2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 02 дугаар                                                                                      Улаанбаатар
сарын  20-ны  өдөр                                      Дугаар  08                                               хот

 

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.3 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэсэн заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэдэгт эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцно. Үүнд:

а. Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга;

б. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Прокурорын байгууллага,  Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн бусад байгууллагуудын тамгын газар, хэрэг эрхлэх газар, ажлын албаны болон тэдгээрийн харьяа хэлтэс, тасгийн ажилтнууд;

в. Цагдаа, гааль, татвар, тагнуул, хорих, хилийн цэрэг зэрэг байгууллагын ажилтнууд;

г. Төрийн  захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хууль зүйн товчоо, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажилтнууд /архивч, кодификаторч, бичиг хэргийн эрхлэгч, эрх зүйн мэдээллийн ажилтан гэх мэт/;

д. Хууль зүйн их, дээд сургууль, коллеж, түүнтэй адилтгах сургалтын байгууллагын багш, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын ажилтнууд;

2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт зааснаас бусад ажил, албан тушаалд ажилласан тодорхой тохиолдол, хуульч мэргэжлээр ажилласан хугацаатай холбогдон гарсан маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэнэ.

3. Хуульч мэргэжлээр ажилласан хугацааг тоолохдоо шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн нийгмийн даатгалын дэвтэр, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэх бөгөөд хуульч мэргэжлээр ажилласан хугацааг тасарсан эсэхийг  харгалзахгүйгээр энэ тогтоолын 1 ба 2 дахь хэсэгт заасан ажил, албан тушаалд ажилласан бүх хугацааг нэгтгэн бүтэн 12 сарыг нэг жилд, шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн насыг тооцохдоо иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн төрснөөс хойшхи бүтэн 12 сарыг нэг насанд тус тус тооцно.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлыг хуульч мэргэжлээр ажилласан хугацаанд оруулна.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          О.ЗАНДРАА