УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ,
ДОТООД ХЭРГИЙН  САЙДЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2007 оны 05 дугаар
сарын 21-ны өдөр
Дугаар 28, 147, 115 Улаанбаатар
хот

 

Заавар батлах тухай

Архивын тухай хуулийн 20 дугаар сарын 20.8-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ  нь

1. “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох

баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү заавар батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн

сайд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2004 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 41,135, 41 дүгээр тушаал, захирамжаар баталсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн Ерөнхий

зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, Улсын Ерөнхий прокурорын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний архивын газрын дарга нарт тус тус даалгасугай.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ ПРОКУРОР
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД
С.БАТДЭЛГЭР М.АЛТАНХУЯГ Д.ОДБАЯР

 

 

 


 

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын 
Ерөнхий  прокурор, Хууль зүй, дотоод 
хэргийн сайдын 2007 оны 05 дугаар сарын 
21-ны өдрийн хамтарсан 28 / 147 / 115 
дугаар захирамж, тушаалын хавсралт

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ, ШҮҮН ТАСЛАХ 
АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ БАРИМТЫН ТӨРӨЛЖСӨН

АРХИВЫН АЖЛЫН ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүү, иргэн, захиргааны хэрэг, зөрчил, тэдгээртэй холбоотой баримт цаашид “баримт” гэх/ -ыг төрөлжсөн архивт шилжүүлэх, хадгалахад Архивын тухай хууль, Үндэсний архивын газраас баталсан холбогдох заавар, журам болон  энэхүү зааврыг баримтална.

Хоёр. Төрөлжсөн архивын хөмрөг, түүний бүрэлдэхүүн

2.1. Эрүү, иргэн, захиргааны хэрэг, зөрчил, тэдгээртэй холбоотой, цогц болгон архивт хадгалж байгаа баримтууд нь төрөлжсөн архивын хөмрөг болно.

2.2. Төрөлжсөн архивын хөмрөг нь дараах баримтаас  бүрдэнэ.

2.2.1. эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал;

2.2.2. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт;

2.2.3. бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн баримт;

2.2.4. шүүхийн албан хэрэг хөтлөлтийн баримт;

2.2.5. төрөлжсөн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт;

2.2.6. эх баримтад тооцогдох баримтын хуулбар.

Гурав. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд 
холбогдох баримтын төрөлжсөн архивын тогтолцоо

3.1. Улсын Дээд шүүхэд иргэний болон захиргааны хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд түүний салбар архив тус тус ажиллана.

3.2. Улсын Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэлийн прокурорын газарт түүний салбар архив тус тус ажиллана.

Дөрөв. Шүүхийн төв болон салбар архивт хадгалагдах баримт

4.1. Улсын Дээд шүүхийн төрөлжсөн төв архивт:

4.1.1. Улсын Дээд шүүх хянан шийдвэрлэхээр хуулиар харъяалуулсан иргэн, захиргааны хэргийн баримт;

4.1.2. Улсын Дээд шүүхийн албан хэрэг хөтлөлтийн баримт;

4.1.3. Аймаг, нийслэл, нийслэлийн захиргаа, сум буюу сум дунд, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байнга хадгалах иргэний болон захиргааны хэргийн баримт, албан хэрэг хөтлөлтийн баримт.

4.2. Нийслэлийн шүүхийн архивт

4.2.1. нийслэлийн шүүх хянан шийдвэрлэхээр хуулиар харъяалуулсан иргэний  хэргийн баримт;

4.2.2. нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн түр хадгалах иргэн, захиргааны зөрчлийн хэргийн баримт;

4.2.3. нийслэл, дүүргийн шүүхийн албан хэргийн хөтлөлтийн баримт;

4.2.4. архивт шилжүүлсэн иргэн, захиргааны зөрчлийн хэрэгт холбогдолтой хувийн гаралтай баримт, түүнчлэн эх баримтад тооцогдох баримтын хуулбар;

4.2.5. дүүргийн шүүхээс Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, нийслэлийн шүүх, нийслэлийн прокурорын газрын төв болон салбар архивт шилжүүлсэн бүх төрлийн хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар, хэргийн жагсаалт

4.3. Аймгийн шүүхийн архивт:

4.3.1. аймгийн болон аймгийн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр хуулиар харъяалуулсан иргэн, захиргааны хэргийн баримт;

4.3.2. сум буюу сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн түр хадгалах иргэн, захиргааны зөрчлийн хэргийн баримт;

4.3.3.аймаг, аймгийн захиргааны хэргийн болон сум буюу сум дундын шүүхийн албан хэрэг хөтлөлтийн баримт;

4.3.4.архивт шилжүүлсэн иргэн, захиргааны болон захиргааны зөрчлийн хэрэгт холбогдолтой хувийн гаралтай баримт түүнчлэн эх баримтад тооцогдох баримтын хуулбар;

4.3.5. сум буюу сум дундын шүүхээс Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, аймгийн шүүх, аймгийн прокурорын газрын төв  болон салбар архивт шилжүүлсэн бүх төрлийн хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар, хэргийн жагсаалт.

