2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр        Дугаар 14          Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,
ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ


Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 177 дугаар зүйлийн 177.1-д заасан “эрх бүхий байгууллага, албан тушаалтан”-д төрийн байгууллага, түүний албан хаагчид хамаарна.
Мөн зүйл хэсэгт заасан “нийтэд аюултай” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.14-т зааснаар ойлгоно.

2. Энэ зүйлийн 177.2 болон 1781 дүгээр зүйлийн 1781.2-т заасан “бусад хүнд хор уршиг” гэдэгт их буюу онц их хэмжээний хохирол учирсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хүн амын хүнсний болон ахуйн бусад үйлчилгээ тасалдсан, онц байдал зарлах зэргээр хүмүүсийн эрхийн байдалд хязгаарлалт тогтооход хүргэсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон, хүний бие махбодид хүнд эсхүл хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан зэргийг хамааруулж үзнэ.

3. Хуулийн 1781 дугаар зүйлийн 1781.1-д заасан “террорист этгээд” гэдгийг Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “хууль бус зэвсэгт бүлэглэл” гэж террорист ажиллагаа явуулах болон гэмт хэрэг үйлдэх зорилгоор байгуулагдсан, тодорхой бүтэц, зохион байгуулалт бүхий зэвсэглэсэн этгээдүүдийн нэгдлийг хэлнэ.

4. Хуулийн 1783 дугаар зүйлийн 1783.2-т заасан “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгоно.

5. Хуулийн 179 дүгээр зүйлд заасан ”Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох” гэмт хэрэгт хамтран оролцогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлана.

Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний амь бие, эрүүл мэндийн болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн аль тохирох зүйлээр давхар зүйлчилнэ.

6. Хуулийн 180 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.
6.1. “уулгалан довтлох” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, хүнийг санаатай алах, хүчиндэх, далайлган сүрдүүлэх, танхайрах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх зэрэг зорилгоор хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн зэвсэглэж халдсаныг хэлнэ. 
6.2. ”...зохион байгуулалттай ... бүлэг” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолын 9-д зааснаар ойлгоно. 
6.3. Зэвсэг болон түүгээр зэвсэглэсэн хүний тоо энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд бүлгийн нэг л гишүүн зэвсэглэсэн байхад түүнийг мөн зүйл, хэсэгт заасан “зэвсэг бүхий”  гэдэгт хамааруулан үзнэ.
6.4. "…энэ бүлэгт элссэн…" гэж тухайн хүн уг бүлэгт өөрийн хүсэл сонирхол, сайн дурын үндсэн дээр нэгдэн орсныг хэлнэ.

6.5. Уулгалан довтлох гэмт хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн аль тохирох зүйлээр давхар зүйлчилнэ. 
6.6. Уулгалан довтолсон эсэхээс үл хамааран зохион байгуулалттай, зэвсэг бүхий бүлэг байгуулсан, энэ бүлэгт элссэн үеэс уг хэргийг төгс үйлдэгдсэнд тооцно.
7. Хуулийн 182 дугаар зүйлд заасан “зохион байгуулалттай бүлэг” “гэмт бүлэглэл” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолын 9, 10, 12, 13-т зааснаар ойлгож хэрэглэнэ.
Мөн зүйлийн 182.1-д заасан “элссэн” гэдгийг энэ тогтоолын 6.4-т зааснаар ойлгоно.

8. Хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “...аюулгүй ажиллагааны журам зөрчсөн...” гэж уулын болон уурхайн, барилгын, түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад тэсэрч дэлбэрэх аюултай үйл ажиллагааг гүйцэтгэх явцад заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжийг огт хэрэгжүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйг хэлнэ. 
Мөн зүйл, хэсэгт заасан “бусад хүнд хор уршиг” гэдэгт хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл болон бусдын эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг хамааруулан үзнэ.

9. Хуулийн 184, 185, 186, 187, 188, 190 дүгээр зүйлүүдэд заасан “тэсэрч дэлбэрэх бодис...” гэдгийг  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно.

