2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                    Дугаар 05                                         Улаанбаатар хот 

                           

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Л.Бямбаа, Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Бямбаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баясгалан, Иргэний Зориг-Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат,  Монголын Иргэний Зориг Ногоон намын дэд дарга Э.Зоригт, Иргэний Зориг намын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, Иргэний Зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Ганхүү болон тус намын холбогдох гишүүд оролцов. 

Иргэний Зориг-Ногоон намын дарга Д.Энхбат Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө: 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монголын Ногоон намын 9 дүгээр Их хурал, Иргэний Зориг намын ээлжит бус 7 дугаар Их хурал тус тус хуралдсан. Эдгээр Их хурлаас Иргэний хуулийн 31.3, Улс төрийн намын тухай хуулийн 13.2.3, 15.2, Иргэний Зориг намын дүрмийн 19.1.6, Монголын Ногоон намын дүрмийн 3.2.3-ыг тус тус үндэслэн Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар намыг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.-д өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийн холбогдох бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргахаар заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 19.2.1., 19.2.2.-т заасны дагуу Монголын Ногоон намыг  Иргэний Зориг намд  намд нэгтгэх замаар намыг өөрчлөн байгуулагдсан тухай үүрэг гүйцэтгүүлэгчдэд 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Үндэсний шуудан, Улс төрийн тойм, Өдрийн сониноор дамжуулан мэдээлж, тус намын эрх үүргийг залгамжлан хариуцах тухай шилжүүлэх актыг өргөдөлд хавсаргаж байна. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу тус намыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн Иргэний Зориг-Ногоон намын дарга Д.Энхбатын өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.,15.7., 15.8., 23.1. дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Үүнд:

1. Иргэний Зориг намын ээлжит бус 7 дугаар Их хурал дүрэмд заасан журмын дагуу хуралдсан эсэх нь тодорхойгүйгээс тус Их хурлаас Монголын Ногоон намтай нэгдэх талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал: Иргэний Зориг намын дүрмийн 18.4.-т зааснаар Үндэсний хорооны дөрөвний гурваас дээш хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болохоор байна.

Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус хурлын товыг Улс төрийн Зөвлөл хэрхэн тогтоосон, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар гишүүдэд мэдэгдсэн болон төлөөлөгчдийн тоог тогтоож, хуралд оролцуулсан байдал, Үндэсний хорооны хурлаас гаргасан шийдвэр зэрэг  баримтуудыг шүүхэд ирүүлээгүйгээс намын дүрмийн 18, 19, 20, 21 дүгээр заалтыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

2. Монголын Ногоон намын ээлжит 9 дүгээр Их хурлыг хуралдуулахаар тогтоосон шийдвэргүйгээс тухайн хурлыг намын дүрмийн дагуу явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Намын дүрэмд заагдсанаар Ногоон намын Бага хурлын гишүүдийн дийлэнх гишүүд буюу гуравны хоёрын санаачилгаар  ээлжит бус намын Их хурлыг хуралдуулах эрхтэй ажээ. Мөн намын дүрмийн заалтаар намын Их хурлыг 4 жилд нэгээс доошгүй удаа, намын ээлжит бус Их хурлыг намын Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр хуралдуулж болохоор тус тус заажээ. Монголын Ногоон нам Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн материалаас үзвэл тус намын 7 дугаар Их хурал 2008 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан, мөн намын 8 дугаар Их хурал хуралдсан мэдээлэлгүй байхад намын ээлжит 9 дүгээр Их хурлыг 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан нь Их хурал хуралдах цаг хугацааны хувьд ч зөрүүтэйн дээр холбогдох баримтгүйгээс намын ээлжит Их хурал хуралдсан гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

Монголын Ногоон намын 9 дүгээр Их хурлын 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Монголын Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, Иргэний Зориг намд нэгтгэх замаар тус намыг өөрчлөн байгуулахаар шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ.” гэж заажээ. Иймд Монголын Ногоон намын үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоох шаардлагатай бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар нам үйл ажиллагаагаа зогсоохоор эрх барих дээд байгууллагын шийдвэр гарсан бол ажлын 5 өдөрт багтаан Улсын Дээд шүүхэд бичгээр мэдэгдэж, Улсын Дээд шүүх уг намыг бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх ажиллагаа явуулах учиртай. Уг ажиллагаа хийгдээгүй нөхцөлд Монголын Ногоон намыг Иргэний Зориг намтай нэгтгэх тухай шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Монголын Ногоон намын Бага хурлын зарим гишүүд, Улаанбаатар хотын салбар зөвлөлөөс Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх асуудлаар Улсын Дээд шүүхэд удаа дараа хандаж гаргасан хүсэлт, өргөдөл, саналууд нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9.-д зааснаар намын дүрмийн дагуу дотооддоо шийдвэрлэх асуудал болно.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6., 10.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монголын Ногоон намыг Иргэний Зориг намтай нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсугай.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ц.АМАРСАЙХАН

     ШҮҮГЧИД                                                              Д.ТУНГАЛАГ

                                                                                    Л.БЯМБАА