2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр                  Дугаар 26                                            Улаанбаатар хот

 

ХОРШООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

            Хоршооны тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

           Хоршооны тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилго” гэдэгт хоршоо хамтарсан үйл ажиллагааныхаа үр дүнгээр бүх гишүүдийнхээ ашиг сонирхол, шаардлагыг хангах явдлыг ойлгоно. 

            2. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “дундын хоршооны гишүүдийн  51-ээс доошгүй хувь нь хоршоо байна” гэж хоёр болон түүнээс дээш хоршоо нь аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хэлбэрийн хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулахаар бол тухайн дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байхыг хэлнэ. 

            3. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.8-д заасан “дүрэмд заасан үйл ажиллагаа” гэдэгт энэ зүйлийн 3.4.1-3.4.7-д туссан үйл ажиллагааны төрлүүдээс гадна хуулиар хориглоогүй бусад төрлийн үйл ажиллагаа хамаарах бөгөөд тэдгээрийн аль алиныг нь хоршооны дүрэмд заавал заасан байна гэж ойлгоно.

            4. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно” гэж заасны дагуу хоршоо энэ Хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан үйл ажиллагааны хоёроос дээш хэдэн ч төрлийн үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулах тохиолдолд үйл ажиллагаа тус бүрийг дүрэмд тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлэн, хуульд заасан тохиолдолд холбогдох зөвшөөрлийг авсан байвал зохино.

            5. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хоршооны “өөрийн эд хөрөнгө” гэдэгт Хуулийн 8 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэж, тухайн хоршооны санхүүгийн данс бүртгэлд тусгагдсан үндсэн ба эргэлтийн эд хөрөнгийг хамааруулна.

            Хоршооны эд хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо татварын байгууллагад хамгийн сүүлд гаргасан тайлан тэнцэл, түүнийг баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэнэ. Үндсэн болон эргэлтийн эд хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг хасаж, үлдэх үнийн дүнгээр хоршооны өөрийн эд хөрөнгийн хэмжээг тогтооно.

6. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна” гэдэг нь дүрэмд заасан үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг хариуцахад хоршооны өөрийн эд хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд түүний үүрэг, өр төлбөрийг хоршооны гишүүд нөхөж төлөхдөө гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болон бусадтай хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээр, хоршооны дүрэмд заасан бол тогтоосон хэмжээгээр, заагаагүй бол өөрт ногдох хэсгээр бүрэн хариуцлага хүлээхийг хэлнэ.

7. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дүрмээр зохицуулна” гэдэг нь хоршооны гишүүдийн нөхөх хариуцлагыг хязгаарлах эсэх, хязгаарлавал ямар үндэслэлээр хязгаарлахыг дүрэмд заавал тусгасан байхыг хэлнэ. Гишүүдийн хүлээх хариуцлагын хэмжээг хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээтэй харьцуулах, хоршоонд хөдөлмөрийн оролцоо, оюуны өмч нийлүүлсэн байдлыг харгалзах зэргээр гишүүдийн нөхөх хариуцлага хязгаартай байх эсэх асуудал хоршооны дүрэмд зааснаар зохицуулагдана.

8. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээнэ” гэж зааснаар тухайн хоршооны хадгаламж болон зээлийн харилцаанаас бий болсон үүргийг хоршоо өөрийн хөрөнгө болох гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, нөөц сан, хуваарилагдаагүй орлого, хандив, нийгмийн хөгжлийн сан, тухайн жилийн цэвэр ашгаар хариуцна.

Харин хоршооны мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгө тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй.

9. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “бэлэглэсэн хөрөнгө” гэж тухайн хоршооны өмчлөлд түүний гишүүн болон бусад этгээдээс Иргэний хуулийн 276, 277 дугаар зүйлд заасны дагуу тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлснийг ойлгоно.

Мөн зүйл, заалтын “хандивласан хөрөнгө” гэж тухайн хоршоонд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5, 276.6-д заасны дагуу тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэсэн байхыг хэлнэ.

10. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.8, 23.11-т заасан “гишүүдийн дийлэнх олонхийн саналаар” гэдгийг хоршооны хуралд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувийн саналаар гэж ойлгох бөгөөд харин Хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “дийлэнх олонх” гэдгийг хоршооны бүх гишүүдийн гуравны хоёр  гэж ойлгож хэрэглэнэ.

11. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “нэг хувийг буцаан олгоно” гэсний дагуу хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэглэлийг бүртгэлийн байгууллага хоршооны дүрэмд тусгаж, тэмдэглэл бүхий уг дүрмийн баталгаажуулсан хувийг хоршоонд өгнө.

12. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана” гэдэг нь хоршоог бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг Хоршооны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж бүртгэлийн байгууллага үзвэл улсын бүртгэлд бүртгэхэд саад болж буй холбогдох үндэслэлийг зааж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д зааснаар хоршоог бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргах ба энэ тухай шийдвэрийг баримт бичгийн хамт өргөдөл гаргагчид буцаан хүргүүлэхийг хэлнэ. 

13. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “нийтэд мэдээлнэ” гэдэг нь бүртгэх байгууллагаас хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай төв, орон нутгийн өдөр тутмын сонин, радио, телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл, түүнчлэн нийтэд хүртээлтэй бусад аргаар мэдээлсэн байхыг ойлгоно.

14. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хоршооны “үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн” гэдгийг хоршооноос явуулж байгаа үйл ажиллагаанд биечлэн оролцож, түүний үйлчилгээг өөрийн ахуй амьдралдаа ашиглах талаар хоршооны дүрмээр тогтоосон эрх, үүргийг зөвшөөрч, уг хоршооны үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүссэн үүргийг хоршоонд нийлүүлсэн эд хөрөнгөөрөө болон гэр бүлийн эд хөрөнгийн өөрт оногдох хэсгээр нөхөн төлөх чадвартай, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т зааснаар арван зургаан нас хүрсэн хүнийг хамааруулан ойлгоно.

15. Мөн зүйл заалтын “хоршоонд элсэнэ” гэдгийг энэ зүйлд заасан этгээд  хоршооны гишүүнээр элсэх хүсэл зоригийн илэрхийллээ өргөдөл хэлбэрээр гаргаж, түүний үндсэн дээр тухайн этгээдийг хоршоонд элсүүлэхээр хоршооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж,  хоршооны дүрэмд заасны дагуу энэ тухай шийдвэр гарснаар хоршоонд элссэн гэж үзнэ.

Гишүүнээр элссэн шийдвэр гарсан үеэс эхлэн хоршооны гишүүний эрх, үүрэг, тэдгээрийн дотор хоршооны үйл ажиллагаанд оролцох, хоршооны эд хөрөнгийн зохих хувийг өмчлөх эрх тус тус үүснэ.

16. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-д заасан “өрсөлдөгч бус хоршоо” гэж Хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан үйл ажиллагаанаас тухайн хоршоотой ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй хоршоог хэлнэ.

Харин ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, түүний үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа нь адилхан, нутаг дэвсгэрийн хувьд өрсөлдөөнд орох боломжтой хоршоог “тухайн хоршоотой өрсөлдөх хоршоо” гэнэ.

Хоршооны гишүүн нь өрсөлдөх хоршоог өөрөө байгуулсан, хувь хөрөнгө нийлүүлсэн, түүнээс хөрөнгө авч хоршоондоо нийлүүлсэн нь Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу түүнийг хоршооны гишүүнээс хасах үндэслэл болно.

17. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болох” гэж хоршооны гишүүн уг хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө болон бусад хөрөнгийг хоршооны жилийн ашгаас гишүүнд ногдох хувиас алдагдлыг хасч тооцсон хэмжээгээр өмчилж, тэдгээрийг хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу худалдах, бэлэглэх, хандивлах зэргээр захиран зарцуулах, хуваарилсан орлогоос хүртэх, өвлүүлэх зэрэг эрх эдлэхийг хэлнэ.

            18. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн” гэдэгт хоршооны гишүүн нь Хоршооны тухай хууль тогтоомжоор болон өөрийн хоршооны дүрэмд заасан үүргээ зөрчсөн явдлыг хамааруулна.

            Хоршооны гишүүн үүргээ зөрчсөнөөс тухайн хоршооны хэвийн үйл ажиллагаа алдагдсан, түүнд бага бус хэмжээний хохирол учирсан, явуулбал зохих үйлдвэрлэл үйлчилгээ тасалдсан, түүнчлэн тухайн гишүүний оролцоотойгоор явагддаг үйлдвэрлэл үйлчилгээг зогсоох буюу өөрчлөхөд хүргэсэн зэрэг үр дагавар бий болсон явдал нь түүнийг хоршооны гишүүнээс хасах үндэслэл болж болно.

            Түүнчлэн хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр түүнийг гишүүнээс хасах тухай тэргүүлэгчдийн сануулга авсны дараа уг зөрчлийг дахин гаргасан тохиолдолд Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу гишүүнийг хоршооны гишүүнээс хасна.

            19. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “хоршооны гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг бичгээр хийсэн гэрээний дагуу өөр гишүүнд хэдийд ч шилжүүлж болно” гэдгийг хоршооны гишүүн нь өөрийн оруулсан хувь хөрөнгөө бүрэн буюу зарим хэсгийг тухайн хоршооны бусад гишүүддээ бэлэглэх, худалдах, төлбөрт өгөх зэргээр бичгээр гэрээ байгуулах замаар шилжүүлж болно гэж ойлгоно. Харин тус хоршооны гишүүн бус этгээдэд шилжүүлэх асуудал энэ заалтад хамаарахгүй.

