МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

2002 оны 12 дугаар                                                                                                           Дугаар 70, 480                                                                                      Улаанбаатар

сарын  05-ны   өдөр                                                                                                                                                                                                                                   хот

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ

 

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д зааснаар шүүхийн шийдвэр, магадлалд зөвхөн зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын гомдол Улсын Дээд Шүүхэд гаргах эрхтэй болсон билээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий хүмүүсийн нөхөх олговор авах зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох, нөхөх олговор авах тухай маргаантай хэрэгт хариуцагч оролцдоггүй учир шүүхийн шийдвэрийг хянуулах тухай асуудлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба тавьж шийдвэрлүүлж ирсэн юм. Шинэ хууль мөрдөж эхэлснээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй болсныг харгалзан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15.6.3, 35.4, Прокурорын байгууллагын тухай хуулийн 18.1.5 дахь заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь:

            1. Цагаатгалын нөхөх олговор авах зорилгоор садан төрлийн холбоо тогтоолгох, цагаатгалын нөхөх олговор авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-р зүйлд зааснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хүсэлтийг үндэслэн прокурорыг төрийг төлөөлж өмгөөлөгчөөр оролцуулж  байсугай.

            2. Энэ журам гарахаас өмнө шүүх шийдвэрлэсэн иргэний хэргийн талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний Ажлын албанаас ирүүлсэн хэрэг хянуулах хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн аймаг, сум, сум дундын болон дүүргийн прокурорын газрын прокурор хүлээн авч иргэний хэрэг, материалтай танилцан, улмаар Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан үндэслэл байна гэж үзвэл хяналтын журмаар шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргаж байхыг шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан прокуроруудад даалгасугай.

            3. Прокурорыг иргэний хэргийн материалтай танилцах бололцоогоор хангах, түүнчлэн хэрэг хянуулахаар бичсэн прокурорын гомдол, хүсэлтийг Иргэний хэрэг, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлд зааснаар хэргийн хамт Улсын Дээд Шүүхэд хүргүүлж байхыг сум, сум дундын болон дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт даалгасугай.

            4. Энэхүү захирамж, тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн танхим /Р.Жамъянчойжил/, Улсын Ерөнхий Прокурорын орлогч /Б.Цэрэнбалтав/-т үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД                                       МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ                                          ПРОКУРОР,ТӨРИЙН ХУУЛЬ

ШҮҮГЧ                                                                      ЦААЗНЫ ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ 

                                    Ч.ГАНБАТ                                                      М.АЛТАНХУЯГ