2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр                        Дугаар 08                                                            Улаанбаатар хот

Дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд
бүртгэхээс татгалзах тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг даргалж, шүүгч Л.Бямбаа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай Монголын Ногоон намын хүсэлтийг 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ундраа, хүсэлт гаргасан талаас Д.Басандорж, О.Бум-Ялагч, Л.Сэлэнгэ нар оролцов.

Монголын Ногоон Нам Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Ногоон нам (МНН)-д үүсээд буй онцгой нөхцөл байдлын талаар аймаг, нийслэлийн салбар зөвлөл болон намын анхан шатны нэгжүүдийг төлөөлөн намын гишүүдээс гаргасан санал хүсэлт, шаардлагыг харгалзан үзэж намын ээлжит Их хурлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.1, 13.2.1, 13.3 дахь заалт болон МНН-ын дүрмийн 3.2.1, 3.2, 5.1 дэх заалтыг үндэслэл болгон Их хурлыг "Монголын Ногоон намын 2011 оны 06 дугаар сарын 18-ны "ээлжит Их хурал" гэж нэрлэн 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод зарлан хуралдуулсан болно.

Их хурлыг МНН-ын Улаанбаатар хотын салбар зөвлөл зохион байгуулан бэлтгэл ажлыг хангасан бөгөөд энэхүү Их хуралд оролцохоор 170 гишүүн сонгогдсоноос 150 төлөөлөгч мандат авч 146 нь хуралд төлөөлөгчөөр оролцсон болно.

МНН-ын 2011 оны 06 дугаар сарын 18-ны ээлжит Их хурлаас нийтдээ 11 тогтоол гарч МНН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан ба дүрмийн өөрчлөлтийн дагуу МНН-ын төлөөллийн төв байгууллага болон намын шинэ удирдлагуудыг Улс төрийн намын тухай хуулийн дагуу нууц санал хураалтаар сонгосон.

Иймд МНН-ын дүрмийн өөрчлөлтийн хүрээнд сонгогдсон шинэ удирдлага МНН-ын 2011 оны 06 дугаар сарын 18-ны ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын Дээд шүүхэд хандан тус Их хурлын холбогдох бүх материалын жагсаалт болон баримт бичиг, шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв.

Бид Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэн, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь улс төрийн намын эрхэм зорилго гэж үздэг бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг анхааран үзэж тус намын олон мянган гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзлэлийг харгалзан МНН-ын 2011 оны 06 дугаар сарын 18-ны ээлжит Их хурлын дүрмийн өөрчлөлтийг бүртгэн авна гэдэгт гүнээ найдаж байна.

Дүрмийн туг, билэгдэлтэй холбоотой заалт болон дүрмийн 2.2.3, 3.1.2, 3.2.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.4.4, 3.4.7, 3.5.1, 3.5.2, 3.5.3, 3.5.4, 3.6, 3.7 дахь хэсэгт нэмэт, өөрчлөлт оруулсан.

Зарим өөрчлөлтийг найруулгын шинжтэй хийсэн. Өмнө нь хэлэлцсэн асуудлаар тус бүр санал хураалгүй бүх заалтаар бүхэлд нь санал авсан. Санал 100 хувь байсан гэжээ.

Хүсэлтэд МНН-ын Улаанбаатар хотын салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 \01 тоот тогтоол, 1-3 дугаар хавсралтын хамт, Монголын Ногоон намын 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 дүгээр тогтоол, дүрэмд оруулсан өөрчлөлтийг тусгасан хувь болон шинэчлэгдсэн дүрэм, Монголын Ногоон намын мандатын комиссын 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн илтгэл, ээлжит Их хуралд оролцсон гишүүдийн нэрсийн жагсаалт, МНН-ын 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит Их хурлын протокол, МНН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, МНН-ын Баянзүрх дүүргийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар албан тоот, МНН-ын Баянгол дүүргийн Ногоон намын 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, Орхон аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 009 дугаар албан бичиг, МНН-ын Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот албан бичиг, Архангай аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Сүхбаатар аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот албан бичиг, Дорноговь аймгийн салбар зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Баянхонгор аймгийн салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, МНН-ын гишүүдээс Улсын Дээд шүүхэд гаргасан 95 хуудас өргөдөл, Ээлжит Их Хурлын үйл ажиллагааны тухай 6 ш. фото зураг, хурлын бичлэг \DVD 1 ширхэг\, төлөөлөгчийн мандатын загварыг хавсаргаж шүүхэд ирүүлснээс өөр баримт ирүүлээгүй болохыг хүсэлт гаргасан тал зөвшөөрсөн болно.

