2015 оны 06 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ 

2006 оны 10  дугаар сарын 30-ны өдөр                           Дугаар 48                                               Улаанбаатар хот

 

Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Хуулийн 3 дугаар зүйлд туссан намд эвлэлдэн нэгдэх Монгол Улсын иргэний эрхийн талаархи зохицуулалтыг доорхи байдлаар тайлбарласугай:

1.1.Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэн” гэдэгт Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн этгээдийг ойлгоно.

1.2.Мөн зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна” гэдгийг улс төрийн намд эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэн нь хоёр буюу түүнээс дээш намд нэгэн зэрэг гишүүнээр бүртгэгдсэн байж болохгүй гэж ойлгоно. Нэг намд элсэж, гишүүнээр бүртгэгдсэн иргэн тухайн намын дүрэмд заасан журмын дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзаж, бүртгэлээс хасагдах өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ. Өөр намын гишүүн болохын тулд урьд элссэн намын гишүүнээс гарсан байвал зохино.

1.3.Мөн зүйлийн 3.4-т заасан “хуульд заасны дагуу төрийн  зарим албан хаагч” гэдэгт Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн  1 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.

2. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг…хориглоно” гэдгийг намын нэр нь хэлбэр, бичвэр, авиан дуудлагын хувьд Үндэсний Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн жагсаалтанд бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил  байж болохгүй гэж ойлгоно.

3.Хуулийн 7 дугаар зүйлд намын гишүүний болон төрийн албан хаагчийн үүргийг заагласан зохицуулалтыг доорхи байдлаар тайлбарласугай:

3.1.Энэ зүйлийн 7.1.-д заасан “Намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно” гэдэгт төрийн байгууллага болон тэдгээрийн албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь аливаа нам, түүний удирдлагын зүгээс үйл ажиллагааны чиглэл өгөх, зааж зааварлах, эсхүл төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, өөр ажилд шилжүүлэх, ажилд шинээр томилоход хөндлөнгөөс оролцохгүй байх зэргийг хамааруулан ойлгоно.

3.2.Мөн зүйлийн 7.2.-т заасан “төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалыхаа эрх мэдлийг аль нэгэн намын эрх ашигт нийцүүлэн ашиглахыг хориглоно” гэдэгт төрийн тусгай болон захиргааны албан тушаалтан нь албан тушаалын үндсэн чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа аль нэг намын эрх ашигт нийцүүлэх зорилгоор ашиглах, энэ зорилгоор өөрийн албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлэх, гүйцэтгэвэл зохих үүргийг биелүүлэхгүй байх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож буй намаас зохион байгуулж байгаа сурталчилгааны ажилд эрхэлж буй ажил, албан тушаалын байдлыг ашиглан оролцохгүй байх зэргийг ойлгоно.

3.3.Мөн зүйлийн 7.3-т заасан “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан төрийн тусгай, захиргааны болон үйлчилгээний албан тушаалтан тус тус хамаарна.

3.4.Мөн зүйлийн 7.4-т заасан “нам шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг…хориглоно” гэдгийг шашны байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд оролцох, эсхүл хориглох, зааж, зааварлах, өөрийн үзэл суртлын сурталчилгаанд ашиглахгүй байх зэргийг ойлгоно.

Энэ заалтын “боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцохыг …хориглоно” гэдэг нь боловсролын байгууллагын сургалтын агуулга, арга зүйг тодорхойлох, стандартыг тогтоох зэрэг ажиллагаанд оролцохгүй байхыг хэлнэ.

Харин намын удирдах албан тушаалтан, гишүүн нь шашин шүтэх, эс шүтэх, шашны байгууллага болон боловсролын байгууллагад удирдах буюу гүйцэтгэх ажилтан байхад энэ заалт хамаарахгүй.

4.Хуулийн 9 дүгээр зүйлд заасан намыг улсын бүртгэлд бүртгэх тухай зохицуулалтыг доорхи байдлаар тайлбарласугай:

4.1.Энэ зүйлийн 9.1-д заасан “…нам үүсгэн байгуулагдсан өдөр” гэдгийг намыг үүсгэн байгуулах хурлаас намын дүрэм, хөтөлбөрийг баталж, нам байгуулах тухай шийдвэр гарсан өдрийг, мөн зүйл хэсгийн “…бүртгэх байгууллагаас баталсан маягт” гэдэгт Улсын Дээд шүүхээс баталсан өргөдлийн загварыг тус тус  ойлгоно.

