2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006   оны 05 дугаар                                  Дугаар 26                                Улаанбаатар
сарын  29-ний  өдөр                                                                                              хот           

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Эрчим хүчний тухай хуулийн зарим зүйл, заалтыг дор дурдснаар тайлбарласугай.

1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын “эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ” гэдэгт хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамрах цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа, хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээг ойлгохоос гадна эх үүсвэргүй дамжуулах, түгээх сүлжээ нэгэн адил хамаарах бөгөөд эдгээр нь мөн нэгдсэн сүлжээнд орно.

2. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтын “үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ” зэргийг Эрчим хүчний зохицуулах газраас баталж, нийтлээгүй бол “үнэ” гэсэн ойлголтоор, харин уг газраас тус тусад нь буюу эдгээрийн аль нэгийг багтаан баталж, эрчим хүчний хэрэглэгчдэд мөрдүүлэхээр нийтэлж, нийтийн хүртээл болгосон бол “тариф” гэсэн ойлголтоор тус тус хэрэглэгдэнэ.

3. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтын “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлш болон тоног төхөөрөмж, сэлбэгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх журам батлах” гэдгийг зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх ажиллагаанд хамааруулна. Хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад асуудалд, тухайлбал, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх цахилгаан дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай болон зохицуулалтгүй хангах, цахилгаан импортлох, экспортлох, эрчим хүчний барилга байгууламж барих үйл ажиллагаанд Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт хамаарахгүй. 

4. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3-т “эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах” гэсний “эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан” гэдгийг Стандартчилал, Хэмжил зүйн байгууллагаар албан ёсоор баталгаажуулсныг хэлнэ.

Мөн заалтын “холболтын цэг” гэдэг нь дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан, дулаан  дамжуулах, түгээх сүлжээ, шугам, тоног төхөөрөмжийн өмчлөлийн буюу эзэмшлийн харъяалал, заагаар тодорхойлогдоно.

5. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох” гэдэг нь цахилгаан импортлох, импортлосон цахилгаанаа Эрчим хүчний зохицуулах газраас хянаж баталсан үнээр хэрэглэгчдэд худалдахыг хэлнэ. Хэрэглэгчдэд цахилгаан худалдах эрх нь цахилгаан импортлох тусгай зөвшөөрөлтэй хамт олгогдсон байвал зохино.                                      

6. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан “тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн” хугацааг сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан баримт бичгийн хамт Эрчим хүчний зохицуулах газар буюу аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцно.

7. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн” гэдэгт тусгай зөвшөөрөл авах үед энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан баримт бичгээр тогтоогдсон үндэслэл, нөхцөл, үзүүлэлтүүд өөрчлөгдсөнөөс шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг шинэчлэх, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг  хамааруулан ойлгоно.

8. Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “бусад  тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэдэгт хүчингүй болсон тухайн тусгай зөвшөөрөлд заасантай ижил төрлийн ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг ойлгоно.

9. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтлөх” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээдийн эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл тус бүрээр, үндсэн тайлан бүртгэлээс тусад нь санхүүгийн тайлан, бүртгэл хөтлөхийг хэлнэ. Харин эдгээр нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дансны жагсаалтын дагуу бүртгэгдсэн байна.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С. БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                      А. ДОРЖГОТОВ