2015 оны 06 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2007 оны 7дүгээр сарын 03-ны өдөр                  Дугаар 36                                                Улаанбаатар хот

 

          ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШҮҮХИЙН  ПРАКТИКТ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, даган мөрдөгдөх болсонтой холбогдуулан хуульд шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн Хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт , Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг  удирдлага болгон Улсын Дээд шүүхээс  ТОГТООХ НЬ :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /цаашид энэ хууль гэх/ Улсын Их Хурлын чуулганаар 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3-т зааснаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул энэ өдрөөс өмнөх хугацаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу, харин уг өдрөөс хойшхи ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

1.1. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэсэн бөгөөд шийдвэрлэгдээгүй байгаа иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг  2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн энэ хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулна. Нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу явуулсан бүх ажиллагаа хүчинтэй хэвээр байна.

1.2.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан гомдол гаргах 14 эсхүл 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй бөгөөд давж заалдах, эсхүл  хяналтын гомдол гаргаагүй байхад энэ хууль хүчин төгөлдөр болсон бол хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан аль ч гомдлыг давж заалдах гомдол гэж үзэн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

1.3.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан давж заалдах гомдолтой хэргийг аймаг, нийслэлийн шүүх  давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн энэ хуулийг баримтална.

1.4.2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад хууль хүчин төгөлдөр болсон бол хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан гомдолд энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д заасан хугацаа хамаарахгүй бөгөөд хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

1.5.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хяналтын шатны шүүхэд ирсэн хэргийг хяналтын шатны шүүх энэ хуулийн дагуу хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

1.6.Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан хяналтын гомдолтой хэрэг 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хяналтын шатны шүүхэд ирсэн бол давж заалдах шатны шүүхээр урд хянагдсан хэргийг хяналтын шатны шүүх энэ хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

Харин уг хэрэг давж заалдах шатны шүүхээр урд хянагдаагүй бол хэргийг шүүгчийн  захирамжаар давж заалдах шатны шүүхэд шилжүүлнэ.

2.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг энэ хуулийн 155 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр, хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6.-д заасан тохиолдолд шүүгчийн захирамж (шүүхийн тогтоол) –аар цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

3.Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.-т зааснаар аймаг, нийслэлийн шүүх болон Улсын Дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэргийг анхан шатны журмаар, Улсын Дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх тухайн шатны ажиллагааны ердийн журмыг баримтлана.

4.Хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т “…шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй” гэдгийг шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх уг хэргийг буцаан шилжүүлж болохгүй гэж ойлгоно.

Харин хэрэг шилжүүлсэн үндэслэлийг тодорхой бус, эргэлзээтэй, алдаатай гэж үзвэл хэргийг хүлээн авсан шүүгч энэ зүйлийн 20.4.-т зааснаар захирамж гаргаж, дүүргийн болон сум, сум дундын шүүхийн хооронд, эсхүл анхан болон давж заалдах шатны шүүхийн хооронд, эсхүл давж заалдах шатны шүүхүүдийн хооронд шилжүүлсэн хэргийн харьяаллыг Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4.-д зааснаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр, тухайн аймаг, нийслэлийн харьяалах нутаг дэвсгэрийн  анхан шатны шүүхүүдийн хооронд шилжүүлсэн хэргийн харьяаллыг Шүүхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6.-д зааснаар аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр  тус тус тогтоолгоно.

5.Хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т “…шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэснийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан гомдолд хамааруулна.

Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүг энэ хуулиар хэргийг хэлэлцсэн давж заалдах болон хяналтын шүүх буцаан олгохгүй.

6.Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д “…улсын тэмдэгтийн хураамжийг… буцаан олгоно” гэснийг давж заалдах шатны шүүх энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө гаргасан боловч хууль хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээр хэлэлцэгдсэн гомдолд уг зохицуулалт  нэгэн адил хамаарна.

7.Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 167 дугаар зүйлийн 167.3.-т тус тус зааснаар шийдвэр, магадлал хүчинтэй болно.

 Шийдвэр, магадлал хүчинтэй болсноор анхан болон давж заалдах шатны шүүх  шийдвэрээ өөрчлөх,  уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр, магадлал гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэр, магадлалд тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй. Хүчинтэй болсон шийдвэр, магадлалыг  уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулж, зохигчдод хүргүүлнэ.

8.Хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор:

а/ түүнийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.

б/ давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхгүй.

в/ мөн зүйлийн 120.4.-т зааснаар дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргахгүй.

г/ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй. 

д/ шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадлагын журмаар биелүүлэх эрх үүснэ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шүүх зөвхөн энэ хуулийн 1761 дугаар зүйлийн 1761. 2.-т заасан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр эсхүл хуулийн 179, 180 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж болно.

9.Хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3., 173 дугаар зүйлийн 173.4.-т “...шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу  анхан шатны шүүхийн шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана. Харин энэ зүйлд заасан үндэслэл гомдлыг хүлээн авснаас хойш илэрвэл давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхийн шүүгч гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж гаргана.

Гомдлыг хүлээн авахаас болон хэлэлцэхээс татгалзах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах журмыг хэрхэн зөрчсөн , түүнийг хэрхэн  арилгах талаар зааж өгнө.

10.Хуулийн 167 дугаар зүйлийн 167.2., 176 дугаар зүйлийн 176.3.-т заасан магадлал, тогтоолын агуулга, бүтцэд хуулийн 118 дугаар зүйлийн зохицуулалт нэгэн адил хамаарна. 

11.Хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д зааснаас бусад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ зүйлд заасан журмын дагуу гомдол гаргахгүй.

12.Хуулийн 1761 дугаар зүйлийн 176.3.-т заасан хариуг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн ажлын албаар дамжуулан гомдол гаргагчид өгнө.

13.Хуулийн 17 дугаар бүлэгт заасан “шүүхийн шийдвэр”, мөн бүлгийн 181 дүгээр зүйлийн 181.6.-д заасан “шүүхийн урд шийдвэр” гэдэгт хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал,  хуулийн 176, 178 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхийн тогтоол тус тус хамаарна.

Хүчин төгөлдөр болоогүй шийдвэр, магадлалын талаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж болохгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.БАТДЭЛГЭР

                                                 ИРГЭНИЙ ХЭРГИЙН  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Ц.АМАРСАЙХАН