Хоршооны гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг гишүүн бус этгээдэд шилжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон бол тухайн этгээд Хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу уг хоршооны гишүүнээр элсэж, бүртгэх байгууллагад бүртгүүлсний дараа түүнд хоршооны гишүүн өөрийн хувь хөрөнгөө шилжүүлж болно.

            20. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “өв залгамжлагч нь хоёр түүнээс дээш байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл тэдгээр нь саналын нэг эрхтэй” гэдгийг хоршооны гишүүн нас барсны дараа түүний эд хөрөнгийн эрхийг өв залгамжлах хэд хэдэн этгээд байвал тэдгээрийн гишүүнчлэлийн асуудлыг хоршооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, уг шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлэх хүртэл хугацаанд өв залгамжлагчид саналын нэг эрхийг дундаа эдэлнэ гэж ойлгоно.

            21. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан “тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах” гэдгийг Хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

            22. Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан “гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэдэг нь хоршооны нийт гишүүдийн 33,3 хувиас доошгүй хувийн саналаар хурал зарласан байх бөгөөд уг саналд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгааныг зааж, уг санал гаргахад оролцсон гишүүн бүр гарын үсгээ зурсан баримт бичиг гарснаар хурлыг зарласанд тооцно. Мөн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах товыг тогтоож, хуралд хүрэлцэн ирэх боломжтой хугацааны өмнө зарласан саналыг бүх гишүүдэд хүргүүлсэн байна.

            23. Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан “бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулна” гэдэг нь хоршооны тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэсэн үндэслэлээр бүх гишүүдийн хурлыг хяналтын зөвлөлөөс зарласан, эсхүл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай гишүүдийн саналаар тавигдсан шаардлагыг биелүүлээгүй буюу саатуулсан тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхээр бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулахыг хэлнэ. Энэ хурлыг хоршооны нэг буюу хэд хэдэн гишүүн өөрсдийн сонгосон хугацаанд зарлах эрхтэй боловч гишүүд хуралдаа хүрэлцэн ирэх боломжийг харгалзах бөгөөд тухайн хугацаанд Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан 30 хоног хамаарахгүй. Хоршооны бүх гишүүдэд зарыг хүргүүлэх буюу албан ёсоор мэдэгдэнэ.

            Яаралтай зарлан хуралдуулсан бүх гишүүдийн хурал Хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хоршооны гишүүдийн дийлэнх олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно.

            24. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг тэдгээрийн олонхийн саналаар хэрэгжүүлнэ” гэдгийг хоршоог төлөөлөх эрх хамтын зарчимд үндэслэдэг тул тэргүүлэгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн саналаар албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд хэрэгжинэ гэж ойлгоно.

            25. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан “гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтооно” гэдэг нь хоршооны нэг гишүүнд олгох зээлийн хэмжээний дээд хязгаарыг заасан шийдвэр гаргахыг хэлнэ.

            26. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан “хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн” гэдэг нь хоршооны тэргүүлэгчид нь хууль, дүрэмд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж, хоршооны хариуцвал зохих үүрэг, төлбөрт үл хамаарах зүйлд хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн байхыг ойлгоно.

            27. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан “хоршоог төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэл бүрдүүлсэн” гэдэгт хоршооны тэргүүлэгчдээс хууль тогтоомж, хоршооны дүрэм зөрчиж гаргасан шийдвэр, үйл ажиллагаанаас хоршоонд бодитой хохирол учирсан, төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд энэ явдалд тэргүүлэгчид гэм буруутай болох нь тогтоогдсон байхыг хамааруулна.

            28. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасан “хоршооны хөрөнгөөс зээл олгосон” гэдгийг хоршооны тэргүүлэгчид нь хууль болон тухайн хоршооны дүрэмд заагдаагүй үндэслэлээр хоршооны хөрөнгөөс хоршооны гишүүн болон бусад этгээдэд зээл олгосон байхыг хэлнэ.

            29. Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан “хоршоог төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурна”, мөн зүйлийн 31.3-т заасан “гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулах” эрхийг хоршооны дарга хэрэгжүүлэхдээ Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, энэ тогтоолын 24 дэх заалтын дагуу гарсан хоршооны тэргүүлэгчдийн албан ёсны шийдвэрийг үндэслэнэ.

            30. Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан “хууль, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан” гэдэгт хоршоо нь Хоршооны тухай хууль тогтоомж, өөрийн дүрмээр тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зорилго, үйл ажиллагааныхаа төрлийг зөрчиж, түүнээс өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгоно.