4.2.Нам нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас гадна энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан баримт бичгийг дараахь байдлаар бүрдүүлнэ:

4.2.1.Энэ зүйлийн 9.3.1.-д зааснаар намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд шүүхээс баталсан загварын дагуу гаргаж, намын дарга гарын үсэг зурсан байна.

4.2.2.Энэ зүйлийн 9.3.2.-т заасан намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг өргөдөлд хавсаргасан байх ба тэдгээрийн утга учрыг тайлбарласан байвал зохино. Намын нэр товчлогдох эсэх, товчлогдвол ямар хэлбэр, бичвэртэй байхыг   тодорхой заана.

4.2.3.Энэ зүйлийн 9.3.3., 9.3.4.-т заасан намын дүрэм, хөтөлбөр нь энэ хуулийн 11, 12 дүгаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байна.

4.2.4.Энэ зүйлийн 9.3.5.-д заасан хууль ёсны хаягийг намын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа газрын  хаягаар засаг захиргааны нэгж тодорхойлно.

4.2.5.Энэ зүйлийн 9.3.7.-д заасан 801-ээс доошгүй гишүүдээс бүрдсэн бүртгэлд намд элсэх өдөр хуанлийн тооллоор18 насанд хүрсэн, өөр намын харьяалалгүй иргэд бүртгэгдсэн байх ба тэдгээрийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг зэрэг тусгагдсан байна.

4.2.6.Энэ зүйлийн 9.3.9.-д заасан намын хөрөнгийн мэдээнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тус намын гишүүн, талархан дэмжигч иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын жагсаалт зэргийг тусгасан байна.

Намыг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө тухайн намыг үүсгэн байгуулж буй удирдах албан тушаалтны нэр дээр банкны байгууллага түр данс нээсэн бол түүнийг тусгана.

5.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “намын Их Хурал” гэдэгт тухайн намын дүрэмд нь удирдах дээд байгууллагыг хэрхэн нэрлэснээс үл хамааран намын дээд байгууллагыг ойлгоно.

6.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, намын дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна.

Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн намын үйл ажиллагаатай холбоотой маргааныг намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны маргаан гэж үзэхгүй.

7.Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д заасан “төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг” гэдэгт энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан Улсын Их Хуралд суудалтай намд олгох мөнгөн дэмжлэг болон суудлын тоогоор авах санхүүжилт хамаарна.

8. Хуулийн 19 дүгээр зүйлийн “Улсын Их хуралд суудалтай нам” гэдэгт Улсын Их хурлын ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам  буюу намуудын эвсэл хамаарна.

Нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын Улсын Их Хурал дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй.   

Аль нэг намын гишүүн намаасаа биш харин өөрөө бие дааж нэрээ дэвшүүлж, Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд намын гишүүнчлэлээ хадгалсан, эсхүл өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний гишүүнчлэлээ хадгалж байгаа нам болон шинээр гишүүнээр элссэн намын алинд нь ч Улсын Их Хурал дахь суудлын тоо нэмэгдэхгүй.

Аль ч намын гишүүн биш, сонгуульд нэрээ бие даан дэвшүүлсэн нэр дэвшигч нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоны дараа аль нэг намын гишүүн болсон бол тухайн намын Улсын Их Хурал дахь  суудлын тоо нэмэгдэхгүй.

Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүрэн эрхийн тухайн хугацаанд Улсын Их Хуралд суудалтай нам гэж үзэхгүй.

9.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “намын эрх барих дээд байгууллагын шийдвэр” гэдэг нь тухайн намын эрх барих дээд байгууллагын ээлжит болон ээлжит бус хуралдаанаас намын дүрэмд заасны дагуу гаргасан баримт бичгийг хэлнэ.

10.Мөн зүйл, хэсгийн “намыг улсын бүртгэлээс хасах” тухай шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргана.

11. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргасан бол Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу татан буулгах комиссыг томилно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                              Д.ТУНГАЛАГ