УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

ХУУЛЬ ЗҮЙ,   ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

2001 оны 09 дүгээр                                                                                              Дугаар 57/ 244                                                                            Улаанбаатар

сарын 12-ны   өдөр                                                                                                                                                                                                              хот

 

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар авах

зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь:

Нэг. Дараахь арга хэмжээг ажил хэрэг болгон хэвшүүлэхийг Дээд шүүхийн Эрүү, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгчид, аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч нарт даалгасугай.

1/ Шүүх үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөлтэй холбогдсон эрүү, иргэний хэрэг шийдвэрлэхдээ энэ талаар мэдээлэл, лавлагаа, бичиг баримтын хувь буюу хуулбарыг авах шаардлага гарвал дээрх баримтуудыг авах болсон шалтгаан, үндэслэлийг тодорхой тусгасан албан бичиг үйлдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршиж байгаа нутаг дэвсгэрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-аас авч байх;

2/ Үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөлтэй холбогдсон шүүхийн шийдвэр, таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрт өөрчлөлт оруулсан магадлал, тогтоолын хувийг уг эрүү, иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-т хүргүүлж байх.

Хоёр. Дараахь арга хэмжээ авч хэвшүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /Ч.Амарболд/-т даалгасугай.

1/ Үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тухай албан бичгээр тодорхойлсны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршиж байгаа нутаг дэвсгэрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-аас мэдээлэл, лавлагаа, хуулбар авч байх;

2/ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын архивын эх баримтаас нотлох баримт цуглуулах шаардлагатай тохиолдолд шинжээч нар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тобчоо/-ын архивт шинжилгээг хийж  байх.

Гурав. Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тобчоо/-т ирүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг, өмчлөгчийн овог, нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр биөлүүлэх ерөнхий газар /Ж.Чойжанцан/-т даалгасугай.

Дөрөв. Үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөгч, хамтран өмчлөгчтэй холбогдолтой иргэний болон эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нь зохих эрх олгосон баримт, итгэмжлэлээр нотлогдсон өмгөөлөгчид мэдээлэл, лавлагаа өгч байхыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /Д.Долгормаа/-т даалгасугай.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                                          ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        ХЭРГИЙН САЙД

                                                                                           Ч.ГАНБАТ                                                                  Ц.НЯМДОРЖ