            Хоршоо эрхлэх үйл ажиллагааныхаа төрлийг өөрчлөх, нэмэгдүүлэх болон  хорогдуулах, өөр төрлийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд Хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байвал зохино.

            31. Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсний “удаа дараа зөрчсөн” гэдгийг Монгол улсын хууль тогтоомжийг хоршоо нь гурав буюу түүнээс дээш зөрчсөнийг; “ноцтой зөрчсөн” гэдгийг хоршоо нь эд хөрөнгөө хуурамчаар бүрдүүлсэн, дүрэм, түүгээр тодорхойлсон зорилго нь Монгол улсын хууль тогтоомжид нийцээгүй, тусгай зөвшөөрөл шаардагдсан эсхүл хориотой үйлдвэрлэл, үйлчилгээг хууль бусаар эрхэлсэн, тайлан тэнцэл, санхүүгийн бүртгэлээ санаатай будлиантуулж, татвараас зайлсхийсэн, хүнсний аюулгүй байдал болон байгаль орчны аюулгүй байдлыг санаатай зөрчсөн буюу хууль, тогтоомжийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэд, бусад хуулийн этгээдэд их хэмжээний хохирол учруулсан ба учруулж болох байсан зэргийг ойлгох бөгөөд эдгээр нь хоршоог татан буулгах үндэслэл болно.

            32. Хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан “хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг нэмэгдүүлж үл болно” гэдгийг Хуулийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар хоршоог татан буулгах тухай шийдвэр гарсан үеэс хойш гишүүдийн заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг ямар нэгэн үндэслэлээр нэмэгдүүлж болохгүй гэж ойлгож хэрэглэнэ.

            33. Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан “хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөлд байгаа” гэдэгт татан буугдаж байгаа хоршооноос авах өр төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болон түүний төлөөлөгч нь өвчилсөн, хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан болон батлан хамгаалах, түүнчлэн иргэний үүргээ гүйцэтгэхээр дайчлагдсан, баривчлагдсан, хоригдсон эсхүл ял эдэлж байгаа, оршин суугаа газраасаа өөр газар удаан хугацаагаар явсан, байгалийн гэнэтийн аюул /гал, ус, газар хөдлөлт зэрэг/ учирсан, эсхүл халдварт өвчний хорио цээрийн дэглэм тогтоогдсон зэргээс шалтгаалан нэхэмжлэл гаргаагүйг хамааруулна.

            34. Хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан “төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн хөрөнгийг гишүүдэд хуваана” гэдгийг хоршоог татан буулгах явцад түүний үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжилсэн төлбөрийн талаар маргаантай бол маргааныг шүүх, арбитр шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болох хүртэл тухайн этгээдийн төлбөрийг төлөхөд хүрэлцэх хэсгийг тусгаарласны дараа үлдсэн хөрөнгийг гишүүдэд хуваана гэж ойлгоно.

            35. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан “эд хөрөнгийг хуваарилахыг хориглох, эсхүл хуваарилах харьцааг өөрөөр тогтоож болно” гэснийг хоршоог татан буулгахад үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа үлдсэн эд хөрөнгийг гишүүдэд хуваарилахдаа хоршооны жилийн орлогоос хувь хүртэх журам, заавал оруулах болон илүү оруулсан хувь хөрөнгө, хөдөлмөрийн оролцоо, түүний хэлбэр /эд хөрөнгө, бэлэн мөнгө, ажил үйлчилгээ, оюуны өмч/ зэргийг харгалзан зарим гишүүнд эд хөрөнгө хуваарилахыг хориглох буюу хуваарилах харьцааг хоршооны дүрэмд тухайлан тусгаж болно гэж ойлгоно.

            36. Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т заасан “дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан” гэдэгт Хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т болон өөрийн дүрэмд зааснаас, мөн улсын бүртгэлд бүртгүүлснээс өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулсан байхыг хэлнэ.

            Энэ тохиолдолд гэм буруутай этгээдэд шүүгч захиргааны шийтгэл ногдуулахдаа дүрэмд зааснаас өөр үйл ажиллагааг хэдэн удаа явуулсан, уг зөрчил нь байнгын шинжтэй эсэхийг үл харгалзан олсон орлогыг хурааж, хоршоог 100000-250000 төгрөг хүртэл торгоно.

            Уг үйл ажиллагааны улмаас Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасны дагуу хоршоог татан буулгаж байгаа бол түүнийг татан буулгах шийдвэр гаргасан шүүх уг захиргааны шийтгэлийг ногдуулна.

           37. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Хоршооны тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                                   А.ДОРЖГОТОВ