2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 02 дугаар                           Дугаар 05                                    Улаанбаатар
сарын  20-ны  өдөр                                                                                           хот

 

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Автотээврийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д заасан “тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч” гэдэгт Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний оролцогч болох зорчигч буюу ачаа, тээш тээвэрлүүлж буй этгээдийг хэлнэ.

2. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1.-д заасны дагуу аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй аймаг, Нийслэлийн Засаг дарга нь харьяа албаараа дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээний замын чиглэл, шугам, цагийн хуваарь зэргийг батлах, тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар арга хэмжээ авах, тээвэрлэлтийн гэрээний үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох зэрэг ажиллагааг хамааруулан ойлговол зохино. 

3.Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно” гэсний “гэрээ” гэдгийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ гэж ойлгож, энэхүү гэрээний “оролцогч талууд” гэдэгт тухайн гэрээний оролцогч болох тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийг ойлгоно.

4.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д “энэ хуулийн 15.2., 15.3., 15.4.-т заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулна” гэсний “гэрээ” нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2., 189.3.-т заасан эрх олгох болон, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул Иргэний хуулийн                380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамааралгүй гэж ойлгоно. Харин хуулийн   7 дугаар зүйлийн 7.1.4.-т заагдсан эрх бүхий этгээд нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулж, зохион байгуулах арга хэмжээнүүдийг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино.

 

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ц.АМАРСАЙХАН