4.4. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн архивт:

4.4.1. захиргааны хэргийн баримт;

4.4.2. архивт шилжүүлсэн захиргааны холбогдолтой хувийн гаралтай баримт, түүнчлэн эх баримтад тооцогдох баримтын хуулбар;

4.4.3. нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн албан хэргийн хөтлөлтийн баримт

4.4.4. нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Улсын Дээд шүүхийн төрөлжсөн төв архивт шилжүүлсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар болон хэргийн жагсаалт.

Тав.Прокурорын төв болон салбар архивт хадгалагдах баримт

5.1. Улсын Ерөнхий прокурорын төв архивт:

5.1.1. Улсын Дээд шүүхэд хянан шийдвэрлэхээр хуулиар харъяалуулсан эрүүгийн хэргийн баримт;

5.1.2. Улсын Ерөнхий прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн  хэрэг үүсгэхээс татгалзсан материал;

5.1.3. аймаг, нийслэл, сум буюу сум дунд, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байнга хадгалах, нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн  түр хадгалах  эрүүгийн хэргийн баримт, албан хэрэг хөтлөлтийн баримт.

5.2. Нийслэлийн прокурорын газрын архивт:

5.2.1. нийслэл, дүүргийн прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт;

5.2.2. архивт шилжүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдолтой хувийн гаралтай баримт болон эх баримтад тооцогдох баримтын хуулбар;

5.2.3. хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, өвчний учир  ялаас       чөлөөлөх,ял эдлэж буй дэглэмийг бууруулах, чангаруулах асуудлыг шийдвэрлэсэн хэргийн материал.

5.3. Аймгийн прокурорын газрын архивт:

5.3.1. аймгийн болон сум буюу сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн түр хадгалах эрүүгийн хэргийн баримт, албан хэрэг хөтлөлтийн баримт;

5.3.2. аймаг, сум буюу сум дундын прокурорын  хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал;

5.3.3. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон  хэргийн баримт, материал;

5.3.4. архивт шилжүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдолтой хувийн гаралтай баримт болон эх баримтад тооцогдох баримтын хуулбар;

5.3.5. хорих ял  эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах, өвчний учир ялаас чөлөөлөх, ял эдлэж буй дэглэмийг бууруулах, чангаруулах асуудлыг шийдвэрлэсэн хэргийн материалыг тус тус хадгална.

Зургаа. Баримтыг төрөлжсөн архивт шилжүүлэх

6.1. Шийдвэрлэсэн хэргийн баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болсон, энэ журмын 8.4-д заасан бусад баримтыг салбар архиваас тэдгээрийн зохион бүрдүүлсэн оны дараа жилийн нэгдүгээр улиралд тус тус багтаан жагсаалт гарган харъяа төрөлжсөн архивт хүлээлгэн өгөхөөр шилжүүлнэ.

Долоо. Төрөлжсөн архивын баримтыг хадгалах хугацаа тооцох

7.1. Төрөлжсөн архивын баримтыг хадгалах хугацааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болон хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс, бусад баримтыг тэдгээрийн зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус тооцно.

Найм. Баримт хадгалах хугацаа

8.1.Баримтыг дор дурдсан хугацаагаар хадгалах бөгөөд түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь Архивын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.12-т заасан хугацааны дараа төрийн архивт шилжүүлнэ.

8.2. Шүүхээр шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэргийн баримт:

8.2.1.өв залгамжлалын эрхтэй холбоотой -55 жил;

8.2.2. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой – байнга;

8.2.3. зохиогчийн эрхтэй холбоотой – байнга;

8.2.4. шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээгчдийн нэхэмжлэлээр үүссэн хэрэг – 25 жил;

8.2.5. хүний эрүүл мэнд, амь насанд учруулсан хохирол барагдуулах тухай хэрэг – 40 жил;

8.2.6. гэр бүлийн маргаан – 10 жил;

8.2.7. хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх тухай  болон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх тухай – тэтгэлэг авах хугацаа дуустал;

8.2.8. хүний эрхийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдэлд гаргасан гомдол – 5 жил;

8.2.9. хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай – 5 жил;

8.2.10. нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах тухай – 5 жил;

8.2.11. аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг түр болон бүр мөсөн зогсоох тухай – 5 жил;

8.2.12. улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах тухай – байнга;

8.2.13. хөдөлмөрийн маргаан – 5 жил;

8.2.14. нэхэмжлэлээр үүсэх бусад хэргүүд – 5 жил;

8.2.15.эрх зүйн ач холбогдол бүхий баримтуудыг тогтоох тухай – 10 жил;

8.2.16. бичиг баримтын өмчлөгчийн эрхийг сэргээх тухай – 5 жил;

8.2.17. намын бүртгэлтэй холбоотой – 40 жил;

8.2.18. захиргааны зөрчлийн хэрэг – 2 жил;

8.2.19. бүх шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэргийн шийдвэр – байнга.

