2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006 оны 06 дугаар                                    Дугаар 30                                            Улаанбаатар
сарын  26-ны  өдөр                                                                                                            хот

 

“ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ” ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн зарим зүйл, хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс       ТОГТООХ нь:

1. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн /цаашид “энэ хууль” гэнэ/ зарим зүйл, хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.

1.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэдэгт 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн хүмүүс хамаарна.

1.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн” гэдэгт урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүйгээс гадна хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж байсан, хорих ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцсон буюу ялгүй болсон, хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзсан болон мөн хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй, уг хугацаа дууссан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг шийтгэх тогтоолоор анх удаа хорих ял шийтгүүлсэн болон шийтгүүлж байгаа этгээдийг тус тус хамааруулна.

1.3. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа” гэдгийг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч уг хууль хүчин төгөлдөр болох үед 18 насанд хүрсэн этгээдийг ойлгоно.

1.4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй” гэдэгт нэг буюу түүнээс дээш төрүүлсэн болон үрчилж авсан, түүнчлэн нэг өрхөд хамт амьдарч байгаа дагавар хүүхдийн аль нэг нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 18 насанд хүрээгүй байхыг;

“жирэмсэн эмэгтэйчүүд” гэдэгт энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жирэмсэн болсон нь эмчийн магадлагаа, эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсоныг ойлгоно.

1.5. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “өөрийн шууд асрамжинд байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй” гэдэгт шууд   асрамжинд нь байгаа төрсөн болон үрчилж авсан, дагавар хүүхдийн эх нь нас барсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон байхыг хэлнэ.

1.6. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт дурдсан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /паспорт/, түүнтэй адилтгах бусад баримт бичиг, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан төрийн захиргааны эрх бүхий байгууллагын бүртгэл, тодорхойлолт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон байвал зохино.

1.7. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 4.1.6-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй” гэдгийг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, түүнчлэн ял эдэлж байгаа “арван найман насанд хүрээгүй хүүхдэд” уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт хаалт болохгүй гэж ойлгоно.

1.8. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтан” гэдэгт хөнгөн, хүндэвтэр хүнд гэмт хэргийг анх удаа болгоомжгүй үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээд хамаарна.

1.9. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах ял шийтгүүлсэн байхыг ойлгоно.

1.10. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгээс 4.4 дэх хэсэгт заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байвал зохино.

1.11. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж” гэдэгт уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байхыг ойлгоно.

1.12. Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялын хөнгөнийг хүндэд нь багтаах, эсхүл бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

1.13. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт дурдсан “хэрэгсэхгүй болгох хугацаанд” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан хугацааг адилтгаж ойлгоно.

Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн байгууллага уг хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд байгаа ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэл хийнэ. 

1.14. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгч захирамж гаргаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шат шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.

1.15. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан “гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн” гэдгийг 3 ба түүнээс дээш удаа шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн гэж ойлгоно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдсон буюу ялгүй болсон бол энэ ойлголтод хамааруулахгүй. 

1.16. Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй үндэслэлүүд нь 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө бий болсон байвал зохино.

1.17. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.

1.18. Ялтныг үндсэн болон нэмэгдэл ялаас энэ хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх тухай асуудлыг Улсын Их хурлын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор байгуулагдсан комисс зохион байгуулна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх буруу хэрэглэсэн тохиолдолд дээд шатны шүүх уг хэргийг давж заалдах буюу хяналтын журмаар хянан хэлэлцэхдээ алдаа, зөрчлийг залруулан зөвтгөж байвал зохино.

1.19. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ээс 8.1.7-д заасан этгээдэд уг хуульд заасан өршөөл үл хамаарна.                                                       

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  Д.БАТСАЙХАН

ШҮҮГЧ Ч.ГАНБАТ