2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2012 оны 04 дүгээр 06-ны өдөр                        Дугаар 04                                                   Улаанбаатар хот

                    

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Тунгалаг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Л.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч намыг төлөөлж намын дарга Б.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр, Тамгын газрын дарга Л.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах И.Амартөгс нар оролцов.

Монголын Уламжлалын Нэгдсэн Намын Тамгын газрын дарга Л.Жаргалсайханы гарын үсэгтэй, намын даргыг шинээр сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Намын 5 дугаар Их хурал 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монголын хүүхдийн ордонд хуралдсан бөгөөд Их хурлаас намын даргыг сонгосон тогтоол, УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлэх бүрэн эрхийг намын улс төрийн Ерөнхий зөвлөлд шилжүүлсэн тогтоол гарсныг бүртгэж өгнө үү” гэжээ

Хүсэлтэд МУНН-ын ээлжит Их хурлын өдрийг товлох тухай тэргүүлэгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1 дүгээр тогтоол, намын Их хурлыг хуралдуулах тухай МУНН-ын УТЕЗ-ийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоол, МУНН-ын 5 дугаар Их хурлын протокол, тооллогын комиссын тогтоол, Их хурлын 1, 2 дугаар тогтоол, намын даргаар сонгогдсон Б.Батболдын иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг тусгасан тодорхойлолт зэрэг нийт 16 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж

 

ХЯНАВАЛ:

 

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам ээлжит 5 дугаар Их Хурлаа намынхаа дүрмийн 3.2.1., 3.2.4.-т заасны дагуу хуралдуулж, бүрэн эрхийнхээ хүрээнд намын даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

МУНН-ын даргаар ажиллаж байсан ... н.Хүрэлбаатар өөрийн хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлөгдсөн тул намын ээлжит Их хурал хуралдах хүртэлх хугацаанд түүний ажлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэж байжээ.

МУНН-ын 5 дугаар Их хурлын 303 төлөөлөгч нууц санал хураалт явуулж, намын даргад нэр дэвшсэн 3 хүнээс Б.Батболд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 80,7% санал авч намын даргаар сонгогдсон болох нь хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогджээ.

МУНН-ын Их хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн болон санал хураасан явц хууль болон МУНН-ын дүрмийн зохицуулалтад нийцсэн байх тул намын шинээр сонгогдсон даргыг намын бүртгэлд тусгах боломжтой гэж үзлээ.

Харин тухайн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлэх явдал нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7., Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд улсын бүртгэлийн асуудалд хамааралгүй болно. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11., 11.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монголын Уламжлалын Нэгдсэн Намын ээлжит 5 дугаар Их хурлаар намын даргаар Батдэлгэрийн Батболд /иргэний үнэмлэхийн дугаар УБ0581378, РД:ЧЗ 364030318/ сонгогдсон болохыг улсын бүртгэлд  бүртгэсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Д.ТУНГАЛАГ  

                             ШҮҮГЧ                                                       Л.БЯМБАА

                                                                                                Ц.АМАРСАЙХАН