2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр                                    Дугаар 45                              Улаанбаатар хот

 

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Захиргааны хариуцлагын тухай хуулийн /цаашид “хууль” гэх/ зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Хуулийн 10 дугаар зүйлд захиргааны хариуцлага хүлээлгэх харьяаллыг хоёр буюу түүнээс дээш байгууллага, албан тушаалтанд  ногдуулсан бол захиргааны зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг анх хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ.

Харин нэг этгээд хоёр буюу түүнээс дээш төрлийн зөрчил гаргасан бөгөөд тэдгээрт шийтгэл ногдуулах эрхийг өөр өөр байгууллага, албан тушаалтанд олгосон бол зөрчил тус бүрийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ.

2.Захиргааны нэг төрлийн зөрчлийг давтан буюу удаа дараа үйлдсэн бөгөөд алинд нь ч хариуцлага хүлээгээгүй этгээдэд нэг шийтгэврээр, нэг төрлийн шийтгэл ногдуулах бөгөөд түүний хэмжээг тухайн төрлийн зөрчилд ногдуулж болох шийтгэлийн дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.

3.Захиргааны зарим зөрчилд “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж заасныг тухайн зөрчил эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгоно.

4.Хуулийн 19 дүгээр зүйлд захиргааны шийтгэл ногдуулсан шүүхийн шийтгэвэрт давж заалдах гомдол, албан тушаалтны шийдвэрт гомдол тус тус гаргах талаарх зарим зохицуулалтыг дараах байдлаар тайлбарласугай:

4.1.Энэ зүйлийн 2 дугаар хэсгийн 1-д “дээд шатны шүүхэд” гэж заасныг аймаг, нийслэлийн шүүхэд гэж ойлгох ба ийнхүү давж заалдах гомдол гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлүүдэд заасан гомдол гаргах, түүнийг хянан хэлэлцэх журам хамаарахгүй болно.

Давж заалдах гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны зөрчлийн  хэргийн хамт дээд шатны шүүхэд хүргүүлнэ. Гомдлыг хүлээн авах, бусад этгээдэд танилцуулах, хэргийг дээд шатны шүүхэд хүргүүлэх зэрэгт хэргийн хөдөлгөөний стандартад заасан нийтлэг хугацаа, журмыг баримтална.

4.2.Мөн зүйлийн 3-т зааснаар зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа захиргааны шийтгэл ногдуулсан   шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргавал анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж, гомдлыг хүлээн авсан өдрөөс хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийтгэвэр биелүүлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

Торгуулийн хуудсаар торгууль ногдуулсанд давж заалдах гомдол гаргах нь захиргааны уг шийтгэлийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Торгох, эсхүл баривчлах захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрт давж заалдах гомдол гаргахаас өмнө хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар торгууль бүрэн, эсхүл хэсэгчлэн төлөгдсөн, эсхүл баривчлах шийтгэлийг эдлүүлж эхлэсэн бол шийтгэврийг биелүүлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүй.

Давж заалдах гомдлыг дээд шатны шүүх хянан хэлэлцэж, шийтгэврийг хэвээр үлдээсэн, эсхүл захиргааны шийтгэлийн төрлийг  хэвээр үлдээж, зөвхөн хугацаа буюу хэмжээг өөрчилсөн бол шийтгэврийг биелүүлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар сэргээж, Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

4.3.Мөн зүйлийн 4-т зааснаар давж заалдах гомдлыг аймаг, нийслэлийн шүүх хянан хэлэлцэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.1.-д заасан хугацаа хамаарахгүй бөгөөд гомдлыг хянан хэлэлцээд гаргасан магадлалд хяналтын гомдол гаргах журам энэ хуульд заагдаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр байна.

Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын зүйл, заалтыг удирдлага болгохгүй, харин энэ хуулийн болон Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлана.

4.4.Албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрт энэ зүйлийн 2 дугаар хэсгийн 2-т заасны дагуу гаргасан давж заалдах гомдлыг тухайн салбарын дээд шатны албан тушаалтан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийн талаар мөн  зүйлийн 5-д  зааснаар гаргасан гомдлыг энэ зүйлийн 1, 2-т заасан давж заалдах гомдол гэж үзэхгүй.

Харин тухайн албан тушаалтан болон байгууллагын харьяаллаас хамааран уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-т зааснаар иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох гомдол, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д заасан захиргааны хэрэг үүсгэх нэхэмжлэл гэж тус тус үзнэ.

4.5.Мөн зүйлийн 6-д заасан “Иргэний байцаан шийтгэх хууль” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж ойлгоно.

4.6.Захиргааны хариуцлагын тухай хуулиас өөр бусад хуульд зааснаар захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрт давж заалдах гомдол гаргавал энэ зүйлд заасан журам мөн адил хамаарна.  

5.Хуулийн 31 дүгээр зүйлд “төрийн байгууллагын ажилтан” гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан төрийн албан тушаалтан гэж ойлгоно.

6.Хуулийн 36 дугаар зүйлд заасан “бага хэмжээ” нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д заасан “бага бус” хэмжээнээс доош байна.

7.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар, Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 177 дугаар  тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Ц.АМАРСАЙХАН