2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр                                      Дугаар 13                              Улаанбаатар хот

 

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

            Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:                     

            Нэг. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Суудлын автомашин” гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон Улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна.

            Жолоочийг оруулаад 9 ба түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай боловч нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд хамааруулаагүй, “Jeep”, “Station wagon” загварын автомашинууд суудлын автомашины ангилалд орно.             Хоёр. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Хос тэжээлт автомашин” гэдэгт дотоод шаталтын хөдөлгүүрээс гадна зай хураагуураас цэнэг авч цахилгаан эрчим хүчийг механик энерги болгон хувиргах цахилгаан хөдөлгүүртэй хосолмол ажиллагаа бүхий /гибрид/ автомашиныг ойлгоно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