2015 оны 05 сарын 15

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 04 дүгээр 04-ний өдөр                        Дугаар 03                                         Улаанбаатар хот

 

   Намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд
бүртгэхээс татгалзах тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Доржготов даргалж, шүүгч Л.Бямбаа, Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Монголын Ногоон Намын дотоод асуудал хариуцсан дарга Д.Басандорж, гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагч намын бага хурлын гишүүн Ц.Монгол, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Х.Идэр нар оролцов.

Улсын Дээд шүүхэд гаргасан Монголын Ногоон намын дотоод асуудал хариуцсан дарга Д.Басандоржийн хүсэлтэд:  Монголын Ногоон Намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах шийдвэрийг намын дүрмийн 3.4.1, 3.4.5- заасан эрхийн дагуу Монголын Ногоон Намын Дүрэм, Ес зүйн хороо 2011 оны 02 дугаар сарын 16-нд гаргасан болно. Ээлжит бус Их хурлыг зохион байгуулах ажлыг Улс төрийн намуудын тухай хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан зарчмуудыг баримтлан Монголын Ногоон Намын Бага хурлын гишүүд, нийслэл, дүүргийн намын зөвлөлийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Монголын Ногоон Намыг Аврах хөдөлгөөний удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргаж, хэвлэлийн Бага хурал хийж, намын гишүүдэд ил тод нээлттэй зар хүргэж, аймаг, нийслэлийн намын зөвлөлүүдэд мэдэгдэж төлөөлөгчдөө сонгож ирүүлэх зэрэг арга хэмжээг авсан болно.

Монголын Ногоон Намын Бага хурал шийдвэр гаргах чадваргүй болсон учраас намын дүрмийн 3.4.1, 3.4.5-д заасан бүрэн эрхийн дагуу намын Дүрэм, Ёс зүйн Хороо шийдвэрлэсэн болно. Улсын Дээд шүүхийн 2011 оны 2 дугаар тогтоолын хянавал хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8 зэрэг заалтуудад заасан шаардлага нь Их хурлын протоколд тэмдэглэгдсэн тул протоколыг хавсаргав.

Редакцийн комисс нь хурлаас гарах бичиг баримт, протоколыг хөтлөх болон тооллогын комиссын санал хураалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх 2 үүрэгтэй тусдаа бие даасан комисс бөгөөд Редакцийн комисс байгуулсан тогтоол дээр хурлын тэргүүлэгч н.Сэлэнгээ гарын үсэг зурсан эх хувийг хүргүүлэв.  Тооллогын комисст орсон төлөөлөгчид зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн үед нууц санал хураалт явагдаж тооллогын үр дүнг гаргах явцад нөлөөлөх боломжгүй учир санал хураалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой гэж үзсэнийг протоколоос үзэж болно.

Монголын Ногоон Намын тамгыг Монголын Ногоон Намын гишүүнчлэлээс хасагдсан дарга асан Д.Энхбат өгөхгүй байгаа тул тамга дараагүй бөгөөд дахин хүргүүлсэн материал дээр Нийслэлийн Ногоон намын зөвлөлийн тамга дарж баталгаажуулав.

Түүнчлэн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Наранцэцэгийг сонгохдоо нэр дэвшсэн 3 төлөөлөгчөөс олонхын санал авсан тул Их хурлын тогтоолоор баталгаажуулж дүрмийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Монголын Ногоон Намын Ээлжит бус Их хурлын протокол танайд хүргүүлсэн материал дотор байхгүй байсантай холбоотой тодорхой бус олон асуултууд гарсан болохыг дурьдаж, Монголын Ногоон намын дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хүссэн байна.

 

 

ХЯНАВАЛ:

 

Монголын Ногоон намын  20 гишүүн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус намын  Онц  Их хурлыг хуралдуулах тухай хүсэлт гаргасныг намын гишүүдэд мэдэгдэх, Их хурлын төлөөлөгчдийг бүрдүүлэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан нам үйл ажиллагаандаа баримтлах зарчмууд, Улсын Дээд шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт нь бүртгэгдсэн Ногоон намын дүрмийн 4.1-д заалтад нийцсэн үйл ажиллагаа явуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэгдсэн Ногоон намын дүрмийн 3.3.3-д “намын ээлжит бус Их хурлыг намын Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр хуралдуулж болно” гэж заажээ.

Намын ээлжит бус их хурлыг хуралдуулах тухай хүсэлт гаргасан тус намын 20 гишүүний гурав нь буюу Д.Басандорж, О.Бум-Ялагч, Ч.Түвшинбаяр нар бага хурлын гишүүд байна. Иймд 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан  Ногоон намын ээлжит бус Их хурал /зарим баримт бичигт Онц Их хурал гэж бичсэн/ нь намын Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр хуралдаагүй байх тул тухайн намын дүрмийн 3.3.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Ногоон намын ээлжит бус Их хурал болон түүнээс гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тус намын дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу Монголын Ногоон нам нь дотоод зохион байгуулалт, үйл  ажиллагаатай холбоотой маргаантай асуудлаа өөрийн намын дүрэм, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой тул намын дүрэмд өөрчлөлт оруулахаас бусад маргаантай асуудлыг шүүх дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжгүй юм.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6., 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монголын Ногоон намын дүрэмд 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулсан гэх нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.

 

                                                                                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.ДОРЖГОТОВ  

                                                                                                              ШҮҮГЧ                                     Л.БЯМБАА

                                                                                                                                                               Д.ТУНГАЛАГ