2015 оны 06 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006 оны 10 дугаар                                    дугаар 46                                          Улаанбаатар
сарын 30-ны өдөр                                                                                                              хот

ХҮҮХДЭД ТЭТГЭМЖ ОЛГОХ, ГЭР БҮЛД МӨНГӨН  ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

“Хүүхдэд тэтгэмж олгох, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус заасан “шинээр гэрлэгчид” гэдэгт гэр бүл болох шийдвэр гаргасан болон хамтран амьдарсан хугацааг харгалзахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэр бүлээ анх удаа бүртгүүлж байгаа гэрлэгчдийг ойлгоно. Урьд өмнө бусадтай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэн, хожим цуцлуулсан, эсхүл урьд гэрлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдсон гэрлэгчид ”шинээр гэрлэгчид” гэсэн ойлголтод хамаарахгүй.

2. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “анх удаа гэрлэх” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлж буй гэрлэгчдийн хэн алин нь урьд өмнө өөр хүнтэй гэрлэлтээ Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар буюу “гэрлэхийг хүсэгчид гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж” байгаагүйг ойлгоно.

Харин өөр хүнтэй хамтын амьдралтай болон эр, эмийн харьцаатай байсан, хүүхэд төрүүлсэн, төрүүлсэн хүүхэддээ шүүхэр болон захиргааны журмаар эцэг тогтоолгосныг Гэр бүлийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэрлэлт буюу “хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” гэсэн ойлголтод хамааруулахгүй.

3. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “төрөөс нэг удаа мөнгөн тусламж авах эрх” нь 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т зааснаар төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдэд үүснэ.

Гэрлэгчдийн гэрлэсэн өдөр нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9.2-т заасан “гэр бүл болсон он, сар, өдөр”-ийн тэмдэглэлээр биш харин мөн зүйлийн 13.9.3-т заасан “гэрлэлтээ бүртгүүлсэн он, сар, өдөр”-өөр тодорхойлогдно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                                       Л.БЯМБАА