2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 12 дугаар 05-ны өдөр                        Дугаар 14                                                   Улаанбаатар хот

                    

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Доржготов даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Л.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч талыг төлөөлж намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнхцэлмэг, Ч.Содхүү, Хяналтын зөвлөлийн гишүүн О.Наранлхам, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах И.Амартөгс нар оролцов.

Улс төрийн намыг бүртгүүлэх талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Дээд шүүхэд гаргасан Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Энхбаярын гарын үсэг бүхий хүсэлтэд “Хөдөлмөрийн Үндэсний Нам нь ард түмнийхээ түүх, соёл, зан заншлын үнэт зүйлийг нандигнан, сайн сайхан уламжлал, ёс суртахууны эрхэм чанарыг уламжлан өвлүүлэх, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийг эрхэмлэж, тэгш байдлыг хангах, Монгол хүний тогтвортой, найдвартай, эрсдэлгүй ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхлыг тууштай хамгаалах, тэдний амьдралын түвшинг эрс дээшлүүлэх, нийгмийн дэвшлийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж, үүсгэн байгуулагдсан билээ. Иймд манай намыг бүртгэж өгнө үү?” гэжээ.

Хүсэлтэд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намыг үүсгэн байгуулсан хурлын тогтоол, тэмдэглэл, санал хураалтын хуудас, гишүүдийн бүртгэл бүхий нийт 208 хуудас баримт, материал ирүүлжээ. 

Улсын Дээд шүүх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байжээ. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шүүхийн дээрх ажиллагаа хуульд харшлаагүй, зохих журмын дагуу явагдсан байна.   

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч талаас намын дүрэм, мөрийн хөтөлбөр, гишүүнчлэл, нэр, бэлэгдэл, далбаа болон бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлбар гаргав.

Хүсэлтэд хавсрагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

 

ХЯНАВАЛ:

 

Хүсэлт гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан хугацаанд нам бүртгүүлэх тухай өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргажээ.

Нам бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан мэдээлэл бүрэн тусгагдсан ба Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан бүртгэлд шаардлагатай баримт бичиг бүрджээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан агуулгатай болсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгээр тогтоосон хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй байна.

Намын гишүүдийн тоо Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан хязгаараас дээш байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй байна. 

“Хөдөлмөрийн Үндэсний Нам” гэсэн бүтэн, “ХөҮН” гэсэн товчилсон нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзлээ.

Улс төрийн намын улсын бүртгэлд Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХөҮН нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсгийг шаардлагад харшлаагүй болно.

Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан үндэслэл бүрдээгүй тул Хөдөлмөрийн Үндэсний Намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6., 17 дугаар зүйлийн 17.1., 17.2., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн Үндэсний Намыг /ХөҮН/ улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2.Хөдөлмөрийн Үндэсний Нам улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Хөдөлмөрийн Үндэсний Намд даалгасугай.

4.Хөдөлмөрийн Үндэсний Намыг /ХөҮН/ улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.ДОРЖГОТОВ  

                          ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН

                                                                                                  Л.БЯМБАА