2015 оны 06 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 07 дугаар                        Дугаар 35                                          Улаанбаатар
сарын 03-ны өдөр                                                                                                хот

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114, 115 дугаар зүйлүүдийн

зарим заалтыг тайлбарлах тухай

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 114 дүгээр зүйлийн 114.1.3 дахь хэсгийн "тахир дутуугийн зэрэгт оруулах шаардлагатай ялтны тодорхойлолтыг эрүүл мэндийн зохих байгууллагад гаргах"; 115 дугаар зүйлийн 115.1.8 дахь хэсгийн "урьд тогтоолгосон өндөр насны болон бусад тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авах" гэсэн заалтуудыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар эүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.3 дахь хэсгийн "... ялтны тодорхойлолт ..." гэдэгт ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоохтой холбогдсон түүний өвчин, эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал, бие махбод, мэдрэлийн системийн онцлогийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг хэлнэ.

2.  Мөн зүйл, хэсгийн "... эрүүл мэндийн зохих байгууллага ..." гэдэгт өвчтэй тухайн ялтны ял эдэлж байгаа хорих ангийн харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "эмнэлэг хдөлмөрийн магадлах комисс"-ийг ойлгоно.

3.   Хуулийн   115 дугаар  зүйлийн   115.1.8 дахь  хэсгийн  "...   бусад тэтгэвэр, тэтгэмжээ  үргэлжлүүлэн   авах"   гэдэгт  шүүхийн   шийтгэх  тогтоол   гарч,   хорих  ял эдлэхээс өмнө ялтан Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн, тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүссэн, тэтгэвэр, тэтгэмжээ авч байсныг хамааруулна.

4.  Мөн зүйл, хэсгийн "... бусад тэтгэвэр ..." гэдэгт Ниигмийн даатгалын сангаас авах тахир дутуугийн,  тэжээгчээ  алдсаны,   ахмад  настны  халамжийн,  дөрөв  ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр тус тус хамаарна.

5.  Мөн зүйл, хэсгийн "... бусад тэтгэмж" гэдэгт Ниигмийн даатгалын сангаас олгох оршуулгын, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, мөн нийгмийн халамжийн сангаас хөхүүл хүүхэдтэй эхэд олгох, түүнчлэн жирэмсний болон   амаржсаны   тэтгэмж   авах   эрх   үүсээгуй   эхэд   олгох   жирэмсний   болон амаржсаны тэтгэмжийг тус тус хамааруулан ойлгоно.

 

                                                                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.БАТДЭЛГЭР

                                                                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         О.ЗАНДРАА