2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр                  Дугаар 25                                               Улаанбаатар хот

 

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

             Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг  удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

Боловсролын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

1. “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн үеэс боловсролын байгууллага нь хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байж болно.

Ашгийн төлөө бус боловсролын байгууллага ашгийн төлөө, ашгийн төлөө  боловсролын байгууллага ашгийн төлөө бус болж өөрчлөгдөн зохион байгуулагдах нь холбогдох хууль, тогтоомжид заасан журмаар зохицуулагдана.

2. Энэ хуульд заасан “үүсгэн байгуулагч” нь төр, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна. 

Боловсролын байгууллагыг төр, хуулийн этгээд, иргэн хамтран байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үүсгэн байгуулагчид нь хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гэрээг заавал байгуулна.

Хэд хэдэн этгээд боловсролын байгууллагыг үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагч тус бүр хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувийн чухам хэдэн хувийг эзэмшихээ гэрээндээ заавал тусгасан байвал зохино.

Үүсгэн байгуулагчийн эдлэх эрхийг бусдад шилжүүлэх, бүрэлдэхүүнд шинээр өөр этгээд нэмж оруулах, үүсгэн байгуулагчийг бүрэлдэхүүнээс гаргах тухай асуудлыг гэрээ болон дүрэмд заасны дагуу зохицуулна. 

3. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан “…5 жилийн хугацаагаар томилох…” тухай зохицуулалт нь “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхлэхээс өмнө захирлаар ажиллаж байсан этгээдэд хамаарахгүй.

Мөн зүйл, хэсэгт заасан “…энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно.” гэдгийг зөвхөн тухайн ажиллаж байгаа их сургууль, дээд сургууль, коллежийн захирлаар дахин томилогдох гэж ойлгоно.

Харин өөр их сургууль, дээд сургууль, коллежид захирлаар томилогдсоныг дахин нэг удаа хугацааг сунгасан гэж үзэхгүй.

Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн захирлыг томилох бүрд хугацааг 5 жил гэж ойлгох бөгөөд тухайн захирлын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад өөр их сургууль, дээд сургууль, коллежийн захирлаар томилсон тохиолдолд 5 жилийн хугацааг сүүлчийн томилогдсон хугацаанаас тооцно.

4. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “…улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль…” гэдэгт Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан ерөнхий боловсролын тусгай сургууль, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд тус тус хамаарна. 

5. Хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2, 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасан “…зөвшилцөн…” гэдгийг “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд зааснаар ойлгоно.  

6. Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “…төлөөлөл…”  гэдэгт багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн хурлын шийдвэрээр тухайн хамт олныг “сургууль болон цэцэрлэгийн зөвлөл”-д төлөөлөхөөр сонгогдсон этгээдийг;

мөн зүйлийн 35.2-т заасан “…тэдгээрийн хамт олны хурлаас…” гэдгийг багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөлөгчдийн тус тусын хурал гэж ойлговол зохино.  

7. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “…төлөөлөл…” гэдэгт үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн хурлаас тухайн хамт олныг төлөөлөхөөр “удирдах зөвлөл”-д сонгогдсон этгээдийг;  

мөн зүйлийн 36.3-т заасан “…багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас…” гэдгийг багш, суралцагчийн тус тусын хурал гэж ойлгоно.

8. Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан “…үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол…” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед 25 ба түүнээс дээш жил ажилласнаас сум, баг, тосгоны цэцэрлэг, сургуульд ажилласан нийт хугацааны нийлбэр нь дээрх газруудад тасралтгүй ажилласан эсэхээс үл хамааран 10 ба түүнээс дээш жил байхыг хэлнэ. 

Мөн зүйл, хэсэгт заасан “…ажиллаж байгаа байгууллагаас нь олгох…” гэдгийг   тэтгэмжийг тухайн этгээдийн тэтгэвэрт гарах үед ажиллаж байгаа байгууллага олгоно гэж ойлгоно.     

9. Мөн зүйлийн 43.1.5-д заасан “…нэмэгдэл цалин…” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50, 51 дүгээр зүйлд заасан нэмэгдэл хөлс, нэмэгдэл;

“…урамшил, бусад дэмжлэг…” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 27, 30, 31 дүгээр зүйлүүдэд заасан шагнал, урамшил, тусламж тус тус хамаарна.   

10. Мөн зүйлийн 43.1.6-д заасан “сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан бол…”  гэж тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр 5 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажилласныг хэлнэ. 

11. Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно.  

12. Мөн зүйлийн 43.1.6, 43.1.7-д заасан нэмэгдэл, мөнгөн тэтгэмжийг “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн үеэс тооцно. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