8.3. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг:

8.3.1. онц хүнд гэмт хэрэг – байнга;

8.3.2. цаазаар авах ял оногдуулсан – байнга;

8.3.3. хүнд гэмт хэрэг – 20 жил;

8.3.4.хүндэвтэр гэмт хэрэг – 10 жил;

8.3.5. хөнгөн гэмт хэрэг – 5 жил;

8.3.6. насанд хүрээгүйчүүдтэй холбоотой хэрэг – Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаанд;

8.3.7. бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол – байнга.

8.4. Албан хэрэг хөтлөлтийн баримт:

8.4.1. анхан шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл – байнга;

8.4.2. давж заалдах шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл – байнга;

8.4.3. хяналтын шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл – байнга;

8.4.4. эрүүгийн хэргийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх, цагаатгах тогтоолын эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.5. иргэний хэргийн шүүгчийн  захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.6. захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.7. захиргааны зөрчлийн хэргийн шийтгэврийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.8. бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.9. Улсын Дээд шүүх, нийслэлийн шүүхийн Танхимын тэргүүний захирамжийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.10.  Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн шүүгчийн захирамжийн эх баримт, дугаарын бүртгэл – байнга;

8.4.11. хэргийн эд мөрийн баримтын бүртгэл – 5 жил;

8.4.12. ял шийтгэлийн “Тэмдэглэл” хүргүүлэх бүртгэл – 3 жил;

8.4.13. прокуророос эрүүгийн хэрэг хүлээн авсан бүртгэл – байнга;

8.4.14. давж заалдах болон хяналтын шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хүлээн авах бүртгэл – 5 жил;

8.4.15. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг, захирамж, тогтоол, шийдвэр, шийтгэвэр, зарлан дуудах болон мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн бүртгэл – 3 жил;

8.4.16. ял өөрчлөгдсөн тухай мэдэгдэх хуудасны бүртгэл – 5 жил;

8.5. Бусад бичиг баримт:

8.5.1. эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал – 1 жил;

8.5.2. хэрэгсэхгүй болгосон хэрэг – 3 жил;

8.5.3. хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол – байнга;

8.5.4. Хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах, өвчний үед ялаас чөлөөлөх, ял эдэлж буй дэглэмийг бууруулах, чангаруулах асуудлыг шийдвэрлэсэн хэргийн материал – 10 жил;

8.6. Хадгалах хугацаа нь дууссан хавтаст хэргээс тухайн хэргийн талаар гаргасан эцсийн шийдвэрийн эх хувийг авч байнга хадгална.

8.7. Зарим баримтын хадгалах хугацааг төрөлжсөн төв архивын дэргэдэх “ Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс” нэмж болно.

Ёс. Баримтын хадгалалт

9.1. Баримтын хэргийн бүрдлээр нь хадгаламжийн нэгж болгон хадгална.

9.2. Төрөлжсөн архивын баримтын бүрэн бүтэн байдал, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих  зорилгоор төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу жилд нэгээс доошгүй удаа тооллого явуулна.

9.3. хэрэгт холбогдолгүй баримтыг архивын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д заасан хугацаанд байгууллагын салбар архивт хадгалж түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг  нь төрийн архивт шилжүүлнэ.

Арав. Баримтын ашиглалт

10.1. Баримтыг хувь, аж ахуйн нэгж, байгууллагад Архивын тухай хуулийн 25 дугаар зүйл болон төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу ашиглуулна.

10.2.Төрөлжсөн төв архивын дэргэд “Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс” байгуулна.

10.3. Нууцын зэрэглэлтэй баримтын ашиглалтын журмыг төрөлжсөн төв архивын      “Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс” тогтооно.

Арван нэг. Баримтын устгалт

11.1. Энэ зааврын “Найм”-д заасан хадгалах хугацаа дууссан буюу түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй болсон баримтын жагсаалтыг төрөлжсөн төв архивын дэргэдэх “Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс”-ын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэсний дараа төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу баримт бичиг устгах комиссыг томилон устгана.