2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр                                      Дугаар 14                              Улаанбаатар хот

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

            Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс  ТОГТООХ нь:

            1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

            1.1. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасан орлогын “техникийн …” гэдэгт шинэ технологи нэвтрүүлэх, хөдөлмөр, техникийн аюулгүй ажиллагааны болон үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнд мөрдөх хөдөлмөр зарцуулалтын норм, материал түүхий эдийн зарцуулалтын хэмжээг тооцож тогтоосон баримт бичгийг бэлтгэж боловсруулах, нийгэм эдийн засгийн судалгаа явуулах, аудитын үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах,  засвар үйлчилгээ, дээж сорьцын шинжилгээ хийх, инженер техникийн ажилтан, ажилчдыг сургах, дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэхтэй холбогдсон ажил, үйлчилгээнээс олсон орлогыг;

  “удирдлагын …” гэдэгт аж ахуйн үйл ажиллагаа /үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ/-г үр ашигтай хэвийн явуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж өөрийн мэргэжилтнийг гэрээгээр буюу харилцан тохиролцож ажиллуулсны үр дүнд олсон орлогыг;

“…зөвлөх …-ийн …” гэдэгт аж ахуйн нэгжид менежмент, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шатны талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулах зэрэг ажил, үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг тус тус хамааруулж ойлгоно.

            1.2. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан “…хүүгийн орлого…” гэдэгт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д заасан 10 хувийн албан татварыг суутгахгүйгээр бүртгэсэн орлогыг хэлнэ.

            1.3. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “…албан татвар төлөгчийн 1 жилээс дээш хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно…” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан хөнгөлөлтийг эдэлж байгаа аж ахуйн нэгжийн хувьд Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэхэд зориулсан элэгдэл байгуулах үндсэн хөрөнгийг данс, бүртгэлд бүртгэж, элэгдэл хорогдлын шимтгэл тооцно гэж ойлгож хэрэгжүүлнэ. 

            1.4. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “…өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт…” гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдан авах, хувь нийлүүлэх замаар тухайн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт, мөн эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр шилжүүлсэн мөнгө, бүх төрлийн эд хөрөнгө, эрх зэргийг хамааруулна.

            1.5. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан “…элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт …” гэдгийг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, өргөтгөх, шинэчлэхэд зориулсан орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх үндсэн хөрөнгөд хамаарах, тухайн аж ахуйн нэгжийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу бодиттой хийгдсэн хөрөнгө оруулалт гэж ойлгоно.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              С.БАТДЭЛГЭР

                        ШҮҮГЧ                                                                                   П.ЦЭЦГЭЭ