2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр                           Дугаар 10                                         Улаанбаатар хот                    

Дүрмийн болон нэрийн өөрчлөлтийг
улсын бүртгэлд бүртгэх тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Тунгалаг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, А.Доржготов нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг болон нам нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч намыг төлөөлж намын дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах И.Амартөгс нар оролцов.

Үндэсний Шинэ Намын дарга М.Энхсайханы гарын үсэгтэй, намын дүрэмд орсон өөрчлөлт, нам нэрээ өөрчилснийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Үндэсний Шинэ Намын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан 3 дугаар Их Хурлаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, намын Их Хурлын чөлөөт цагт бүгд хурлын баталсан дүрмийн өөрчлөлтийг ёсчлон баталж, намын даргыг шинээр сонгож, намын нэрийг өөрчилсөн шийдвэр гаргалаа. Улс төрийн намын тухай хуулийн дагуу дээрх өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү?” гэжээ

Хүсэлтэд нэмэлт, өөрчлөлт орсон намын дүрэм, Намын Их Хурлын 12 тогтоол, хавсралтуудын хамт, намын шинэ нэрийн бүтэн болон товчилсон хэлбэрийг тусгасан Монгол Үндэсний Ардчилсан Намын дүрэм, Үндэсний шинэ намын 3 дугаар Их Хурлын тэмдэглэл, 9 дүгээр Бүгд хурлын тогтоолууд, мандатын комиссын илтгэл, тооллогын комиссын тогтоол, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа зэрэг нийт 46 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцэж

 

ХЯНАВАЛ:

 

Үндэсний Шинэ Намын дүрмийн 7, 8, 9, 11, 12 дугаар зүйлүүдэд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Yндсэн хууль, Улс төрийн намын тухай хуультай нийцэж байх тул Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж үзлээ.

Үндэсний шинэ нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/ болгож өөрчилсөн нь Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т зааснаар “намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байх”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна. Монгол Үндэсний Ардчилсан нам гэсэн нэртэй улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас тодорхойлжээ.

Түүнчлэн улсын бүртгэлд бүртгэлтэй намуудын дотор МҮАН гэх бичвэртэй  товчилсон нэр бүхий нам байхгүй байна.

Улсын Дээд шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэгдэж байсан Монголын Үндэсний Ардчилсан Нам нь Ардчилсан намтай нийлснээр Дээд шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор үйл ажиллагаагаа зогсоосон ба энэ үеэс хойш өнгөрсөн 11 жилийн хугацаанд тухайн намын нэрийг дахин болон үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гараагүй байна.

Улс төрийн намын тухай хуульд нам өөр намд нэгдэх, эсхүл өөр намтай нийлэх журмаар үйл ажиллагаагаа зогсоосон бол тухайн намын нэрийг өөр нам дахин хэрэглэхийг хориглосон заалт байхгүй тул Монголын Үндэсний Ардчилсан Намын бүтэн болон товчилсон нэрийг өөр нам дахин хэрэглэх нь хууль зөрчихгүй болно.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэгдсэн Үндэсний Шинэ Нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон өөрчилсөн нь 2000 онд үйл ажиллагаагаа зогсоосон Монголын Үндэсний Ардчилсан Намын нэрийг үргэлжлүүлэн хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д заасан шаардлага зөрчигдөөгүй байна.

Үндэсний Шинэ Намын дүрэм, мөрийн хөтөлбөр Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилго агуулаагүй тул уг намын улс төрийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлийг Улсын Дээд шүүх 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталгаажуулжээ.

Үндэсний Шинэ Нам нь нэрээ өөрчлөхдөө намын зорилго, үйл ажиллагааныхаа зарчмыг өөрчлөөгүй тул Монгол Үндэсний Ардчилсан Нам гэсэн нэрийг сонгосноор дээрх зарчмуудыг зөрчөөгүй ба намын шинэ нэр Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан шаардлагад харшлаагүй гэж үзнэ.      

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Үндэсний Шинэ Намын дүрмийн 7, 8, 9, 11, 12 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт, өөрчлөн найруулгыг болон нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд тус тус бүртгэсүгэй.

2.Монгол Үндэсний Ардчилсан намд дүрэм, мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧИД                                                       А.ДОРЖГОТОВ

                                                                                                         Ц.АМАРСАЙХАН