2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2012 оны 10 дугаар 23-ны өдөр                   Дугаар 09                                   Улаанбаатар хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Доржготов даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Идэр, Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа, намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнгөнзалаа, намын гишүүн нар оролцов.

Улсын Дээд шүүхэд гаргасан Монгол Консерватив Намын дарга Н.Дашдаваагийн хүсэлтэд: Монгол Консерватив нам нь 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монголын Үйлдвэрчний соёлын төв ордонд намын Анхдугаар их хурал, Анхдугаар бага хурлуудыг зохион байгуулсан билээ. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох материалуудыг бүрдүүлэн хүргүүлж байна. Монгол хүний аагтай байх хүсэлд тулгуурласан барууны чиглэлийн идеологи болох Монгол Консерватив онолыг үзэл баримтлалаа болгосон Монгол Консерватив намыг хуульд заасан хугацаанд бүртгэж биднийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэж байна.

Ардчилсан, барууны үзэл баримтлал бүхий Монгол Консерватив нам нь Монголын үнэт уламжлалд тулгуурласан улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг даяарчилсан дэлхийд хэрэгжүүлэх улс төрийн хүчин болох бөгөөд Монгол хүний хүчирхэг байх, хамтаар сайхан амьдрах хүслийг гол зорилгоо болгосон билээ. Монгол хүний сайн сайхны төлөө, Монголын ирээдүйн сайн сайхны төлөө, Монгол хүнийг Монгол газар нутагт нэг номер байлгахын төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан билээ. Иймд манай намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэв.    

Хүсэлтэд хавсаргасан баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж

 

ХЯНАВАЛ:

 

Хүсэлт гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хугацаанд буюу нам бүртгүүлэх тухай өргөдлөө Улсын Дээд шүүхэд үүсгэн байгуулах Их хурлаа хийснээс хойш 9 хоногийн дараа гаргасан байна.

Дээд шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолд заасан шаардлага, бүрдүүлбэрийг ханган, 2012 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр ирүүлсэн учир Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу хүсэлтийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзсэн болно.

Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан Монгол Консерватив нам өргөдөлдөө хавсарган ирүүлсэн баримтуудад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан  шаардлагатай мэдээллүүд бүрэн тусгагджээ.

Монгол Консерватив намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан агуулгатай болсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгээр тогтоосон хориглосон заалтуудыг зөрчөөгүй байна.

МКН-ын гишүүдийн бүртгэлээс үзэхэд гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан хязгаараас дээш байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй. 

“Монгол Консерватив Нам” гэсэн бүтэн, “МКН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзлээ.

Улс төрийн намын улсын бүртгэлд Монгол Консерватив Нам буюу МКН нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн шаардлагад харшлаагүй болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй тул Монгол Консерватив Намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Консерватив Намыг \МКН\ улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2. Монгол Консерватив Нам улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Монгол Консерватив Намд даалгасугай.

4. Монгол Консерватив Намыг \МКН\ улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй  дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.ДОРЖГОТОВ

                                                  ШҮҮГЧИД                                                                    Х.СОНИНБАЯР

                                                                                                                                       Д.ТУНГАЛАГ