэгтэй оролцож байгаа этгээд гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд орно.

            Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, уг нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заажээ.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдбайхгүй гэж үзвэл мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл болдог.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэгт нэхэмжлэлийн ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгч, хариуцагч хэн болох, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгасан байхыг хэлнэ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулаагүй тул шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийнэ.

ХОЁР: Ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгааг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

 

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд зааснаар аливаа этгээд шүүхэд мэдүүлэх эрхтэй. “Аливаа этгээд” гэдэгт Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд болон бусад байгууллага хамаарна.

           

Ямар байгууллага, хэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг бөгөөд хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэдэг.    

 

Хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол оноосон нэрийг, харин иргэн гаргаж байгаа бол овог, эцгийн нэр, нэрийг нэхэмжлэлд бичих талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-т заасан байна. Хуулийн энэ шаардлагыг хангаагүй байдал нь зарим тохиолдолд нэхэмжлэлийг тодорхой бус болгож, шийдвэрийг өөрчлөх боломжгүйгээс хүчингүй болох нөхцөл болж байгаа учир түгээмэл гардаг маргааныг жишээ болгов.

 

Судалгаанаас үзвэл, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээнээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл дийлэнх хувийг эзэлж, нэхэмжлэлийг ихэнхдээ зээлдүүлэгч гаргасан байна.   

 

Иргэний хуульд зааснаар иргэн, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар зэрэг нь зээлдүүлэгч байх боломжтой бөгөөд зээлийг хэн олгосноос хамаарч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх буюу нэмэгдүүлсэн хүү эсхүл алданги тооцох, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй эсэхийг тогтоох нөхцөл бүрдэх юм.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдалд юуны өмнө зээлдүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар эсхүл иргэн, бусад хуулийн этгээдийн аль болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай. 

 

Зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаанд зээлдүүлэгч нь иргэн эсхүл хуулийн этгээд эсэх нь ойлгомжгүй байх тохиолдол байна.

 

Жишээ нь, компанийн захирал бусдад зээлүүлсэн мөнгөө шаардсан нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч тайлбартаа барьцаалан зээлдүүлэх газрын /ломбард/ найдвартай үйлчлүүлэгчийн хувьд зээл авсан, зээлийн хүүгбууруулахыг хүссэн байна гэжээ. Нэхэмжлэгч зээлийн хүүг бууруулахыг зөвшөөрөөгүй. Шүүх хариуцагчаас мөнгө гаргуулж компанийн захиралд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч хүү бууруулах саналыг зөвшөөрөөгүйгээс үзвэл тэрээр барьцаалан зээлдүүлэх газрыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан гэж ойлгохоор байгаа ч нэхэмжлэлийг иргэн хүний хувьд гаргасан нь түүний шаардлагыг тодорхой бус болгож байна. Зүй нь шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж, барьцаалан зээлдүүлэх газрыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан бол зээлийн гэрээ байгуулагдсан эсэх,гэрээ хүчин төгөлдөр эсэх зэргийн талаар, харин иргэн хүний хувьд барьцаалан зээлдүүлэх газрын мөнгийг нэхэмжилсэн бол ийнхүү шаардаж буй үндэслэлийг тодруулсны эцэст зээлийн гэрээний талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан байна.

 

Нэхэмжлэлийг захирал иргэн хүний хувьд эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлд нийцэхгүй.  

 

Иргэн хүний хувьд нэхэмжлэл гаргаж байгаа бол тэрээр ямар ажил, албан тушаал эрхэлдэг нь хэрэгт ач холбогдолгүй. Харин хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргавал тухайн этгээд ямар ажил, албан тушаалтайг буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзнэ.    

 

2.2. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

 

Хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаж байгааг нэхэмжлэлд заавал бичнэ. Хуульд хариуцагч нь иргэн бол түүний овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгана гэжээ.

 

Хэд,хэдэн нэхэмжлэгч нэг болон түүнээс дээш хариуцагчид холбогдуулан хамтран нэхэмжлэл гаргахдаа хэд хэдэн шаардлага тавьсан, нэг нэхэмжлэгч хэд хэдэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэх зэрэг хэргийн оролцогчийн тоо нь нэхэмжлэлийг ойлгомжгүй болгох тохиолдол байна.

