2015 оны 06 сарын 02

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 03 дугаар сарын 12-ны өдөр                                 Дугаар 11                                          Улаанбаатар хот

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН З

АРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, заалтыг дараах байдлаар тайлбарласугай.

1.1. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “…хөрөнгө оруулалт…” нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна.

1.2. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан “…техник…” гэдэгт газрын тосны хайгуул, өрөмдлөг хийх, цооног гаргах, олборлох, ашиглах зэрэг зориулалттай, тусгай тоноглол бүхий автомашин, өөрөө явагч машин хамаарна.

Мөн зүйл, хэсэгт заасан “...тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш” нь зөвхөн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулагдсан байвал зохино.

1.3. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан “хувийн...хэрэгцээ…” гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ;

”...ажиллагчдын хэрэгцээ…” гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарна.  

1.4. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т заасан “…эрх бүхий улсын байцаагч…” гэж хууль, тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон татварын улсын байцаагчийг хэлнэ. 

1.5. Мөн зүйлийн 17.1.2-т заасан “…төлбөл зохих албан татварын дүнгийн…” гэдгийг нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгийн гэж ойлгоно.

Мөн хэсгийн “…50 хувиас илүүгүй…” гэдгийг  50 болон түүнээс доош хувиар гэж   ойлгож хэрэглэнэ.  

1.6. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд татварын улсын байцаагч төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээс гадна

а. мөн зүйлийн 17.1.1-д заасан хүү;

б. торгууль тус тус  ногдуулна.

Харин нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс тооцох торгуульд  хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хүү орж тооцогдохгүй.

Торгуулийг нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр  болон түүнээс доош хэмжээгээр ногдуулна.

1.7. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3-т заасан торгуулийн хэмжээг тогтоохдоо зөрчлийн шинж, шалтгааныг харгалзан үзвэл зохино. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                           ШҮҮГЧ                                                   Л.АТАРЦЭЦЭГ