10. Хуулийн 184 дүгээр зүйлийн 184.2-т заасан “...бусад хүнд хор уршиг...” гэдэгт хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл болон бусдын эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээний хохирол учирсан, агаарын хөлөгт эвдрэл гэмтэл гарсан, сүйрэхэд хүргэсэн зэргийг хамааруулан үзнэ.

11. Хуулийн 185, 186, 187, 188 дугаар зүйлүүдэд заасан “галт зэвсэг /ангийн буунаас бусад/...” гэдгийг Галт зэвсгийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно.
Дээрхи зүйлүүдэд заасан “...байлдааны галт хэрэгсэл...” гэж ангийн буунаас бусад буунд хэрэглэдэг бүх төрлийн сумнууд, тийрэлт, шидэлтийн хүчээр байнд хүрч дэлбэрэлтийн хүчээр байг устгах зориулалт бүхий зэвсгийн зүйлсийг хэлнэ.

12. Хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасан “...хууль бусаар үйлдвэрлэсэн...” гэдэгт гар аргаар болон зориулалтын бус үйлдвэр, газарт эсхүл зохих тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн байхыг ойлгоно.

13. Хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т заасан “...албан ажлын хувьд ашиглах буюу хамгаалахаар итгэмжлэгдэн хариуцсан этгээд...”, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т заасан “...хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд ...” гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих зэрэг байгууллагын дээр дурдсан чиг үүргийг хүлээсэн ажилтан хамаарна.

14. Хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан “...бусад хүнд хор уршиг...” гэдгийг энэ тогтоолын 8-д зааснаар ойлгоно.

15. Хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т заасан “хар тамхи, мансууруулах бодис...” гэдэгт эмийн найрлагад агуулагдсан эсхүл байгалийн болоод нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан мансууруулах үйлчилгээ үзүүлж, хүний бие, оюун ухааныг түр зуур идэвхжүүлэх боловч түүнийг хэрэглэснээр төв мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэцийн хүнд өвчнөөр өвчлүүлэх, донтуулах үйлчилгээтэй бодис, тэдгээрийн нэгдэл хамаарна. 
Үүнд, намуу цэцгийн төрлийн ургамлууд, опиумын гаралтай бодис, героин, марихуаны гаралтай бодисууд, олсны ургамал, кокагийн навч, каннабис, түүний давирхай, гашиш,
түүнчлэн “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц болон “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, үндэсний хууль тогтоомжийн дагуу улсын хяналтад байлгавал зохих эм, байгалийн эсхүл нийлэгжүүлсэн бэлдмэлүүд зэргийг хамааруулан үзнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “...хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн...” гэдэгт хуульд нэрлэж заасан дээрх зүйлийг Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгуулагаас тогтоосон журмыг зөрчин Монгол улсын хилээр гаргасан, оруулсан, дамжуулан өнгөрүүлсэн үйлдлийг ойлгоно.

16. Хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “үүрэг хүлээсэн этгээд...” гэдэгт хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тухайн байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан хамаарна.
Мөн зүйлийн 189.2-т заасан “...бусад хүнд хор уршиг...” гэдэгт хүний бие махбодид хүнд болон хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, байгаль орчин, ургамал, амьтны аймагт хохирол учирсан, аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн хүн амын хангамж, үйлчилгээ, эмнэлэгийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар алдагдсан зэргийг ойлгоно.

17. Хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т заасан “...бусад хүнд хор уршиг...” гэдэгт хүний бие махбодид хүнд болон хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, бусдын эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээний болоод байгаль орчин, ургамал, амьтны аймагт хохирол учирсан зэргийг хамааруулан үзнэ.

18. Хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасан “бусад хүнд хор уршиг” гэдэгт хүний бие махбодид хүнд болон хэд хэдэн хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон зэргийг ойлгоно.

19. Хуулийн 184, 188, 190, 191 дүгээр зүйлүүдэд заасан “түргэн шатамхай”, “хордуулах”, “цацраг идэвхт”, “идэмхий” бодис мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно.

20. Хуулийн 181 дүгээр зүйлийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолуудаар тайлбарласан болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ
 ШҮҮГЧ Ч.ГАНБАТ