2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр                            Дугаар 01                              Улаанбаатар хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Л.Бямбаа, Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Бямбаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хөдөлмөрийн Үндэсний намын төлөөлөгч Т.Энхбаяр, А.Пүрэвдулам, Ц.Ууганбадрах, Б.Мөнхцэцэг, Н.Болорцэцэг, нарийн бичгийн дарга М.Баясгалан нар оролцов.

Хөдөлмөрийн Үндэсний нам Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө: Хөдөлмөрийн Үндэсний нам нь ард түмнийхээ түүх, хэл, соёл, зан заншлын үнэт зүйлийг нандигнан сайн сайхан уламжлал, ёс суртахууны эрхэм чанарыг уламжлан өвлүүлэх, Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийг эрхэмлэж, тэгш байдлыг хангах, Монгол хүнийг тогтвортой, найдвартай, эрсдэлгүй ажлын байраар хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой ашиг сонирхлыг тууштай хамгаалах, тэдний амьдарлын түвшинг эрс дээшлүүлэх, нийгмийн дэвшлийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу сайн дураар эвлэлдэн нэгдэж үүсгэн байгуулагдсан билээ.Иймд манай намыг бүртгэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Т.Энхбаярын өргөдөл, холбогдох баримт бичгийг хянаж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1., 3.6., 8 дугаар зүйлийн 8.2., 8.3., 8.4., 9 дүгээр зүйлийн 9.3.7., 11 дүгээр зүйлийн 11.2.3., 12 дугаар зүйлийн 12.1., 13 дугаар зүйлийн 13.2.1., 16 дугаар 16.2.2., 18 дугаар зүйлийн 18.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Үүнд:

Нэг. Хөдөлмөрийн Үндэсний намын Их Хурлаар намын дүрэм, хөтөлбөрийг хэлэлцээгүй байна.

Хөдөлмөрийн Үндэсний намын Их Хурлыг 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахдаа намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрийн загварыг шууд батлах саналыг гарган, хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан талаар тэмдэглэлд тусгагджээ. Иймд намын гишүүдээр намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлэхгүйгээр шууд баталгаажуулсан үйл баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. дэх заалтыг зөрчжээ.

Мөн намын гишүүний эрх, үүрэг, намын гишүүнд элсэх болон гарах, шийтгэл ногдуулах зэрэг асуудал нь Улс төрийн намын тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Тухайлбал: Намын гишүүний бүрэн эрхэд хамааралтай гишүүнээс чөлөөлөх, чөлөөлөгдөх, гарах, хасах, бүрэн эрх нь дуусгавар болох зэрэг асуудлыг намын дүрэмд тусгахдаа түүний агуулга,үндэслэлүүдийн ялгаа заагийг тодорхой заагаагүй байна /дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3., 5.5., 5.6., 8 дугаар зүйлийн 8.5., 8.6. дахь хэсэг/.

Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т “Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно…” гэж заасныг зөрчиж, дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.-д хандив өгөх асуудлыг намын гишүүний хүлээх үүрэг болгожээ.

Мөн намын гишүүнд ногдуулах шийтгэлийн төрөлд Улс төрийн болон намын албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байхаар тусгасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх үзэл баримтлалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн Үндэсний намын анхдугаар Их Хуралд 29 төлөөлөгч оролцсон талаар хурлын тэмдэглэлд тусгагджээ.

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдэх” шаардлагыг хангаагүй байна. Нам үүсгэн байгуулах хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгосон нь тодорхойгүйгээс намын нийт гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг боловсруулан гаргаж, баталгаажуулсан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.-д заасан “намын үйл ажиллагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах” шаардлагыг зөрчиж, Хөдөлмөрийн Үндэсний намын анхан шатны байгууллагыг аж ахуй нэгж, албан байгууллагын дэргэд байгуулахаар заасан нь буруу байна /дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4./.

Хоёр. Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүний бүртгэлд гишүүний овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхний  болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг зэрэг бүртгэгдвэл зохих мэдээлэл  бүрэн тусгагдаагүй байна.

Гишүүдийн бүртгэлд нийт 1000 хүн бүртгэгдсэнээс 142 хүний буюу 14.2 хувийн иргэний үнэмлэхний болон регистрийн  дугаар бичигдээгүй, 42 хүн буюу 4.2 хувь нь 18 буюу сонгуулийн насанд хүрээгүй, 10 хүн буюу 1 хувь нь бусад намын гишүүнчлэлтэй, 186 хүний буюу 18.6 хувь нь оршин суугаа хаяг нь огт бичигдээгүй буюу тодорхойгүй зэрэг нийт 380 хүний бүртгэл зөрчилтэй болсноор Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан 801-ээс доошгүй гишүүний бүртгэл байх шаардлага хангагдаагүй байна.

Хөдөлмөрийн Үндэсний намын мөрийн хөтөлбөрийг зөвхөн 1012 онд хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх бөгөөд тухайн хөтөлбөртөө Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг аваад Америк, Канад, Япон, Англи, Герман зэрэг улс орнуудын Их дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах, Австрали, Канадын үүлдрийн, гарц сайтай сүүний чиглэлийн үнээг монголын малтай үржилд оруулж, сүүний гарцыг хоёр дахин нэмэгдүүлэх зэргээр улс орны эдийн засгийн хөгжлийн төлөвтэй холбогдох асуудлыг намын бодлого, үзэл баримтлалын хүрээнд бус гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд нам зохион байгуулан гүйцэтгэхээр тусгасныг нягтлан үзэхийн зэрэгцээ уг мөрийн хөтөлбөрөө намын нийт гишүүдээр хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзнэ.

Мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бусад баримт бичгийг боловсруулахдаа үгийн утга, агуулгын болон нэр томьёог зөв хэрэглэх, монгол хэлний найруулга, дүрмийн талаас  нь анхаарвал  зохино.

Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3., 10.1.6., 10.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн Үндэсний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Ц.АМАРСАЙХАН

                          ШҮҮГЧИД                                                                 Д.ТУНГАЛАГ

                                                                                                            Л.БЯМБАА