УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ

 

2000 оны 1 дүгээр                                                                                                     Дугаар 3, 9                                                                                        Улаанбаатар

сарын 14-ний өдөр                                                                                                                                                                                                                        хот

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ХАМГААЛАЛТЫН АЖЛЫГ

САЙЖРУУЛАХ ТУХАЙ

Шүүх хуралдааныг хэвийн, аюулгүй явуулах ажилд хайхрамжгүй хандан, товлосон цагт нь удирдан хийлгээгүй, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс яллагдагчийн хувийн байдлыг харгалзан хамгаалалтын нэмэгдэл хүч авах ажлыг зохион байгуулаагүйгээс 2000 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр урьдчилан хорих төвөөс хүлээн авсан яллагдагчдаас  Хан-Уул дүүргийн шүүх 3-4 удаагийн ял шийтгэлтэй 2, Баянзүрх дүүргийн шүүх 8, бүгд 10 яллагдагчийг шүүхийн саатуулах байрнаас алдсан ноцтой зөрчил гарлаа. Одоогийн байдлаар нийслэл, дүүргийн шүүхийн хэмжээнд алдагдсан яллагдагчийн тоо 140 хүрээд байгаа нь ийм ноцтой байдал "хэвийн үзэгдэл" мэт болон газар авч байгааг харуулж байна.

Энэ байдал нь шүүх хуралдааны хамгаалалтын асуудлыг онцгойлон анхаарч цаашид авах арга хэмжээг тодорхойлон, тодорхой хүмүүст даалган хэрэгжүүлэх; хариуцлага алдаж, зөрчил гаргасан шүүгч, ажилтнуудад хариуцлага хүлээлгэх асуудал зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Дээрх байдалд дүгнэлт хийж, энэ чиглэлээрх ажпын зохион байгуулалтыг сайжруулах, шүүгч, ажилтнуудын хариуцлага, сахилгыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч нарт даалгах нь:

1.  Шүүхээс оргон  зайлсан яллагдагчийн   тоо,   хугацаа,   эрэн   сурвалжлах талаар явуулсан ажиллагаа, энэ ажилд гарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаарх   дэлгэрэнгүй санал   мэдээллийг   энэ   оны 2 дугаар сарын 1-ний дотор Улсындээд шүүхэд ирүүлэх;

2.  Монгол  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүйн сайд,   Улсын   ерөнхий прокурорын 1997 оны хамтарсан 09/51/57 тоот   хамтарсан захирамж, тушаал, хэрэгжилтийн байдлын талаарх илтгэлийг мөн дээрх хугацааны дотор ирүүлэх;

3. Үүрэгт ажилдаа   хайхрамжгүй, хариуцлагагүй хандсаны   улмаас   яллагдагчийг оргон  зайлах  боломжийг бий  болгосон шүүгч,    ажилтан  бүрт сахилгын хэрэг үүсгэн шалгаж    хэрхэн    шийдвэрлэсэн    тухайгаа Дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлэх;

4.  Шүүх хуралдааны   хамгаалалтын    ажлыг    сайжруулах    чиглэлээр тус   тусын шүүхийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Хоёр. Бүх шатны шүүхийн Тамгын хэлтсийн дарга нарт даалгах нь:

1.   Шүүх   хуралдааны   бэлтгэлийг хангах,   шаардлагатай   тохиолдолд   цагдаагийн байгууллагаас нэмэгдэл хүч авах ажлыг яллагдагчийн хувийн байдлыг судлан үзсэний үндсэн дээр урьдчилан төлөвлөж  хэрэгжүүлж  байх;

2.    Шүүхийн   байгууллагад   сахилга   хариуцлагыг   эрс   өндөржүүлэх   арга   хэмжээ авахын зэрэгцээ   архидан    согтуурсан, байгууллагын дотоод   журам зөрчсөн, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан шүүх хуралдааныг     товлосон     цагт     удирдан  хийлгээгүй      шүүгч      ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай хүсэлтээ эрх бүхий холбогдох байгууллага, албан тушаалтанд    албан ёсоор    тавьж    шийдвэрлүүлэн    энэ    тухай    мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлж  байх;

3.    Хууль зүйн    сайдын  1997 оны  14 дүгээр тушаалын хэрэгжилтийн    байдлын илтгэлийг энэ оны 2 дугаар сарын 1-ний дотор ирүүлэх;

4.    Шүүхээс оргон   зайлсан   яллагдагчийг   эрэн   сурвалжлах   ажилд унаа,   бусад шаардлагатай нэмэгдэл хүчийг авах ажилд орон   нутгийн   Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн байгууллагын хүчийг авах ажлыг зохион байгуулах.

Гурав. Энэхүү захирамжаар өгөгдсөн үүргийн биөлэлтийг хангах ажлыг зохион байгуулж, холбогдох судалгаа, санал, мэдээллийг нэгтгэн шүүх хуралдааны хамгаалалтын ажлыг зохицуулах журмыг 2000 оны 2 дугаар сарын 20-ны дотор холбогдох газруудтай хамтран боловсруулж, мөрдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Ганбаярт даалгасугай.

 

                                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ч.ГАНБАТ                       

 

                                                                     ДАРГА                                                                      ДАШ.ГАНБОЛД