2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                      Дугаар 50                                                       Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 136 ДУГААР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д  заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.1 “Хувь хүний нууц” гэдгийг Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ойлгоно.

1.2 “...Албаны үйл ажиллагаа” гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг хэлнэ.

1.3 “Албаны үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа мэдсэн этгээд” гэдгийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцах эрх тусгайлан олгогдсон, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гэж ойлгоно.

1.4 “Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа мэдсэн этгээд” гэж нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл боловсрол, техникийн зэрэг аль нэг салбарт ямар нэгэн ажил төрлийн талаар эзэмшсэн тодорхой мэдлэг, чадварын дагуу зөвхөн тухайн ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа болон урьд нь уг ажлыг эрхэлж байсан хүнийг (эмч, өмгөөлөгч, багш, банкны ажилтан гэх мэт) хэлнэ.

2. Хувь хүний нууцыг задруулахдаа иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн 135, 136 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ.

3. Бусдын нэр төр, алдар хүндийг доромжлох явцад хувь хүний нууцыг задруулсан бол Эрүүгийн хуулийн 110, 136 дугаар зүйлээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

4. Хувь хүний нууцыг задруулахдаа мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн 136, 257 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ.

Харин холбогдох хуулиудаар хүлээлгэсэн үүргийн дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлэг өгөхдөө гэрч, хохирогч (Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт тус тус заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэснээс бусад тохиолдолд) нь хувь хүний нууцыг задруулсныг гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Д.БАТСАЙХАН