 

Жишээ нь, А нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг “ББ” ХХК, түүний захирал Д гэж зааж, нэхэмжлэлийн шаардлагад заасан мөнгийг “...иргэн Д”-с гаргуулна гэжээ. Шүүх “ББ” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг Д хүлээн авч “...компани гэрээ байгуулсан боловч мөнгийг аваагүй...” гэж тайлбар гаргасан байна. Хэрэгт нэхэмжлэгч А болон Д нарын хооронд, хожим нь А, “ББ” ХХК-ийн хооронд байгуулагдсан нэмэлт гэрээ авагдсан ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэл тодорхой бус буюу шаардлагыг хоёр хариуцагчид, эсхүл хуулийн этгээд, иргэний аль нэгт холбогдуулсныг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 62.1.3, 66 .1-д заасныг зөрчсөн учир шийдвэр, магадлал хүчингүй болсон байна.

 

2.3.Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Тоон үзүүлэлтийн хувьд буурахгүй байгаа хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргээс жишээ дурдвал:

 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэрэгт ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай нэхэмжлэл дийлэнхи хувийг эзэлж, ийнхүү нэхэмжлэл гаргахдаа ажилтан ихэнхдээ “өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага гаргадаг байна. 

           

Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал зэрэгт заасан ажлаа хийж байх үедээ халагдаж, “ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргавал энэ нь халагдахаасаа өмнө ямар ажил хийж байсан тэр ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж буй нь тодорхой байдаг.

Өөрөөр хэлбэл, “өмнө нь эрхэлж байсан” гэдэгт хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд авсан болон халсан тушаалд заасан, нэхэмжлэгч халагдахаасаа өмнө хийж байсан ажил, албан тушаалыг энэ тохиолдолд ойлгоно.

 

Харин ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд авсан тушаал зэрэгт зааснаас өөр ажил хийж байгаад халагдсан бол “өмнө нь эрхэлж байсан” гэдэгт ямар ажил, албан тушаалыг ойлгохыг тодруулах шаардлагатай.    

 

Жишээ нь, ажилтан анх засал чимэглэгчийн ажилд орж, хожим ямар нэгэн тушаалгүйгээр лифтчин хийж байгаад ажлаас халагджээ. Ажил олгогч нэхэмжлэгчийг Б/105 тушаалаар засал чимэглэгчийн ажлаас халсан. Ажилтан “хуучин ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага гаргасан, шүүх лифтчины ажилд эгүүлэн тогтоосон байна. 

 

Засал чимэглэгчээр ажиллах хөдөлмөрийн гэрээтэй боловч лифтчинээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг ажил олгогч засал чимэглэгчийн ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч ямар ажил, албан тушаалд тогтоолгохыг шаардлагадаа дурдаагүй байхад шүүх энэ байдлыг тодруулаагүй буюу “хуучин ажил “гэдэг нь лифтчин эсхүл засал чимэглэгчийн аль нь болохыг асуугаагүй хэргийг шийдвэрлэсэнийг хяналтын шатны шүүх буруу гэж үзэж, шийдвэр, магадлал хүчингүй болгожээ. 

 

Бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийж байгаад халагдах, хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил хийж байгаад халагдах нь хоёр өөр тохиолдол тул ямар ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж буй нь нэхэмжлэлд тодорхой байх шаардлагатай.  

Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийгхүлээнавч, иргэний хэрэг үүсгэн, улмаар эрх зүйн дүгнэлтөгч хэргийг шийдвэрлэх ньИргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 62 дугаарзүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11- дзаасанзохицуулалттайнийцэхгүй юм.

 

            2.4.Дээр дурдсан нэхэмжлэгч, хариуцагч хэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаагаас гадна нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж зөв тодорхойлоогүй байх тохиолдол гарч байна.

 

Тухайлбал, ихэвчлэн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд ажилтанг ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, түүнчлэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг шаардахдаа тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргадаг ба дээрх тохиолдлуудад ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах, гэрээ хүчин төгөлдөр бус байх нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл гэж үзнэ. Иймд тушаалыг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагагүй.

Гэхдээ зарим нөхцөлд тушаал хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх зэрэг нь хууль зүйн өөр үр дагавар үүсгэхийг үгүйсгэхгүй тул шаардлага гэж үзэх үе бий. 

