МОНГОЛ  УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

 

2003 оны  6   дугаар                                                                                                                                                                                                                     Улаанбаатар

сарын   17 -ны өдөр                                                                                                 Дугаар 417, 192                                                                                                  хот

                                                                           

  Журам тогтоож, хэрэгжүүлэх тухай

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар садан төрлийн холбоо тогтоох, нөхөх олговор авах тухай нэхэмжлэл гаргах, түүнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэж байгаа талаарх шүүхийн практикийг нэгтгэн судалж үзэхэд шаардлага хангаагүй нотлох баримтаар садан төрлийн харилцаа тогтоосон, нэг хэлмэгдэгчийн нөхөх олговрыг тухайн нэхэмжлэгчид, эсхүл хоёр өөр нэхэмжлэгчид давхардуулан олгосон, нөхөх олговор авах эрхгүй этгээдэд нөхөх олговор олгосон, нотлох баримтын бүрдэл хангагдаагүй байхад нөхөх олговрын хэргийг шийдвэрлэсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

            Нөгөө талаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг авахаар гаргасан нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн, нөхөх олговрыг олгосон тухай улсын хэмжээний Нэгдсэн бүртгэл, судалгаа гүйцэт хөтлөгдөөгүй, энэ талаар эрх бүхий байгууллагууд харилцан мэдээлэл солилцдоггүй байсан нь хэд хэдэн нэхэмжлэгч, өөр өөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нөхөх олговрыг давхардуулан авах нөхцлийг бүрдүүлж байжээ.

            Дээр дурьдсан зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, илэрч тогтоогдсон зөрчлийг нэн даруй засч арилгах, прокуророос төрийн байгууллагын хүсэлтээр иргэний шүүх хуралдаанд оролцох чиг үүргийг шүүхийн ажилтай холбож, шүүгч, прокуроруудын ажлын уялдаа холбоо, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15.6.3, 35.4, Прокурорын байгууллагын тухай хуулийн 18.1.1, 18.1.6 дахь заалтыг удирдлага болгон захирамжлан   ТУШААХ нь:

            1. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим /Р.Жамъянчойжил/, Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс /Т.Баярсайхан/-т ДААЛГАХ нь:

                        1.1. 2003 оны 4 дүгээр сард шүүхийн практик нэгтгэн судлах явцад 1998-2002 оны хооронд хэд хэдэн нэхэмжлэгч, өөр өөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, нэг хэлмэгдэгчийн нөхөх олговрыг давхардуулан олгосон 20 шийдвэр гарч, өнөө хүртэл засагдаагүй байх учир дээрх 20 шийдвэрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан, хүчингүй болгох арга хэмжээг 2003 оны 6 дугаар сарын 30-ны дотор авч анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхэд бэлэн болгох;

 

                        1.2. 1998 оноос хойш зөвхөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрыг авах зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгосон иргэний бүх хэргүүдийг дүүрэг, сум болон сум дундын шүүхүүдээс татан ирүүлж, шүүхийн практикийг судалж дүнг 2003 оны 7 дугаар сарын 15-ны дотор танилцуулах, энэ ажилд Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн судалгааны төвийг татан оролцуулах;

 

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш энэ тушаал, захирамж гарах хүртэлх хугацаанд шийдвэрлэсэн нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргүүдэд гарсан алдааны талаарх гомдол, мэдээллийг прокурорт шүүхийн шийдвэрийг гардуулж өгснөөс хойших хугацаагаар тооцож 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянаж дуусгавар болгох;

 

2. Аймаг, нийслэл, дүүрэг, сум болон сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч нарт ДААЛГАХ нь:

 

2.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, Хуулийн биелэлтийг зохион байгуулах журам, түүнээс хойш гарсан Монгол Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолууд, зөвлөмж, захирамж, тушаалыг сайтар судалж, садан төрлийн холбоо тогтоолгох, хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ цаашид алдаа гаргахгүй байх ;

 

2.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг авах, энэ зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл ирсэн даруй харъяа прокурорын газарт албан ёсоор мэдэгдэж, нэхэмжлэл болон холбогдох материалтай танилцуулж, прокуророос энэ асуудлаар гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, шүүх хуралдаанд тэднийг заавал оролцуулж байх;

           

2.3. Энэ төрлийн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг 3 хоногийн өмнө прокурорт заавал мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулж байх;

 

2.4. Шүүх шийдвэрлэсэн дээрх төрлийн хэргийг прокурор татаж хянахаар албан бичиг ирүүлсэн тохиолдолд уг хэргийг саадгүй хүргүүлж хянуулж байх;

 

2.5. Хэд хэдэн нэхэмжлэгч, өөр өөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг давхардуулан олгохоор шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хүчингүй болсон тохиолдолд хэргийг дахин шийдвэрлэхдээ нөхөх олговрыг үндэслэлгүйгээр авсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хамтатган шийдвэрлэж байх;

 

2.6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийн хувийг хэрэг шийдвэрлэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд заавал ирүүлж байх;

 

3. Аймаг, нийслэлийн прокуроруудад ДААЛГАХ нь:

 

3.1. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас нөхөх олговор олгосон, садан төрлийн холбоо тогтоон шийдвэрлэсэн иргэний хэргийг хянуулахаар хүсэлт гаргасан тохиолдолд уг хэргийг хянаж зөрчил илэрвэл Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох шүүхэд гомдол, хүсэлт гаргаж  байх;

 

3.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгох нөхөх олговрыг авах, уг зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан тохиолдол бүрт прокурор иргэний хэргийн материалтай танилцаж, нотлох баримтууд бүрэн цугларсан эсэхэд үнэлэлт өгөх, хэрвээ дутуу болон нотлох баримтын шаардлага хангахааргүй байвал хуульд зааснаар тайлбар, хүсэлтээ гаргаж байх;

 

3.3. Шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан гэж прокурор үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхэд прокурор гомдлоо анхан шатны шүүхээр дамжуулан гаргаж байх;

 

3.4. Хэд хэдэн нэхэмжлэгч, өөр өөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговрыг давхардуулан олгохоор шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нөхөх олговрын мөнгийг үндэслэлгүйгээр авсан этгээдээр уг хохирлыг нөхөн төлүүлэх тухай прокурорын төрийг төлөөлж гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор заавал оролцож, санал дүгнэлтээ гаргаж байх;

 

            4. Энэ захирамж, тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж, бүртгэл, судалгаатай ажиллаж, шаардлагатай бол компьютерт мэдээлэл хийх, харилцан мэдээлэл солилцож ажиллах, дүнг хагас, бүтэн жилээр нэгтгэн, танилцуулахыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын гишүүн Н.Төрбат, Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтав нарт даалгасугай.

 

                                                                                  УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                                               УЛСЫН ЕРӨНХИЙ

                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             ПРОКУРОР

 

                                                                                             Ч.ГАНБАТ                                                                  М.АЛТАНХУЯГ