2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                       Дугаар 41                                                      Улаанбаатар хот

 

ТАНХАЙРАХ ГЭМТ ХЭРГИЙГ ОЙРОЛЦОО ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛӨӨС ЯЛГАЖ,

ЗӨВ ЗҮЙЛЧЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгох, танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн зарим гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Yндсэн хуулийн тавьдугаар зүйлийн  1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

1.1 “Нийгмийн хэв журам” гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын  харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно.

Энэхүү хэм хэмжээг хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны шаардлагын алинаар нь  ч тогтоосон байж болно. 

1.2 “Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэж хүний халдашгүй, чөлөөтэй байх, амьд явах, амрах, хөдөлмөрлөх, сурах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах, хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдэл хийхийг хэлнэ.

1.3 “Олон нийт” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгоно.                                                            

 “Олон нийтийг илтэд үл хүндэтгэх” гэдэгт хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг ойлгоно.

1.4 “Хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ.  

“Хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно.            

1.5Догшин авирлаж гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ.

Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ.

1.6 “Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлэх” гэж хүмүүс олноор цугларсан газар болон гудамж, талбайд хэв журам сахиулах, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

“Нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж буй цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэжгэдэгт танхайрах үйлдлийг албаны болон иргэний үүргийн хувьд хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн шаардлагыг үл ойшоох, биелүүлэхгүй байх, тэдгээрийн эсрэг бие махбодийн,  эсхүл сэтгэл санааны  аливаа хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно.

Эсэргүүцэх нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх хэлбэрийн алинаар нь ч илэрхийлэгдэх бөгөөд энэ үед эсэргүүцлийн ямар ч үйлдэл хийгдсэн байж болно.

“Таслан зогсоох” гэж гэмт үйлдлийг хориглон зогсооход чиглэсэн идэвхтэй ажиллагааг хэлнэ.

Харин гэмт этгээдийг гуйх, ятгах, ухуулах болон сургамжлах зэргийг танхайрах үйлдлийг таслан зогсоосон гэж үзэхгүй.

Танхайрах үйлдэл таслан зогсоогдсон буюу төгссөний дараа гэмт этгээд шаардлага тавьсан иргэнийг эсэргүүцсэн нь танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй тул энэ тохиолдолд тухайн үйлдлийг хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн танхайрахаас өмнө буюу уг үйлдэл таслан зогсоогдсон эсхүл төгссөний дараа цагдаагийн ажилтан, төрийн хийгээд олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцсэн бол захиргааны журмын эсрэг болон танхайрах гэмт хэргээр давхар зүйлчилнэ.

1.7 “Урьд энэ хэрэгт шийтгүүлсэн” гэдэгт танхайрах гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлсний дараа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй, эсхүл мөн зүйлийн 78.3-т зааснаар ялгүйд тооцогдоогүй байхад танхайрах гэмт хэргийг шинээр үйлдсэнийг ойлгоно.

Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа өнгөрсөн, мөн зүйлийн 78.3-т заасан үндэслэлээр ялгүйд тооцогдсоны дараа танхайрах гэмт хэрэг шинээр үйлдсэн бол урьд ял шийтгүүлсэнд тооцохгүй.

2. Танхайрах гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэх талаар

2.1 Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдана.

Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ.

Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.2 Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино.

2.3 Танхайрах гэмт хэргийг үйлдэх явцад бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91, 96 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчилнэ.

2.4 Танхайрах гэмт хэргийн эсрэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын шинжгүй бол гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг харгалзан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3. Танхайрах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар

3.1 Танхайрах гэмт хэрэг нь нэг болон хэд хэдэн обьектод халддаг учраас уг үйлдэлтэй ямар ч холбоогүй хөндлөнгийн этгээд хохирох, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар  ямар ч шалтаг, шалтгаангүйгээр устгах буюу гэмтээх үр дагавар бий болдог тул танхайрах явцад бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол Эрүүгийн хуулийн 153, 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

3.2 Хувийн эд хөрөнгөө санаатайгаар устгах, гэмтээх нь танхайрах гэмт хэргийн шинжтэй байвал зөвхөн танхайрах гэмт хэргээр зүйлчилнэ.

4. Танхайрах гэмт хэргийг захиргааны журмын эсрэг гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар

4.1 Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т заасан гэмт хэргийн халдлагын объект нь нийгмийн аюулгүй байдал бол мөн хуулийн 230, 231, 232 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь захиргааны журам байдгаараа ялгагдана.

4.2 Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр хүч хэрэглэн танхайрсан бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн тохирох хэсгээр зүйлчлэх бөгөөд захиргааны журмын эсрэг гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

5. Танхайрах гэмт хэргийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 зүйлд заасан танхайрах зөрчлөөс ялгаж зүйлчлэх талаар

5.1 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчил нь үйлдэгдсэн арга, орон зай болон бусад шинжээрээ танхайрах гэмт хэрэгтэй төстэй боловч бусдыг хүч хэрэглэн зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, олон нийтийн чанартай арга хэмжээг тасалдуулсан, эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн зэрэг үр дагавар бий болгодоггүй, нийгмийн хор аюулаараа бага байдгаараа танхайрах гэмт хэргээс ялгагдана.

5.2 Танхайрах гэмт хэргийг танхайрах зөрчлөөс ялгахын тулд зөрчил гаргасан газар, орон зай, арга, түүний өрнөлт, үр дагавар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл зохино.

6. Бусад асуудлын талаар

6.1 Насанд хүрээгүй хүнийг танхайрах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 114, 181 дүгээр зүйлийг давхар хэрэглэж, нийлмэл гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

6.2 Танхайрах гэмт хэргийг үйлдэх явцад бусдын эд хөрөнгийг хулгайлсан, булаасан, дээрэмдсэн бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилнэ.

6.3 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж танхайрсан бол Эрүүгийн хуулийн 181, 215 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

6.4 Танхайрах гэмт хэргийг үйлдэх явцад хэрэглэсэн “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолд тайлбарласнаар ойлгож хэрэглэнэ.

                      

         ЕРӨНХИЙ ШYYГЧ                                         С.БАТДЭЛГЭР                               

ШYYГЧ                                          Б.ДОРЖГОТОВ