Жишээ нь, Нэхэмжлэгч түүнд сануулах, цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн Б/71, Б/85 тоот болон ажлаас халсан Б/89 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж улмаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч 2 удаа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсний дараа дахин зөрчил гаргасан буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Энэ тохиолдолд ажил олгогчийн өмнө гаргасан 2 тушаал ажилтанг ажлаас халах нөхцөлд хамаарч байгаа тул эдгээр тушаалын хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт хийнэ. Хэрэв үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан бол тухайн тушаалыг хүчингүй болгох нь дараагийн тушаал гарах үндэслэлд нөлөөлөх тул энэ нь хууль зүйн үр дагавар үүсгэнэ гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

ГУРАВ: Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тухай ойлголтын талаар

 

“Нэхэмжлэл” гэдэгт юуг ойлгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэр томъёоны тайлбар хийгээгүйтул энэ талаархи гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг судалж үзэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Эрдэмтэн, судлаачид “нэхэмжлэл” гэдгийг нэр томъёоны хувьд хэрхэн тодорхойлсон байдлыг авч үзвэл:

 

1.Иргэний хэрэг үүсгүүлж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ.

 

2.Хуульд зааснаар сонирхогч этгээд өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд ийнхүү хандсаныг хүлээн авсныг нэхэмжлэл гэж үзнэ.

 

3.Маргаантай материаллаг эрх зүйн шаардлагыг нэг этгээдээс нөгөөд гаргасныг тодорхой процессын журмын дагуу авч хэлэлцсэнийг нэхэмжлэл гэж ойлгоно.

 

4.Нэхэмжлэл нь гэрээ, эсхүл хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн эдлэх эрхийн үүднээс иргэний, арбитр, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд гаргаж буй шаардлага, зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалах хэрэгсэл. [1] гэжээ.

 

Дээр дурдсанаар “нэхэмжлэл” нь маргаантай эрх зүйн харилцаанаас үүссэн, хууль зүйн актад үндэслэсэн тодорхой процессын журмаар хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж нэг этгээдээс нөгөө этгээдэд холбогдуулсан гаргасан шаардлага байна. 

 

 

ДӨРӨВ: Цаашид анхаарах асуудал

 

            4.1.Нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангагдсан эсэхийг нэхэмжлэлийг хүлээн авахдаа шалгаж байх нь чухал байна. Гэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрт мөн хуулийн 62.1-т заасан нөхцөл хамаардаг учир нэхэмжлэлийн агуулга, улмаар шаардлага үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэлийг хүлээн авахдаа мөн иргэний хэрэг үүсгэхдээ дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-118-т нийцэхгүй гэдгийг анхаарвал зохино.    

 

4.2.Бүрдүүлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-62.1.4-н шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол шүүгч мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс, ямар нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгааг хариуцагчаас тус тус асууж тодруулах боломжтойг анхаарвал зохино.

 

4.3.Нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн нэг шаардлага болгон шийдвэрлэх тохиолдол ихсэх хандлагатай байгаа тул шүүх эдгээр хоёр ойлголтыг зааглан ялгаж, ойлгож хэрэглэх нь чухал байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм.Шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.[2]

 

4.4.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргана гэж ИХШХШТХ-ийн 61-р зүйл заасан тул энэ нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах,нэхэмжлэлийг зөвшөөрөх, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах, бие даасан шаардлага гаргах тохиолдолд нэгэн адил хамаарна. 

 

4.5.Нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн хуулийн этгээд, эсхүл иргэнд холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл юм.

 

4.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн үндэслэл,шаардлага тодорхой байх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг анхаарахаас гадна уг сөрөг нэхэмжлэл бие даасан нэхэмжлэл мөн эсэх, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулгатай эсэхийг анхаарах нь чухал.

 

4.7Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, зарим хэсгийг шийдвэрлэж, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулах нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйтэй холбоотой гарч байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан тохиолдолднэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар, шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заах нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь хэргийн болон шүүхийн харъяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно гэдгийг анхаарах шаардлагатай байна.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

 


[1]www.uristprofi.ru/isk_info.htm

[2] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, 62-р зүйл