 

ХЯНАВАЛ:

Монголын Ногоон нам 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит Их хурлаар намын дүрмийн 2.2.3, 3.1.2, 3.2.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.4.4, 3.4.7, 3.5.1, 3.5.2, 3.5.3, 3.5.4, 3.6, 3.7 дахь заалт болон намын туг, билэгдэлийн талаар өөрчлөлт оруулсныг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Шүүхэд гаргасан хүсэлт, хавсаргаж ирүүлсэн баримтыг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын хамт хэлэлцвэл Монголын Ногоон Намын дүрмэнд 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ээлжит Их хурлаар оруулсан гэх өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1/ Монголын Ногоон Намын 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулсан гэх боловч уг хуралдаан Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх Монголын Ногоон намын ээлжит Их хурлыг тус намын дүрмийн 3.2.1, 3.6.1, 3.6.2-т заасан журмын дагуу хуралдуулсныг нотлох баримтыг   хүсэлт гаргагч шүүхэд ирүүлээгүй байна.

2/ Монголын Ногоон нам 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит Их хурлаар Монголын Ногоон Намын дүрмийн 2.2.3, 3.1.2, 3.2.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.4.4, 3.4.7, 3.5.1, 3.5.2, 3.5.3, 3.5.4, 3.6, 3.7 болон намын туг, билэгдэлийн талаархи заалтад өөрчлөлт оруулсан гэх боловч 3.1.2, 3.4.4, 3.4.7, 3.5.4, 3.6, 3.7-н заалтын өөрчлөлтийг танилцуулсан эсэх, энэ талаар ээлжит Их хурлаар хэлэлцсэн эсэх нь Монголын Ногоон Намын ээлжит Их хурлын 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Иймд эдгээр өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, Монголын Ногоон намын дүрмийн 3.2.3 дахь заалтыг зөрчнө.

3/ 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит Их хурлаар Монголын Ногоон Намын дүрмэнд өөрчлөлт оруулснаас бусад, зарим заалтууд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дүрмээс өөрөөр бичигдсэн байна.

Тухайлбал, Монголын Ногоон намын Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн 2.1.4-т "баримтаар батлагдсан"., 2.2.1-т "эрхийг эдэлнэ"., 2.2.2 болон 2.2.4-т "эрхтэй"., 3.2.3-т "чөлөөлөх" мөн "Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх"., 3.3.2-т "ээлжит"., 3.4.1-т "намд гарсан", "асуудлыг маргагч талуудын зүгээс бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн" 4.5-т "улс төрийн" ., 5.6-д "санал санаачлагыг" гэсэн үг байхгүй байхад шүүхэд ирүүлсэн дүрмэнд эдгээр үгийг нэмж бичсэн байна. Мөн 3.1.2, 3.4.2 дахь хэсгийн заалтын дараалал, түүнчлэн 3.3.3, 3.4, 3.5.2-ын дугаарын дарааллыг өөрчилснөөс гадна 3.2.3-ын "Намын дүрэм, ёс зүйн хороог байгуулах, дүрмийг батлах" гэснийг "Намын дүрэм, ёс зүйн хороог байгуулах" гэх зэргээр зөрүүтэй бичигджээ.

Монголын Ногоон Намын дүрмийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс өөр байдлаар бичиж ирүүлсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг зөрчиж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Монголын Ногоон намын дүрэмд 2011 оны 06 дугаар сарын 18-ны ээлжит Их хурлаар оруулсан гэх нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                                       Л.БЯМБАА

                                                                                                   Б.УНДРАХ