2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                       Дугаар 40                            Улаанбаатар хот

 

ЭРYYГИЙН ХУУЛИЙН 110, 111 ДYГЭЭР  ЗYЙЛYYДИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ  ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Эрүүгийн хуулийн  110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Yндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хуулийн (цаашид хуулийн гэх) 110 дугаар зүйлийн зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

1.1  Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан “...нэр төр” гэж  тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.

1.2. Мөн зүйл, хэсэгт заасан  “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.

1.3. Мөн зүйл, хэсэгт заасан “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.

Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь  холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.

1.4. Мөн зүйл, хэсэгт заасан “…олон нийт…” гэдэг нь нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно.

1.5. Мөн зүйл, хэсэгт заасан “…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгоно.

1.6. Доромжлох нь хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэг тул үйлдэл хийснээр төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

2. Эрүүгийн хуулийн (цаашид хуулийн гэх) 111 дүгээр зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

2.1 Хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан “… нэр төр, алдар хүнд…” гэдгийг энэ тогтоолын 1.1, 1.2-т зааснаар тус тус ойлгоно.

2.2 Мөн зүйл, хэсэгт заасан “…гутаах зорилго…” гэж өш хонзон санах, үзэн ядах, уур хорслоо тайлах, атаархах, эр эмийн хардлага зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн хувийн сэдэлтийг хэлнэ.

2.3  Мөн зүйл, хэсэгт заасан “…худал гүжирдлэг…” гэдэгт илт худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгоно.

2.4 Мөн зүйлийн 111.2-т заасан “…хэвлэл, мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг энэ тогтоолын 1.5-д зааснаар ойлгож хэрэглэнэ.

2.5 Мөн зүйл, хэсэгт заасан “…нийтэд тараасан…” гэж худал гүжирдлэгийг нэг буюу түүнээс дээш хүнд түгээсэн байхыг хэлнэ.

2.6 Мөн зүйл, хэсэгт заасан “…урьд ял шийтгүүлсэн …” гэдэгт доромжлох, гүтгэх гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлсний дараа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.3-т заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй, эсхүл ялгүйд тооцогдоогүй байхад энэ төрлийн гэмт хэргийг шинээр үйлдсэнийг ойлгоно.

Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүй болох хугацаа өнгөрсөн, мөн зүйлийн 78.3-т заасан үндэслэлээр ялгүйд тооцогдсоны дараа доромжлох, гүтгэх гэмт хэргийг шинээр үйлдсэн бол урьд ял шийтгүүлсэнд тооцохгүй.

2.7 Мөн зүйлийн 111.3-т заасан “…хүнд хор уршиг учирсан…” гэдэгт гүтгэгдсэн этгээд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд холбогдон  мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, ял эдэлсэн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсан, гэрлэлтийг цуцалсан, өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, бие эрхтэнд нь  хүнд гэмтэл учирсан буюу амь нас хохирсон зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.

2.8. Гүтгэх гэмт хэргийн хохирогч нь эрх зүйн чадамжаас үл хамааран эрх зүйн чадвар бүхий иргэн байна. Харин нас барсан хүнийг гүтгэсэн тохиолдолд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 - 520.3-т заасан хууль ёсны өвлөгч нь хохирогч байж болно.

2.9. Гүтгэх нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул үйлдэл хийснээр төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

3. Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг  ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх талаар.

3.1. Хүний хувийн нууцыг задруулах замаар доромжилсон бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн 110, 136 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ.

3.2. Доромжлох болон гүтгэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 110, 111, 149 дүгээр зүйлээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.3. Доромжлох гэмт хэрэг нь тодорхой хүний эсрэг чиглэсэн, түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байдаг бол танхайрах гэмт хэрэг нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байдгаараа ялгагдана.

Танхайрах гэмт хэргийн явцад хүний нэр төр, алдар хүндийг доромжилсон бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчилнэ.

3.4. Доромжлох нь тодорхой албан тушаал эрхэлж байгаатай нь буюу хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтэй нь холбогдуулах бус зөвхөн хувь хүний эсрэг чиглэсэн байдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн 231 дүгээр зүйлд заасан “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох” гэмт хэргээс ялгагдана.

3.5. Гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай байдаг бол Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлд заасан “Зориуд худал мэдээлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бусдад хууль бусаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилготой байдгаар ялгагдана.

3.6. Доромжлох нь бодит байдалд нийцсэн байж болдгоороо гүтгэх гэмт хэргээс ялгагдах боловч уг үйлдлийг хийснээр хүний нэр төр, алдар хүнд гутаагддаг учир гэмт хэрэгт тооцогдоно.

3.7. Доромжилсон, эсхүл гүтгэсэн үйлдэл нь энэ хоёр гэмт хэргийн аль алиных нь шинжийг агуулж байгаа бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, давхар зүйлчилнэ.

3.8. Доромжлох гэмт хэргийн обьект нь тухайн хүний нэр төр, алдар хүнд байдаг тул хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан аливаа үйлдлийг доромжлох гэмт хэрэгт тооцохгүй.

 

ЕРӨНХИЙ ШYYГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

                      ШYYГЧ                                                   Б.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                           ШYYГЧ                                                   Б.ДОРЖГОТОВ